Technosphere товхимол: Дугаар 53

Технологийн мэдээллийн 7 хоног тутмын newsletter

AI технологийн эргэн тойронд

Microsoft Copilot + vision + voice

Ердөө 3 хоногийн өмнө Microsoft компани Copilot ухаалаг туслах нь vision буюу визуаль дүрст өгөгдөл боловсруулах, мөн voice буюу дуу хоолойгоор харилцах чадвартай болсныг зарлалаа. Хэрэглэгч 4 төрлийн дуу хоолойноос сонгож, чатботтой шууд ярилцах боломжтой болжээ. Мөн саяхан гарсан OpenAI o1 модель шиг асуултыг сайн бодож хариулах, chain-of-thought технологид суурилсан Think Deeper үйлдэлтэй болсон, хэрэглэгчийнхээ хувийн сонирхол, хэрэгцээг илүү сайн ойлгож, хариултууд, үйлдлүүдээ ч илүү personalized байдлаар өгөх чадвартай болсон гэж Microsoft AI компанийн захирал Мустафа Сулейман мэдээлсэн байна. Жишээ нь би энэ хоёр хотын аль руу нь нүүж амьдарвал илүү дээр вэ гэсэн асуултад хариулахын тулд хүн нилээн бодож, харьцуулалт хийж байж хариулах хэрэгтэй болдог шиг AI ч мөн хэсэг хугацаанд бодолхийлж, боломжит хариултуудыг цэгнэж үзсэнийхээ дараа хариулна гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Одоогоор энэ шинэ нэмэлтүүд нь Copilot+ компьютерууд болон Windows 11 үйлдлийн систем дээр ажиллах боломжтойгоор гарна гэнэ.

Google-н инженерүүд OpenAI-г гүйцэж түрүүлэх үү?

Сүүлийн хэдэн сар AI технологийн орчинд болж өрнөж буй өөрчлөлтүүдийг анзаарч байгаа бол AI технологийн компаниуд хөгжүүлсэн LLM(large language model)-үүдээ зүгээр л нэг сургагдсан өгөгдөл дундаас хариулт бичиж өгдөг “лавлах” биш, харин хүн шиг бодож сэтгэдэг, учир шалтгаанд суурилсан хариулт өгдөг болгох тал дээр түлхүү ажиллах болов. Үүний нэг жишээ нь OpenAI-н сүүлд гаргасан o1 модель бөгөөд асуултад хариулахаасаа өмнө бодож болгоох, учир шалтгааны холбоосыг ойлгох, нарийн төвөгтэй асуултуудад хүнээс хурдан хариулах чадвартай болсон гэж бид мэдээлсэн билээ. Тэгвэл Google ч бас тэднээс дутахгүй гэдгээ харуулж, chain-of-thought (Монголоор бодлын хэлхээ нтр гэмээр ч юм уу) технологи дээр суурилсан AI модель хөгжүүлж байгаа гэдгээ мэдэгдлээ. Энэ нь хүнтэй адилхан дэс дараалалтай, логиктой бодож, математикийн хэцүү бодлогууд, програмчлалын даалгаврууд, төвөгтэй асуултуудад хариулт өгөхийн өмнө хэд хэдэн хариултын хувилбар гаргаж ирээд, харьцуулалт хийж, хамгийн оновчтой гэсэн хариултаа сонгох чадвартай болсон нь томоохон дэвшил юм. Жилийн өмнө л OpenAI болон Google-ийн AI технологи хөгжүүлэлтийн түвшин хоорондоо нилээн зайтай байсан бол одоо дээрх мэдэгдлээс харахад Google бас энэ чиглэлд “үзээтэй” байгаа гэдэг нь харагдаж байна.

Маргаан дагуулаад байсан AI технологийн хяналтын хуульд Калифорнийн амбан захирагч хориг тавьжээ.

Тус мужийн захирагч Гэвин Ньюсом нь мужийн сенатаас баталсан S.B. 1047 буюу AI Технологийн аюулгүй байдлыг хангах тухай хуульд хориг тавив. Хуулийн хамгийн их маргаан дагуулсан заалтууд нь тус мужид байрлах Цахиурын хөндийн технологийн компаниудад хамаатай бөгөөд шинээр AI модель олон нийтэд гаргахын өмнө хөндлөнгийн хяналт, аюулгүй байдлын шалгалт хийлгэх, хэрэв AI технологи ашиглан бусдад хохирол учруулсан бол хөгжүүлсэн компанид нь өндөр торгууль (500 сая доллар гээгүй байгаа даа?) оногдуулах зэрэг “сонирхолтой“ зохицуулалтууд яригдаж байсан юм. Тийм ч учраас уг хуулийн эсрэг OpenAI, Google, технологийн салбарт хөрөнгө оруулагч бизнесмэнүүд, Нэнси Пелоси зэрэг нөлөө бүхий улстөрчид лобби хийж, инноваци, технологийн дэвшлийг боомилох гэж байна хэмээн эсэргүүцсэн билээ. Нэг талд ийнхүү AI технологиор “хоолоо олж иддэг” хүмүүс нь гарсан бол нөгөө талд AI гарч ирснээр ажлаа алдах магадлалтай болсон Холливудын 150 гаруй уран бүтээлч, AI технологийн загалмайлсан эцэг хочит Жефри Хинтон нараас гадна Илон Маск, хамгийн сонирхолтой нь Anthropic (AI технологи хөгжүүлэгчид шүү дээ аль аль нь ) компани дээрх хуулийг гаргахыг дэмжиж байв. Мужийн захирагч шийдвэрээ тайлбарлахдаа “санаа нь зөв ч хуулийн агуулга дунд алдаатай зүйлс бас байгаа тул технологийн мэргэжилтнүүдтэй ахин нэг санал солилцох шаардлагатай байна“ гэжээ. АНУ-ын холбооны засаг захиргаа AI технологийг хуулиар зохицуулах тал дээр бага зэрэг удаашралтай яваа бол Калифорни мужид энэ технологийг түүчээлэгчид нь байрлаж ажилладаг бас нөгөө талд AI технологиос болж ажлын байр нь эрсдэлд орсон Холливудынхан амьдардаг нь ийм хууль яаравчлан батлахад нөлөөлсөн болов уу.

Технологийн компаниуд

OpenAI амжилттай хөрөнгө оруулалт татав.

OpenAI-н удирдлагууд ээлжит хөрөнгө босгох ажлаа амжилттай хийж, Thrive Capital, Microsoft, SoftBank, Nvidia зэрэг томоохон компаниуд, хувь хөрөнгө оруулагчдаас 6,6 тэрбум долларын хөрөнгө оруулалт авч чадлаа. Ингэснээр оны эхэнд 86 тэрбум долларын үнэлгээтэй гэгдэж байсан тус компанийн зах зээлийн үнэлгээ 157 тэрбум долларт хүрч, олон арван жил үйл ажиллагаа явуулсан компаниуд болох Goldman Sachs Group, Uber Technologies, AT&T нартай үнэлгээгээрээ эн зэрэгцэж ирж байна. Хөрөнгө оруулагчид OpenAI-н удирдлагуудтай 2 жилийн дотор компаниа ашигтай бизнес болгож чадахгүй бол хөрөнгө оруулсан мөнгөө буцаан татах нөхцөлтэйгээр хэлцэл хийсэн аж. Хэрэв та бүхэн санаж байгаа бол OpenAI нь анхнаасаа хандиваар санхүүжих ашгийн бус байгууллага гэж байгуулагдсан ч ChatGPT-н ачаар дотроо ашгийн төлөө хэлтэстэй, ашгийн бус байгууллага гэсэн сонирхолтой статусаар явж ирсэн билээ. Жилийн өмнөөс компанийн удирдлагуудын дунд анзаарагдах болсон хагарал, тэрбумтан Илон Маскийн шүүмжлэл зэргээс үзэхэд OpenAI-г ашгийн бус байгууллага хэвээрээ үлдэх ёстой гэж үздэг тал нь ашигтай ажилладаг технологийн компани болох хэрэгтэй гэдэг дээр санал хуваагдсан нөхөддөө ялагдаж байх шиг байна.

Tesla компани хамгийн хямд загвараа үйлдвэрлэхээ зогсоов

Тус компанийн гаргадаг цахилгаан автомашинууд дундаас хамгийн хямд нь буюу 39000 долларын үнэтэй, хойноо хөтлөгчтэй Model 3 Standard range загварыг үйлдвэрлэхээ зогсоож байгаагаа мэдэгдлээ. Шалтгааныг нь АНУ-ын баримталж буй татварын бодлого, гадаад улс төрийн сөргөөлдөөнөөс болсон гэж үзэж болохоор байна. Tesla энэ загварын цахилгаан автомашиндаа Хятадад үйлдвэрлэсэн LFP батарей ашигладаг бөгөөд Хятадаас импортлох батарейнд тавих гаалийн татварыг америкчууд нэмсэн, мөн цахилгаан автомашин худалдан авахад үзүүлдэг 7500 долларын татварын хөнгөлөлт нь Хятадаас авсан батарейтэй машинд хамаарахгүй болгосон зэрэг шалтгааны улмаас Model 3 нь хямд үнээр зарагдах боломжгүй болж, өрсөлдөх чадвараа алдсантай дээрх шийдвэрийг холбон тайлбарлаж байна. Иймээс одоо Tesla-ийн санал болгож буй хамгийн хямд загвар нь 42500 долларын үнэтэй Model 3 Long Range болж байна гэсэн үг. Энэ машин нь Standard range загвартай харьцуулахад цэнэгээрээ 60 км илүү явах чадвартай, мөн АНУ-ын засгийн газрын татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой байгаа гэдгээрээ давуу талтай юм.

AI технологийн хэрэглээ нь цөмийн цахилгаан станцуудыг ахин нээхэд хүргэж байна.

АНУ-ын засгийн газраас 2022 онд үйл ажиллагааг нь бүрэн зогсоогоод байсан Мичиган муж дахь Palisades цөмийн цахилгаан станцыг дахин нээх зөвшөөрөл олгож, станцыг дахин ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг эзэмшигч компанид нь зээлээр олгож байгаагаа мэдээллээ. Holtec International компани 800 мегаваттын хүчин чадалтай уг цахилгаан станцыг эзэмшдэг бөгөөд 1,5 тэрбум долларын зээлээр станцын хэвийн үйл ажиллагааг сэргээж, 2025 оны сүүлч гэхэд эрчим хүч үйлдвэрлэх ажиллагааг жигдрүүлэхээр тохиролцжээ. Эрх баригчдын зүгээс энэ шийдвэрээ өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ болон уур амьсгалын өөрчлөлтөд зориулан авч буй арга хэмжээ гэж тайлбарласан байна. Сүүлийн хэдэн жилд AI технологи эрчимтэй хөгжиж, хүчирхэг хиймэл оюун ухааны моделиудыг хэмжээлшгүй их өгөгдлөөр хэвийн хангаж ажиллуулах өндөр хүчин чадалтай дата төвүүд олноор баригдах болсон нь эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхэд хамгийн их нөлөөлжээ. АНУ-ын түүхэнд бүрэн унтраасан цөмийн цахилгаан станцыг дахин нээхээр болж байгаа анхны тохиолдол бөгөөд станц хэвийн ажиллагаанд шилжсэнээр 600 гаруй ажлын байр шинээр нэмэгдэх гэнэ.

Нэг өгүүлбэрээр

OpenAI Dev Day-ээр ямар сонинтой вэ?

Ирэх жилийн эхээр Apple компани iPhone SE 4 болон шинэчилсэн iPad Air загваруудаа гаргана.

Хойд Солонгосчууд хэрхэн криптовалютын ертөнцөд шургалсан бэ?

Meta-Ray Ban шилтэй өрсөлдөх ухаалаг нүдний шилийг хөгжүүлэхэд Samsung компани Google Gemini-тэй хамтарна гэнэ.

Америкийн AI чип үйлдвэрлэгч Cerebras компани IPO хийх хүсэлтээ гаргажээ.

OpenAI-н үүсгэн байгуулагчдын нэг Дүрк Кингма Anthropic компанид нэгдсэний сацуу хамт ажиллаж байсан ажилтнуудаасаа ч мөн урвуулаад амжжээ.

Техасын цөлд дэлхийн хамгийн анхны 3D хэвлэгчээр босгосон зочид буудал ашиглалтанд орох гэж байна.

Google Pixel 9a загварын зураг дэлгэгдэв.

АНУ-д зургаан компани тутмын нэг нь коллеж төгссөн Z үеийнхнийг ажилд авахаас татгалзаж байна гэнэ.