Technosphere товхимол: Дугаар 56

Өглөөний мэнд хүргэе. Шинэ дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна.

AI технологийн мэдээллүүд

Тус компанийн Open Source AI модель болох Llama-г АНУ-ын засгийн газрын агентлагууд болон батлан хамгаалах салбарын нийлүүлэгчид ашиглах боломжтой болно гэнэ. Гэхдээ энэ ажлыг тэд ганцаараа биш Amazon, Microsoft, Palantir, Lockheed Martin, болон Oracle компаниудтай хамтран гүйцэтгэх юм байна. Жишээлбэл, Oracle комапни Llama-г ашиглан, нисэх онгоцны бичиг баримтуудад анализ хийж, засвар үйлчилгээг шуурхай хийх төлөвлөлт хийж байгаа бол Scale AI-г ашиглан, байлдааны даалгаврын төлөвлөлт болон аюулыг тооцоолох, шинжлэх ажлыг дараагийн түвшинд гаргахаар ажиллаж байгаа аж.

Анх Meta компани нь Llama-г гаргаж байхдаа уг технологийг цэрэг дайны болон тагнуулын зориулалтаар ашиглуулахгүй гэж мэдэгдэж байсан ч ийнхүү бодлогодоо эрс өөрчлөлт хийж байгаа юм байна. Ингэх болсон шалтгаан нь саяхан Хятад улс Llama-н хуучин хувилбар дээр суурилсан цэрэг зэвсгийн зориулалттай технологи хөгжүүлж байна гэсэн мэдээлэл цацагдсанаас болсон болов уу. AI технологийг цэргийнхэн ашиглаж эхлэх нь цаг хугацааны асуудал байсан ч АНУ-н компанийн нээлттэй эхийн AI моделийг Хятадууд цэргийн зориулалтаар ашиглаж эхэлсэн нь энэ үйл явцыг хурдасгагч нөхцөл болсон бололтой.

Google Chrome Web Store дээр "Jarvis" нэртэй хиймэл оюун ухааны туслах plugin-ийг санамсаргүйгээр байршуулж, “паакталсан” байна. "Gemini 2.0" модель дээр суурилж ажилладаг Jarvis нь хэрэглэгчдийн өмнөөс интернэт хайлт хийх, нислэг захиалах, бүтээгдэхүүн худалдан авах зэрэг үүрэг гүйцэтгэх зориулалттай ажээ. Google-ийнхэн уг програмыг даруй устгасан боловч зарим хэрэглэгчид татаж амжжээ.

2024 оны 12-р сард Jarvis-ийг албан ёсоор танилцуулах төлөвтэй байгаа бөгөөд эхний ээлжинд зөвхөн вэб хөтөч дээр ажиллах юм байна. Гэхдээ саяны алдагдсан хувилбар нь бүрэн ажиллагаатай болж амжаагүй plugin байсан ба зарим хэрэглэгчид нэвтрэх эрхтэй холбоотой асуудалтай тулгарсан гэж бичсэн байв.

Технологийн компаниуд

Гараг хоорондын аялалд ашиглагдах зориулалттай Starship аварга хөлгийн 6 дахь удаагийн туршилтын нислэг энэ сарын 18 орчимд хийгдэх төлөвтэй байна. Энэ удаагийн туршин нислэгийн зорилго, биелүүлэх даалгавар нь өмнөх нислэгтэй яг ижил тул АНУ-ын эрх бүхий байгууллагаас нислэгийн зөвшөөрлийг нь сааталгүй баталж өгчээ. Мөн тэд сансрын тойрог замд орсон хойно Starship хөлгиийн 6 ширхэг Raptor хөдөлгүүрийг асааж, хөлгийн гаднах хамгаалалтын материал, далавчийн бат бөх байдлыг шалгаж үзэх гэнэ. Сүүлийн туршилтаас хойш инженерүүд нь тийрэлтэт хөдөлгүүрийн ажиллагаа болон программ хангамж дээрээ сайжруулалт хийснийгээ ийнхүү маш богино хугацаанд бодитоор турших гэж байна.

Nvidia компани 2024 оны Conference on Robot Learning (CoRL) зөвөлгөөн дээр робот хөгжүүлэх зориулалттай шинэ AI болон симуляцийн хэрэгслүүдийг танилцууллаа. Үүнд роботын сургалт, орчны мэдрэмжтэй, хүний дүрст робот хөгжүүлэх системүүд, Hugging Face платформтой хамтарсан шинэ төсөл зэрэг нь багтжээ. Энгийн үгээр бол робот сургалт, хөгжүүлэлтэд зориулсан AI технологийн шинэ бүтээлүүдээ компаниудад санал болгож байна гэсэн үг.

Nvidia-ийн Isaac Lab нь роботын сургалтын хэрэгслийг open-source болгож, хүссэн хүн ашиглах боломжтой болгосон бол GR00T нэртэй өөр нэг төслийн хүрээнд хүн дүрст робот хөгжүүлэхэд зориулагдсан шинэ хэрэгслүүд болох биеийн хөдөлгөөн хөгжүүлэлт, орчноо мэдрэхтэй холбоотой шинэ үйлдлүүдийг танилцууллаа. Мөн Hugging Face-тэй хамтран, тэдний LeRobot платформыг өөрсдийн бүтээсэн хэрэгслээрээ хангах замаар AI-д суурилсан роботын хөгжлийг хурдасгахаар зорьж байгаа гэнэ.

Энэ оны 2-р сард сүр дуулиантай нээлт хийсэн ч газар авч чадаагүй Apple Vision Pro-г та бүхэн санаж байна уу? Би бол бүдэг бадаг л санаж байна. Хүмүүс анх их шохоорхож байсан ч яваандаа сонирхол нь буурсаар сүүлдээ үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулахад хүргэсэн энэ төслийн хажуугаар Meta болон Ray Ban компаниуд илүү ухаалаг, авсаархан, өдөр тутамдаа хэрэглэж болохуйц ухаалаг шил гаргаж, илүү амжилт олсон нь Apple-д юм юм бодогдуулсан бололтой.

Тэд компанийнхаа дотоодод Atlas нэртэй шинэ ухаалаг нүдний шилний судалгаа хийж эхэлсэн бөгөөд юуны өмнө инженер техникийн ажилтнуудаасаа асуулга авч байгаа гэнэ. Эхний ээлжинд ийм шил гаргах хэрэгцээ шаардлага болон гаргаад эхэлсэн байлаа гэхэд хэрэглэх кейсүүдийг түлхүү сонирхон судалж байгаа гэнэ. Мэдээж одоогоор дөнгөж санаа төдий судлагдаж байгаа ч Apple нэг шулуудаад хийвэл ямар чанартай, чадалтай бүтээгдэхүүн гаргах боломжтойг бид бүгд мэдэж байгаа. Хамгийн гол нь Vision Pro шиг нүсэр төхөөрөмж бус, өдөр тутамдаа зүүж ашиглангаа үр ашгийг нь мэдэрдэг хөнгөн, авсаархан шил гаргах ёстой гэдгээ ойлгосон нь тэдний хувьд том дэвшил гэж хэлж болохоор байна.

Нэг өгүүлбэрээр

Мэдээллийн эхэнд дурдсан Google Jarvis шиг нэтээр хэсэх, код бичих, худалдан авалт хийх зэрэг олон тооны үйлдлийг зэрэг гүйцэтгэх боломжтой multi-agent AI хэрэгсэл Magentic-One системийг Microsoft танилцуулжээ.

Chat.com хэмээх алдартай домэйнийг OpenAI компани худалдан авчээ.

Цөмийн эрчим хүчээр тэжээгддэг AI дата төв барих гэсэн Meta компанийн төлөвлөгөөнд зөгийнүүд саад болжээ.

TikTok-н Канад дахь салбарыг эрх баригчид үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар татан буулгах үүрэг өгчээ.

Австрали улс насанд хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээний апп-уудад нэвтрүүлэхгүй байх туршилт хийх гэж байна.

Текст команд болон зураг ашиглан, видео үүсгэх ээлжит нэгэн AI хэрэгслийг туршаарай - Video Ocean

Anthropic компани Claude Haiku 3.5 нэртэй AI моделио танилцууллаа.

Саудын Араб улс 100 тэрбум долларын өртөгтэй "Project Transcendence" нэртэй AI төсөл хэрэгжүүлж, AI хөгжүүлэлт, дата төв, дэд бүтцийг цогцоор нь шийднэ гэнэ.