- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар 57
Technosphere товхимол: Дугаар 57
11 сарын 15-ны өглөөний мэндийг хүргэе. Өнөөдрөөс эхлэн өдөртөө хасах хэм рүү орж хүйтэрч байна шүү. Winter is coming!
AI технологийн мэдээллүүд
АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд da Vinci Surgical System нэртэй мэс засалч AI роботыг бодит хагалгааны орчинд амжилттай туршсан гэнэ. Энэхүү робот нь ур чадвар сайтай мэс засалч эмч нарын хагалгаа хийж буй бичлэгийг “үзсээр” байгаад мэс заслын чадваруудыг эзэмшсэн буюу бодит мэс заслын видео өгөгдлөөр сургагдсан хиймэл оюунтай гэсэн үг юм. Ийнхүү сургахын тулд эмч нар хэдэн зуун удаагийн мэс заслын явцыг бугуйн камераар урьдчилан бичиж бэлтгэсэн ажээ.
Одоогоор уг робот нь хагалгааны үеийн шархны оёдол хийх, эд эрхтэн болон арьс шилжүүлэн суулгах, зүү тариур ашиглах зэрэг үйлдлийг хүнээс огтхон ч дутахааргүй хийж сураад байгаагаас гадна ширээн дээр буюу газар унагасан багажаа өөрөө авахыг хэн нэгнээр заалгаагүй ч өөрөө сурсан байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Нэгэнт мэс засал гэх мэт нарийн төвөгтэй ажилбаруудыг хараад сурч байгаа бол AI технологид суурилсан роботуудад хийж чадахгүй зүйл гэж үлдэх болов уу?
Тус компани 'Operator' нэртэй AI хэрэгслийг 2025 оны 1-р сард олны хүртээл болгох гэж байгаа бөгөөд энэ AI туслах нь хэрэглэгчийн өмнөөс програмын код бичих, вэб хөтчийг өөрийнхөө удирдан ажиллуулж, нислэгийн тийз захиалах, онлайн худалдан авалт хийх, ажилчдын бүртгэл хянах зэрэг олон үйлдлийг хүний оролцоо хамгийн багатайгаар өөрөө бие даан гүйцэтгэх чадвартай байна гэж яригдаж байна. Ингэснээр бидний одоо ашигладаг ухаалаг чатботын дараагийн түвшний буюу цахим орчинд биеэ даан ажиллах боломжтой AI хэрэгслүүд бий болж байна гэсэн үг юм.
Яг энэ төрлийн бие даан ажиллах чадвартай AI агентыг Anthropic, Microsoft, болон Google компаниуд хөгжүүлж, эхнээсээ бодит хэрэглээнд туршаад эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн ширүүссэн энэ цаг үед Open AI Operator нь бусдаас ялгарах ямар нэг давуу тал, онцлогтой байж гэмээнэ хэрэглэгчдээ хадгалж үлдэх бололцоотой юм.
Японы эрдэмтэд мөн л эрүүл мэндийн чиглэлээр ашиглах боломжтой AI систем зохион бүтээжээ. Энэхүү AI хэрэгсэл нь богино хэмжээний бичлэг үзсэний үндсэн дээр бичлэг дээрх хүний цусны даралт ихэссэн болон чихрийн шижинтэй эсэхийг тодорхойлох чадвартай гэнэ. Ингэхдээ бүр эрүүл мэндийн цахим бөгж, ухаалаг бугуйн цагнуудаас ч илүү нарийвчлалтай ажиллаж байсан гэнэ. Энэхүү систем нь өндөр хурдны видео боловсруулагч болон AI хамтарсан байдлаар ажиллаж байгаа ба нүүр, эсвэл гарын алганы 30%-ийг л скандахад цусны эргэлт хэр зэрэг байгааг тогтоох боломжтой гэжээ.
Уламжлалт оношилгооны аргуудтай харьцуулахад энэхүү систем нь цусны даралт ихсэх өвчнийг 95% нарийвчлалтай, чихрийн шижинг 75%-иар илүү тодорхой оношилдог юм байна. Зохион бүтээгч эрдэмтэд нь энэхүү AI бүтээлээ энд тэнд, хэзээ ч хамаагүй ашиглах боломжтой байлгахын тулд удахгүй гар утас, зөөврийн төхөөрөмжүүд дээр ажилладаг болгохоор хичээн ажиллаж байгаа гэнэ.
Технологийн компаниуд
Amazon Haul нэртэй нэгэн шинэ үйлчилгээ нээж байгаагаа Amazon компани танилцууллаа. Сүүлийн жилүүдэд онлайн худалдааны салбарт Temu, Shein зэрэг маш хямд барааг түргэн шуурхай санал болгодог үйлчилгээнүүд гарч ирсэн нь тус компанид тодорхой хэмжээгээр “шавар хааж“ байгаа нь гарцаагүй. Гэхдээ эдгээр дэлгүүрүүдэд зарагддаг бараанууд нь Amazon дээрхээс илүү хямдынхаа хэрээр чанар муутай буюу сурталчилгааны зураг, танилцуулгаасаа өөр байх нь түгээмэл. Тиймээс Amazon өөрийн апп-аар дамжин нэвтрэх боломжтой Haul үйлчилгээг санал болгож байгаа нь энэ юм.
Haul-ийн онцлогуудаас дурдвал, энд зарагдах бүх бараа 20 доллараас доош үнэтэй байхаас гадна 25 доллараас дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн тохиолдолд үнэгүй хүргэж өгөх юм байна. Гэхдээ хүргэлт нь Amazon-ы үндсэн үйлчилгээнээс бага зэрэг удаан гэсэн шүү. Мөн Haul-аас худалдан авсан бараа нь 3 доллараас доош үнэтэй байсан бол барааг буцаах боломжгүй ажээ. Haul дээрх бараанууд нь Хятад дахь үйлдвэрлэгчдээсээ шууд нийлүүлэгдэх боловч барааны бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд Amazon өөрөө хяналт тавин ажиллана гэнэ.
2025 оны 3-р сард Apple компани AI технологид суурилан ажилладаг, хананд тогтоодог, ухаалаг дэлгэц танилцуулж магадгүй байна. Амины орон сууцтай айлуудад тавигддаг гэрийн удирдлага хяналтын систем(Control Panel)-ийн дэлгэц болон домофон маягаар ажиллах энэ дэлгэц нь камертай, чанга яригч болон микрофонтой байх юм. Мөн олон тооны мэдрэгчтэй холбогдон ажиллах, өөр дээрээ байгаа мэдрэгчээрээ хэрэглэгч дэлгэцээс хэр зайтай зогсож байгааг мэдэрч, холоос бол агаарын температур зэрэг мэдээлэл харуулах бол ойртоод ирсэн хүнд гэрийн дулаан тохируулах, зарим нэг төхөөрөмж унтраах асаах зэрэг үйлдэл хийх боломж олгоно.
Apple компани эхэндээ энэхүү төхөөрөмжид зориулсан апп-уудыг Appstore-д байрлуулах талаар ярилцаж байсан ч удалгүй больжээ. Одоогоор уг ухаалаг дэлгэцэн дээр Apple-ийн өөрийн программууд болох Safari, FaceTime, Apple Music, болон Apple News зэрэг апп-уудыг ашиглаж болох юм байна. Дэлгэцийг удирдах систем нь Apple Intelligence болон Siri-г нэгтгэсэн, илүү ухаалаг, команд боловсруулалт сайтай хиймэл оюун ухааны программ байхаар яригдаж байна.
Нэг өгүүлбэрээр
OpenAI компани Америкийн AI технологийн цаашдыг чиг хандлагыг ийнхүү төсөөлж байна.
Baidu компани I-RAG нэртэй текстээс зураг үүсгэгч AI модель, Miaoda нэртэй код гараар бичихгүйгээр програм хөгжүүлэлт хийдэг хэрэгсэл болон AI ухаалаг нүдний шил зэргийг танилцуулав.
Хана, цонх, утаа гээд бүхнийг нэвт хардаг робот бүтээгдэж байгаа юу?
Олон нийтийн сүлжээний Bluesky апп 15 сая хэрэглэгчтэй болжээ.
Америк ажилтнуудын ажлын байран дахь AI хэрэглээ зогсонги байдалд орж байна.
Литий йон батарей ба гал түймрийн эрсдэл
Цахим орчин дахь мэдээ мэдээллийг эмхэтгэн, ангилагч Particle нэртэй AI апп-ыг Apple-ийн ухаалаг төхөөрөмжүүд дээр ашиглаж болно.
Уургийн нэгдлийг AI ашиглан тодорхойлогч AlphaFold программ олон нийтэд нээлттэй болов.
Одоогоор зөвхөн төлбөртэй хэрэглэгчид л ашигладаг Твиттерийн Grok-2 AI модель удахгүй үнэ төлбөргүй болж магадгүй.
Манай энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Анхааран уншсанд баярлалаа.