- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар No60
Technosphere товхимол: Дугаар No60
12-р сарын эхний дугаараараа мэндчилж байгаадаа таатай байна. Энэ сард ердөө 2-хон дугаар нийтлэх бололтой.
AI технологийн эргэн тойронд
Тэд Nova нэртэй, текст, зураг, бичлэг үүсгэх чадвартай бүлэг AI моделиуд танилцуулж, олны анхаарлыг татаад байна. Nova нь Micro, Lite, Pro, болон Premier гэсэн 4 өөр хүчин чадалтай текст боловсруулах AI модель, Canvas нэртэй зураг дүрслэл үүсгэгч AI модель, мөн Reel хэмээх видео бичлэг үүсгэгч AI моделиудаас бүрдэх ажээ.
Харин Nova Pro нь өнөө үеийн салбарынхаа гол өрсөлдөгчид болох GPT-4o, Mistral Large 2, Llama 3 зэрэг моделиудтай Benchmark шалгуураар өрсөлдөхүйц хэмжээний арай хүчирхэг хувилбар.
Amazon-ы бүтээсэн тексттэй ажиллах модель нь гэхэд 200 гаруй хэл дэмжиж, 300000 токен боловсруулах хүчин чадалтай бөгөөд 2025 онд энэ тоог 2 сая хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин Reel нь текстэн команд болон зураг ашиглаж, 6 секундын урттай видео бүтээж чадахаараа онцлогтой юм.
Европын батлан хамгаалах технологийн стартап болох Helsing компани HX-2 нэртэй анхны довтолгооны дроноо танилцуулсан байна. Энэхүү дрон нь сүүлийн үед, ялангуяа Украинд дайн гарснаас хойш бүр ч их хэрэгцээтэй болоод байгаа технологи болох хүний хамааралгүйгээр өөрөө довтолдог, хариу үйлдэл үзүүлэх чадвартай гэдгээрээ онцлог. Бодит байдал дээр Украинд дайны талбарт энэ дроныг аль хэдийн ашиглаад эхэлсэн гэсэн мэдээлэл гараад байгаа бөгөөд энэхүү дроныг 3D хэвлэгч гэх зэрэг хямдхан технологи ашиглан, бөөнөөр нь үйлдвэрлэх боломжтой аж. Хамгийн том давуу тал нь HX-2 нь радио дохио сарниулагчийн улмаас дроны оператортой харилцаа тасарлаа гэхэд өөрөө бие даан ажиллах чадвартай учраас Оросын цахилгаан соронзон долгионы jamming зэрэг сөрөг арга хэмжээг ажрахгүй давах чадалтай гэсэн үг.
Энд яригдаж буй Helsing компани нь 2021 оны байдлаар 4,95 тэрбум еврогийн үнэлгээтэй гэж бүртгэгдэж байсан бол саяхан дахин 350 сая долларын хөрөнгө босгож, энэ мөнгөөрөө Их Британид дроны үйлдвэр барих төлөвлөгөөтэй компани ажээ. Үүнээс үзэхэд Британийн засгийн газар ч батлан хамгаалах үйлдвэрлэлийн шинэ стратеги баримталж эхэлсэн гэдэг нь харагдаж байна. Үүгээр ч зогсохгүй Helsing нь Германы Rheinmetall, Шведийн Saab болон Airbus компаниудтай түншлэл үүсгэж, эдгээр компаниудын үйлдвэрлэдэг зэвсэгт техникийг AI технологитой хослон ажилладаг болгох зорилготой гэнэ.
Технологийн компаниуд
AI технологийн хөгжилд татагдаж орсон томоохон компаниуд эрчим хүчний томоохон хэрэглэгч байж ирсэн бол саяхнаас Google, Amazon компаниуд өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэртэй байхыг илүүд үзэж эхэлсэн. Бидний сайн мэдэх Facebook, Instagram, WhatsApp зэрэг үйлчилгээг эзэмшигч Meta компани ч сүүлийн үед AI хөгжүүлэлтийн салбарт хүчтэй өрсөлдөх болсон тул өндөр хүчин чадалтай AI дата төвүүдээ тэжээх эрчим хүчний хэрэгцээгээ мөн л өөрсдөө бий болгох нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ аль болох хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн доод түвшинд барихын тулд цөмийн цахилгаан станц байгуулж, ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Энэ талаар Meta компанийн глобал эрчим хүчний салбар хариуцсан захирал Урви Парех хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэдний хувьд энэ талын туршлага дутмаг тул мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, өөрөөр хэлбэл, төсөл төлөвлөгөө гаргахаас эхлүүлээд, цахилгаан станц барьж хүлээлгэн өгөх хүртэл тууштай хамтран ажиллах компани хайж байгаа аж. Meta нь сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний технологид нилээн хөрөнгө оруулалт хийсэн ч асар өндөр хэрэглээтэй дата төвүүдийг хангахад найдвартай бөгөөд томоохон эрчим хүчний эх үүсвэр байгуулах шаардлагатай болоод байгаа юм.
БНСУ-ын цахилгаан бараа, ухаалаг төхөөрөмжийн магнат Samsung компани ирэх оны 1-р сард Galaxy S25 цувралын гар утаснаас гадна ухаалаг нүдний шил танилцуулна гэж тус улсын Yonhap агентлаг мэдээлжээ. Гэхдээ уг ухаалаг нүдний шилний программ хангамжийг энэ оны 12-р сард олны хүртээл болгох юм байна. Хэдийгээр 1-р сард танилцуулж байгаа ч хэрэглэгчдийн гар дээр ирэх оны 3-р улирлаас нааш очихгүй байх магадлалтай бөгөөд энэ оны 1-р сард S24 гар утастай хамт танилцуулагдаад, хожуухан худалдаанд гарсан Samsung Ring ухаалаг бөгжний хувь заяаг давтах бололтой.
Тус компани сүүлийн жилүүдэд Google-тэй хамтран, Android үйлдлийн систем дээр ажилладаг ухаалаг нүдний шил бүтээхээр хамтран ажиллаж байгаа ч үйл явц бага зэрэг удаашралтай байгаагаас гадна ухаалаг шил нь тусдаа дэлгэцтэй байх, эсвэл Ray Ban шиг ажилладаг байх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямартай ч 1-р сарын 22-ныг хүртэл хүлээж таарах нь ээ.
Нэг өгүүлбэрээр
Tencent компанийн цоо шинэ, хүчирхэг AI видео модельтой танилц.
Радио долгион сарниулагчид тэсвэртэй дроныг АНУ Украинд нийлүүлснээр тэд Оросын эсрэг олон амжилттай дроны дайралт хийжээ.
Intel компанийн ерөнхий захирал ажлаа хүлээлгэн өгсөн шалтгаан нь юу байв?
AI чипний салбарт өрнөж буй Nvidia болон бусад компаниудын өрсөлдөөн.
Google DeepMind компани цаг агаарын мэдээг урьдчилан таамагладаг AI модель гаргаж байна.
Tesla Optimus роботын шинэчлэл
Apple төхөөрөмжүүд дээр ашиглаж болох 11 ухаалаг shortcut
Amazon компани гомдол санал гаргадаг, үглээ үйлчлүүлэгчдийн захиалгыг зориуд удааж хүргэдэг байсан уу?
АI технологитой холбоотой АНУ-ын шинэ хориг
ChatGPT яагаад ‘David Mayer’ гэж хариулж чаддаггүй вэ?
Манай энэ удаагийн дугаарыг энэ хүртэл уншиж дуусгасанд баярлалаа. Ирэх 2 долоо хоногт амралтаа аваад, гадагшаа аялах тул шинэ дугаарууд нийтлэгдэх боломжгүй болсонд хүлцэл өчье.