- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар 61
Technosphere товхимол: Дугаар 61
Технологийн холбогдолтой шинэ мэдээллүүд
2025 оны анхны дугаараар уншигчидтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Бүхэл бүтэн нэг жилийн ард гарсан юм чинь тухайн оны онцлох үйл явдал, мэдээ, мэдээллүүдээ нэг базах нь зүйд нийцнэ гэж үзээд 2024 оны технологийн салбарын онцлох 10 үйл явдлыг онцоллоо.
Google-ийн квант компьютерийн дэвшил: Google "Willow" квант чип бүтээж, квант тооцоололд томоохон үсрэлт хийв. "Willow" чип нь өнөөгийн хамгийн хурдан суперкомпьютерээр 10 септиллион (10^25) жил шаардагдах тооцооллыг ердөө таван минутын дотор гүйцэтгэж чадсан. Энэ нь квант компьютерийн тооцоолох чадварын гайхалтай жишээ юм. Квантын компьютер гэж юу болох талаар эндээс дэлгэрэнгүй уншаарай.
2024 онд Neuralink компани тархи-компьютерийн интерфейс (BCI) хөгжүүлэлтдээ томоохон ахиц гаргасан жил байлаа. Тэд анх удаа хүний тархинд суулгац хийж, тухайн хүн бодлоороо компьютерийн хулганыг удирдах чадвартай гэдгийг харуулсан. Энэхүү туршилт нь тархины саажилттай хүмүүст дижитал төхөөрөмжүүдийг удирдах боломжийг олгох зорилготой бөгөөд цаашид тэдний амьдралын чанарыг сайжруулахад чиглэж байна.
Мөн 2024 онд Neuralink нь FDA-аас "Blindsight" хэмээх шинэ суулгацынхаа "breakthrough device" статусыг хүлээн авсан билээ. Энэхүү төхөөрөмж нь харааны кортекс нь гэмтээгүй боловч юм хардаггүй хүмүүст харааны чадварыг нь сэргээх зорилготой технологи юм. Дэлгэрүүлж уншихыг хүсвэл энд дараарай.
SpaceX туршилтын нислэгүүд: Тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани Ангараг гарагт хүрэх хөлгийн туршилтуудаа энэ онд амжилттай хийж чадлаа.
Тус компанийн олон дахин хөөрөх зориулалттай хөлгүүд 2024 онд л гэхэд сансрын тойрог замд хиймэл дагуул гаргах нислэгээ 134 удаа амжилттай үйлдсэнээс гадна хүн төрөлхтөний түүхэнд бүтээгдсэн хамгийн том хөлөг болох Starship хөлгийн туршилтыг энэ жил 4 удаа хийсэн нь яах аргагүй онцлох үйл явдал байлаа. Нэгэнт олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай энэ талаар яригдсан учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэн бүхэн хайгаад унших боломжтой гэж бодож байна.
2024 онд хиймэл оюун ухааны хөгжил дэвшил бүхий л салбарт нэвтэрч, олон шинэ AI моделиуд мэндэлж, технологийн компаниудын өрсөлдөөн улам ширүүссэн жил байсан ч үүн дотроос анагаах ухааны салбарт AI технологи хэрхэн нэвтэрснийг онцолмоор санагдлаа. Тухайлбал, дүрс оношилгоо, эмгэг судлалаас эхлээд эм бэлдмэл нээх, хувь хүнд тохирсон эмчилгээ хүртэл өргөн хүрээнд эрдэмтэд судлаачид AI-г амжилттай ашиглаж байна. Эм бэлдмэл шинээр бүтээх ажилд хиймэл оюун ухаан нь асар их хэмжээний өгөгдлийг шинжилж, боломжит эм бэлдмэлийн шинж чанарыг урьдчилан таамагласнаар шинэ эмчилгээг тодорхойлж, боловсруулах процессыг түргэсгэж байгаа билээ. Хавдрын эрт илрүүлэг болон антибиотикт тэсвэртэй нянг дарж авах шинэ эм бэлдмэлүүдийн найрлагыг AI-н тусламжтайгаар гарган авч байгаа талаарх мэдээллүүдийг бид өнгөрсөн жилийн дугаарууддаа хэд хэдэн удаа дурдсаныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Технологийн аварга компаниуд болох Apple болон Meta ухаалаг нүдний шилний технологи дээр хүчтэй өрсөлдөөн өрнүүлж байна. Apple компани Vision Pro нэртэй ухаалаг шил гаргаж, хэрэглэгчдийн хүлээлт өндөр байсан ч бодит байдал дээр уг бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй, хэрэглэх хүрээ хязгаарлагдмал, олон цагаар зүүхэд хүндрэлтэй зэрэг сул талуудтай болж таарсан тул нэг л сайн явсангүй. Харин нөгөө талд, нүдний шил үйлдвэрлэгч Ray Ban-тай хамтарсан Meta компани боломжийн үнэтэй, хэрэглэхэд хялбар, олон төрлийн ашигтай үйлдлүүдтэй ухаалаг нүдний шил гаргасан нь нүдээ олсон алхам болж, илүү амжилттай урагшилж байна. Ядаж байхад улирч буй оны төгсгөл дээр Apple компани Vision Pro-н үйлдвэрлэл хөгжүүлэлтийг зогсоож магадгүй гэсэн шуум дэгдээд байгаа юм.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани энэ жил тоон доторх үсэг гэмээр нэгэн шинэ төслөө танилцуулсан нь Optimus нэртэй хүн дүрст робот байв. Энэхүү робот нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх буюу нэгэн хэвийн давтамжтай, бас эрсдэлтэй, хүч тэнхээ шаардсан ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор бүтээгдсэн бөгөөд Tesla(магадгүй xAI) компанийн хиймэл оюун ухааны технологид захирагдан ажиллахаар бүтээгдсэн байна. Албан ёсны танилцуулга дээрээ хувцас эвхэх гэх мэт аахар шаахар үйлдэл хийж харагдсан уг роботыг масс үйлдвэрлэл, ялангуяа автомашины үйлдвэрлэлийн салбарт хүнийг орлож ажиллах байх гэсэн хүлээлт өндөр байгаа юм.
Starlink-ийн дэлхий даяарх сүлжээ: 2024 он гэхэд уг үйлчилгээ дэлхийн 100 гаруй орныг хамарсан интернетийн сүлжээ бүрдүүлэв. Үүн дотор манай Монгол улс багтсан нь энэ жилийн онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн билээ.
Дээр дурдсанчлан, зөвхөн 2024 онд л гэхэд 134 удаагийн нислэг үйлдсэн SpaceX компани нислэг бүртээ 20 гаруй хиймэл дагуул сансарт гаргаж, өдгөө 6700 гаруй Starlink хиймэл дагуул дэлхийг тойрон эргэж, 100 гаруй улс оронд өндөр хурдны хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлж байгаа ба манай улс энэ жил сүлжээнд нэгдэж чадлаа. Одоо ердөө 100 орчим доллар төлөөд, Starlink-н албан ёсны вэб сайтаас хиймэл дагуулын төхөөрөмжийг нь шууд худалдан авчих боломжтой болсноор гар утасны сүлжээ ороогүй орон нутаг, ялангуяа алслагдмал суманд байрлах сум суурингууд, уул уурхайн кэмпүүд, түүнчлэн, энгийн малчин Доржийнх хүртэл хиймэл дагуулаас интернэт хүлээн авах боломжтой болов. Түүгээр ч үл барам Starlink: Direct to Cell Үйлчилгээг Монголд нэвтрүүлэх талаар яригдаад өнгөрсөн шүү.
АI технологийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний нийлүүлэлт хомсдож эхэллээ. Хиймэл оюун ухааны моделиудыг сургахад өндөр хүчин чадалтай компьютер, чип бүхий дата төвүүд олноор ашиглагддаг тул эдгээр төвүүдийг тасралтгүй найдвартай эрчим хүчээр хангах нь технологийн дэвшил дагасан сорилт болоод байгаа билээ. Технологийн компаниуд AI хөгжүүлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд илүү олон CPU, chip ажиллуулах шаардлага гарч, одоогийн ашиглагдаж буй цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүд улам бүр ачааллаа даахгүйд хүрч байна. Иймээс улс орнууд олон жилийн өмнө унтрааж, дахин ашиглахаа больсон цөмийн цахилгаан станцаа хүртэл сэргээж ажиллуулахаар болж байгаа талаар бид мэдээлж байсан. Зарим том компаниуд, тухайлбал, Google, Amazon нар нь өөрсдийн гэсэн цахилгаан станц шинээр барих, худалдан авах тухай ч яригдаж байгаа цаг үед бид амьдарч байна. Хамгийн харамсалтай нь AI технологийг тасралтгүй ажиллуулахад шаардагдаж байгаа нийт эрчим хүчний 30% нь ямар ч үр ашиггүй буюу хэрэглэгчдийн гэнэн, саваагүй асуултуудад хариулт олоход зарцуулагдаж байна гэсэн мэдээлэл бий.
Микрочипний үйлдвэрлэлийн дэвшил ба технологийн дайн: АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп өмнө нь үүрэг гүйцэтгэж байхдаа БНХАУ-тай биет бүтээгдэхүүн, түүхий эдийн худалдааны салбарт татварын дайн эхлүүлж байсан бол одоо ажлаа өгөх гэж буй Байден ерөнхийлөгчийн хувьд АНУ-ын өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийг Хятадад худалдаалахад хориг тавьж, Хятадын AI технологийн хөгжлийг түр ч болов сааруулж байгаа.
Уг хоригийн хүрээнд өндөр хүчин чадалтай ухаалаг төхөөрөмжүүдэд ашиглагддаг 2nm чипийг Хятадад зарахыг хориглосноос гадна AI технологийн судалгаа хөгжүүлэлтэд ашиглагддаг Nvidia H100 гэх мэт өндөр хүчин чадалтай GPU-г ч Хятад руу зарахыг хориод байгаа юм. Гэсэн ч Хятадын технологийн компаниуд, батлан хамгаалах үйлдвэрлэлийн нэгжүүд нь их сургуулиудаараа дамжуулан, АНУ-ын AI чип түрээслүүлэх Cloud үйлчилгээг түрээслэх замаар хоригийг тойрон гарч байгаа талаар манай товхимол мэдээлж байсан билээ. Чип зарах, худалдаалахыг хорьсон ч, АНУ-ын дата төвүүдийн чипийг үүлэн технологиор түрээслэн авахыг хориглосон заалт байхгүй тул Хятадууд одоогоор АНУ-н хоригийг үл хайхран, өндөр хүчин чадалтай AI чипүүдийг ашигласаар байна.
Монголын анхны хувийн хэвшлийн хиймэл дагуул хөөрөв. Ondo Space компанийн ажилтнуудын бүтээл болох Мазаалай нэртэй cube sat төрлийн хиймэл дагуул 2024 оны 3-р сард SpaceХ компанийн пуужингаар сансрын тойрог замд амжилттай хөөрч гарсан нь технологийн салбарын оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн байсан.
Ondo Space нь энэ төрлийн хиймэл дагуулыг цаашид олноор хөөргөж, улмаар хиймэл дагуулд суурилсан төрөл бүрийн үйлчилгээ, тухайлбал, гамшгийн хяналт, зэрлэг ан амьтны тархалт, хөдөлгөөнийг хянах, уул уурхайн автоматжуулалт, харилцаа холбоо зэрэг олон салбарт үйл ажиллагаа нэвтрүүлэх төлөвлөгөөтэйн дээр өөр бусад хиймэл дагуулын бизнес эрхлэх сонирхолтой бизнесүүдэд мэргэжлийн зөвөлгөө өгөх, дэд бүтцээр хангах зэрэг олон үйл ажиллагаа төлөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлж байсныг санаж байгаа байх.