Technosphere товхимол: Дугаар 63

Өглөөний мэнд хүргэе. Ээлжит дугаараа хүлээн авч уншихад бэлэн үү?

AI технологийн салбарт

Энэ салбарын тэргүүлэгчдийн нэг Open AI компани ChatGPT програмдаа нэгэн шинэ хэрэглүүр нэмж, туршилтаар гаргасан нь ‘Tasks‘ нэртэй үйлдэл юм. Энэхүү үйлдлийг ашиглан, хэрэглэгч тодорхой давтамжтайгаар байнга хийдэг үйлдлээ ChatGPT-д сануулж, цаг, өдөр товлосноор тухайн хугацаа болмогц ChatGPT нь мэдэгдэл илгээж, уг үйлдлийг гүйцэтгэх ажээ. Мэдээж туршилтын бета хувилбар учраас нэг их айхтар хүнд үйлдлүүд бус цаг агаар шалгах, тухайн хугацааны шинэ мэдээ, мэдээллийг тоймлох, вэб хайлт хийх зэрэг компьютер, браузэр дээр хийж болохуйц энгийн үйлдлүүд энд багтсан гэж мэдэгдээд байна. ‘Tasks’ нэмэлт нь хэдхэн хоногийн дараанаас ChatGPT Plus, Team, болон Pro багцын хэрэглэгчдэд нээлттэй болох юм. Тухайн хэрэглэгчийн дадал зуршил, хэрэглээний онцлогт тааруулан, ChatGPT өөрөө янз бүрийн Task сэдэж санал болгох ч хэрэглэгч баталж байж л уг үйлдлийг тогтоосон цагт гүйцэтгэх юм байна. Цаг товлосон үйлдлийг гүйцэтгэх талаарх мэдэгдэл(notification)-ийг ChatGPT компьютер, гар утас, вэб платформоор дамжуулан хэрэглэгчдээ мэдэгддэг байх юм гэнэ.

АНУ-ын төдийгүй, дэлхийд хамгийн шилдэг эмнэлэг гэж хэлэхэд хилсдэхгүй алдарт Mayo Clinic нь Microsoft Research болон Cerebras Systems компаниудтай хамтран, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааны технологийг ашиглахаар болжээ. Тэд өвчтөнүүдийн авахуулсан MRI болон компьюьер томографын зураг, ЭХО, рентгений зургууд, шинжилгээний хариуг өндөр нарийвчлалтай шинжлэхэд Microsoft компанийн AI технологийг ашиглах бөгөөд ингэснээр оношилгоо үзлэгийн үйл ажиллагаа хурдан шуурхай бөгөөд онош маш нарийн тодрох ач холбогдолтой юм. Харин Cerebras-н AI программыг ашиглан, өвчтөнийхөө генийн бүтцийг шинжилж тогтоосны дараа тухайн өвчтөний генетикийн онцлогт тохирсон эмчилгээний арга техник, эм тариа сонгохоор төлөвлөж байгаа ажээ. Хэрэв тэдний энэ хамтын ажиллагаа амжилттай болвол personalized medicine буюу өвчтөн бүрийн онцлогт тохирсон эм, эмчилгээний үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт шинэчлэлт авчрах нь дамжиггүй юм.

Америкийн засаг захиргаа урьд өмнө ямар ч технологийн салбарт тогтоож байгаагүй хяналт, хязгаарлалтын шинэ бодлогыг AI чипний нийлүүлэлт, худалдаан дээр тогтоож, уг салбарт АНУ-ын давамгайллыг хадгалах, БНХАУ тэргүүтэй өрсөлдөгч улс орнуудын гарт өндөр технологийн чип очихоос сэргийлж ажиллахаар болно гэдгээ зарлалаа. Тэд дэлхийн улс орнуудыг хэд хэдэн түвшинд хувааж, хамгийн ойрын холбоотон гэсэн 20 улсад AI технологийн чип ямар нэгэн хориг хязгаарлалтгүй нийлүүлж, үлдсэн бусад улс орнуудад хатуу хязгаарлалт тогтооно гэжээ. Урьд өмнө нь авч хэрэгжүүлж байсан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг Хятад улс ямар нэг сиймхий олж зөрчин, сүүлийн үеийн GPU болон AI программуудыг ямар нэг аргаар ашиглаад байсан тул ийнхүү дараагийн шатны арга хэмжээнд шилжсэн ажээ. Хятадууд өмнө нь Microsoft болон Amazon компаниудын AI чип бүхий серверүүдийг түрээслэх замаар өндөр технологийн чипүүдийг ашиглаж байснаас үүдэн, дээрх компаниудыг серверүүдийнхээ дор хаяж 50 хувийг АНУ-н нутаг дэвсгэрт байрлуулах зэрэг шаардлага үүнд багтсан гэнэ. Энэ салбарын гол нийлүүлэгч болох Nvidia компани Байден ерөнхийлөгчийн засаг захиргааны уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд авсан. Гэхдээ АНУ-ын эрх баригчид дээрх шийдвэрээ 180 хоногийн түр горимоор хэрэгжүүлж, цаашид үргэлжлүүлэх эсэх шийдвэрийг удахгүй тангаргаа өргөх Трамп ерөнийлөгчийн засаг захиргааны мэдэлд үлдээнэ гэжээ.

Технологийн компаниуд

АНУ-ын хоёр ч ерөнхийлөгч дараалан TikTok олон нийтийн сүлжээний апп-т дайн зарлаж, улмаар Байден ерөнхийлөгч өнгөрсөн оны 4-р сард зарлиг гарган, 2025-1-19 гэхэд АНУ дахь TikTok үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэхүү хугацаа нэгэнт тулж, энэ бүтэн сайн өдрөөс эхлэн уг апп АНУ-д бүрэн хориглогдож магадгүй болоод байна. Магадгүй гэсний учир нь Америкийн эрх баригчид TikTok-н толгой компани болох БНХАУ-ын ByteDance-т болзол тавьж, АНУ-ын компанид уг үйлчилгээг зарж, шилжүүлэх замаар үйл ажиллагааг нь үргэлжлүүлж болно гэж зөвшөөрсөн ч одоогоор тус компани зарах шийдвэр гаргаагүй тул одоо үлдсэн хэдхэн хоногт энэ арилжаа наймаа явагдах магадлал тун бага. Саяхан тэрбумтан Илон Маск уг үйлчилгээг авч магадгүй гэсэн “шуум” дэгдсэн ч, мань хүн өөрөө энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй.

Энэ сарын 19-нд яг юу болох вэ гэхээр АНУ-д App Store болон Google Play Store дээрээс TikTok апп устаж, шинээр татах боломжгүй болох нь. Харин одоогийн хэрэглэгчид үргэлжлүүлэн уг үйлчилгээг ашиглах эрхтэй байгаа боловч, тэдэнд зориулсан апп-н шинэчлэл, засвар сайжруулалт цаашид орж ирэхгүй, мөн апп дээр шинээр нэмэгдсэн үйлдлүүд, нэмэлт боломжууд АНУ-д хаалттай байх учир төд удалгүй хэрэглэгчид нь эрчимтэй буурах байх гэсэн таамаглал байна. Ийнхүү үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар анх өрнөсөн маргаан эцэстээ АНУ-ын эрх баригчдын хүссэн үр дүнгээр өндөрлөж магадгүй байна.

Тус компани Windows 10 үйлдлийн системийн support буюу техникийн дэмжлэг, шинэчлэл, сайжруулалтыг 2025 оны 10-р сарын 14-нд зогсооно гэж мэдэгдэж байсны дагуу уг үйлдлийн системтэй компьютер дээрх Office 365 хэрэглээний программуудын шинэчлэл дэмжлэгийг ч зогсооно гэж мэдэгдлээ. Энэ нь мэдээж хэрэг хэрэглэгчдийг одоогийн Windows 11 үйлдлийн систем рүү шилжүүлэх хөшүүрэг гэдэг нь ойлгомжтой. Учир нь Windows 10 хэрэглэгчид дийлэнх нь одоо болтол 1-р хувилбар руу шилжих үйл явц удаашралтай байгаа. Энэ тэд шилжих дургүйдээ биш, Windows 11 үйлдлийн систем нь одоо идэвхитэй ашиглагдаж байгаа олон төрлийн компьютерийн техник хангамжийг “голоод суудаггүй”-д байгааг Microsoft-н эрхэмүүд уг нь мэддэг л байлтай. Нэгэнт комьютерийг нь голоод суухгүй бол шинэ компьютер авахаас нааш Windows 11 хэрэглэж чадахгүй гэсэн үг. Гэтэл нэг үйлдлийн систем сайжруулахын төлөө хамгийн багадаа 500-600 доллар зарцуулна гэдэг нь дэлхийн аль ч улсад тийм амар бүтэх зүйл биш билээ. Гэхдээ хэрэглэгчид 10-р сарын 14-нөөс эхлээд Win 10 дээрх Office 365 нь ажиллахаа больчихно гэж айх шаардлагагүй, End of Support гэдэг бол дээр дурдсан TikTok-н жишээ шиг программын шинэчлэл, сайжруулалт, элдэв Bug Fix орж ирэхээ болино гэсэн үг болохоос бүр таг гацаад ажиллахаа болино гэсэн үг биш юм.

Хамгийн анх интернэт ашиглаж эхэлж байхад Yahoo, Ask, Lycos, MSN гээд олон хайлтын системүүд ажилладаг байсан ч нэг л мэдэхэд тэд маань сураггүй болж, энэ зах зээл дээр Google бараг дангаараа ноёрхож эхэлсэн байдаг. MSN нэрээ өөрчилж, Bing болсон, DuckDuckGo хайлтын системийг privacy-даа анхаардаг хүмүүс хэрэглэдэг гэх мэтчилэн бага сага ашиглагддаг ч Google 2015 оноос дэлхий даяар ашиглагдаж буй хайлтын 90-ээс дээш хувийг дангаараа гүйцэтгэж ирсэн билээ. Гэвч 2024 оны сүүлийн 3 сар дараалан энэ үзүүлэлт 90%-иас доош орсон дүн гарсан нь анхаарал татахгүй байхын аргагүй. Тухайлбал, StatCounter Global Stats сайтын мэдээллээс үзвэл 2024 оны 10 сард 89.34%, арваннэгдүгээр сард 89.99% байсан бол 12-р сард 89.73% болж тус тус буурчээ.

Тэгвэл энэ буурсан орон зайд өөр хэн нэгэн өсөлт үзүүлсэн байж таарна. Microsoft Bing, Yandex, Yahoo болон Baidu, DuckDuckGo мөн Ecosia зэрэг хайлтын системүүд Google-н араас удаалдаг бөгөөд өнгөрсөн оны 3 сарын хугацаанд Bing, Yandex, Yahoo гурав өсөлт үзүүлж, Bing л гэхэд дангаараа 4%-иар илүү ашиглагдсан байна. Миний хувийн бодлоор Mirosoft Copilot нь хайлт хийхдээ Bing-г автоматаар шууд ашигладаг тул тэдний хайлтын системд эзлэх байр суурь цаашид ч өсөн нэмэгдэж магадгүй юм.

Нэг өгүүлбэрээр

Энэ удаагийн дугаарыг маань дуустал нь уншсан танд баярлалаа. Өнөөдрийн ажил үйлсэд нь амжилт хүсье.