- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар 64
Technosphere товхимол: Дугаар 64
Технологийн орчны сонин хачин
Өглөөний мэнд. Идэр ес дундаа орсон эдгээр өдрүүдэд технологийн ертөнц урьдын л адилаар бужигнаан, шуугиан ихтэй урагшилсаар байна. Энэ 7 хоногт албан ажлаа хүлээн авч буй ерөнхийлөгч Трамп гэхэд л энэ салбарт аль хэдийн өөрийн нөлөөгөө үзүүлээд эхэлсэн болохыг хэдүүлээ удахгүй олж мэдэх нь. Цахилгаан машины үйлдвэрлэлийн салбар, уул уурхай, эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлтүүд хийгдэх нь гарцаагүй боллоо. Мөн тангараг өргөх ёслолд ирсэн хүндэт зочидын бараг нүүрэнд нь шахуу технологийн салбарын хамаг томчууд зогссон байсан нь бас л нэг утга агуулгатай биз гэж мунхаглан бодном.
AI технологийн холбогдолтой мэдээллүүд
АНУ-ын дахин сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп тангаргаа өргөсний дараахан, Цагаан ордонд болсон хэвлэлийн хурал дээр OpenAI, Oracle болон Японы SoftBank компаниуд 500 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий Stargate төсөл хэрэгжүүлнэ гэдгээ зарлалаа. Энэхүү төслийн зорилго нь АНУ-д олон тооны дата төвүүд байгуулах, AI хөгжүүлэлт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хэдэн мянган ажлын байр бий болгох, улмаар AI технологийн салбар дахь АНУ-ын тэргүүллийг хадгалж, үндэсний аюулгүй байдал болон Америкийн холбоотнуудын мэдээллийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах учиртай аж. Эдгээр компаниудаас гадна Nvidia, Arm компаниуд ч төсөлд хөрөнгө оруулж байгаа бол Microsoft компани төслийн техникийн түншээр, мөн Ойрхи дорнодын AI технологийн сан болон MGX нь Softbank-д эзэмшдэг хувиараа дамжуулан, хөрөнгө оруулалт хийнэ гэжээ.
Төслийн хамгийн эхний алхам нь Техас мужид асар том дата төв байгуулах бөгөөд энэ дата төвийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь л гэхэд гигаваттаар хэмжигдэх бололтой. Энгийнээр тайлбарлавал, нэг гигаватт цахилгаан эрчим хүчээр дундаж хэрэглээтэй 750 000 өрх айлыг тогоор хангах хэмжээний хүчин чадал юм. Төслийн санхүү талыг SoftBank, үйл ажиллагааны менежментийг OpenAI дааж авсан бол Microsoft, Oracle, Nvidia, OpenAI компаниуд мэдээллийн систем, хатуу зөөлөн дэд бүтэц, компьютерийн системийг нь тус тус хариуцан ажиллах гэнэ. Трампын засаг захиргаа ажлаа гүйцэд авч амжаагүй байхад л хөрөнгө оруулалт орж ирж эхэлж байна уу даа?
Энэ даваа гарагт Хятадын AI технологийн DeepSeek компани R1 нэртэй шинэ AI багц модель гаргаснаа зарлав. Уг моделиудын хамгийн том нь гэхэд 671 тэрбум параметр агуулсан хүчирхэг эд боловч MIT open license буюу хэн дуртай нь үнэгүй татаж аваад, ашиглаж болох онцлогтой ажээ. Уг моделийг бүтээгчид “манай R1 нь математик тоцоолол болон зарим нэг програмчлалын даалгаврыг OpenAI компанийн o1 моделиос дутахааргүй сайн гүйцэтгэнэ“ гэж мэдэгдсэн гэнэ. Энэ багц моделиудын жижиг хувилбарууд болох DeepSeek-R1-Distill төрлийн 6 модель нь 1,5 - 70 тэрбум параметр өгөгдөлд суурилсан бөгөөд хамгийн бага оврын моделийг нь боломжийн чадалтай лаптоп дээр татаж авч суулгаад ашиглах боломжтой гэнэ. Мэдээж хэрэг том моделиудыг нь томоохон GPU бүхий хүчирхэг компьютерууд ажиллуулах нь ойлгомжтой.
Өнгөрсөн оны 9 сард анх гарсан OpenAI o1 модель нь анхны эргэцүүлэн бодох чадвартай AI модель буюу зүгээр л сургагдсан текст өгөгдлүүдээсээ бэлэн хариулт гаргаж тавих бус, хариултуудаа хэр зэрэг оновчтой байгааг нягталж, хариултуудаасаа шинэ асуулт гаргаж, бодож тооцоолон мухарладаг шинэ чадвартай болсон. Хятадуудын бүтээсэн энэ шинэ модель ч иймэрхүү chain-of-thoughts зарчмаар ажиллаж, бодож сэтгэдэг чадвартай аж. Гэхдээ л Хятадууд бүтээсэн юм хойно коммунист дэглэмийн сул тал, Тьянанмений талбайн хэрэг явдал гэсэн сэдвүүдээр огт хариулт өгдөггүй гэж уг моделийг хэрэглэж үзсэн 5-6 ч хүний коммэнт уншсан шүү 🙂
Тус компани Hunyuan3D 2.0 нэртэй, мөн л open-source төрлийн шинэ AI систем бүтээсэн нь өндөр чанартай 3 хэмжээст дүрс бүтээх, тэдгээрийг хөдөлгөөнд оруулах чадвартай юм байна. Энэхүү систем нь эхлээд Hunyuan3D-DiT хэрэгсэл ашиглан, 3 хэмжээст дүрс үүсгэдэг бол дараа нь Hunyuan3D-Paint хэрэгслийн тусламжтайгаар бүтээсэн дүрсээ бодит юм шиг харагдуулах гадаргуутай болгодог аж. Жишээ нь даавууны нугалаас, нүүр царайны онцлог, материалын бүтэц гэх мэтийг яг л бодитой мэт дүрсэлдгээрээ онцлог юм.
AI ашиглан, зураг дүрслэл үүсгэх бол нэг хэрэг, харин 3 хэмжээст модель үүсгэнэ гэдэг бол өндөр мэргэжлийн хүмүүсийн нөр их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг төвөгтэй процесс билээ. Харин Tencent ийнхүү нээлттэй эхийн шинэ хүчирхэг систем бий болгосноор хэн дуртай нь уг хэрэгслийг ашиглах боломж бий болж, төсөөллөө бодит болгох хязгааргүй ертөнц нээгдэж байна гэсэн үг. 3 хэмжээст тоглоом, анимэйшн бүтээх ажилд ч томоохон дэвшил гарах нь дамжиггүй юм.
Технологийн компаниуд
TikTok-н асуудал хаашаа эргэх вэ?
Өмнөх дугаартаа бичиж байсанчлан, TikTok 1-р сарын 19-нд АНУ-д хаагдах ёстой болоод байсан билээ. Ерөнхийлөгчийн зарлиг, дээд шүүхийн шийдвэртэй учир энэ хориг хугацаандаа хэрэгжиж, хэдэн цагийн турш TikTok хаагдсан ч маргааш нь тангаргаа өргөх байсан АНУ-ын ерөнхийлөгч Трампын засаг захиргаа уг апп-ыг ахин түр хугацаагаар сэргээлээ. Шинэ засаг захиргаа ByteDance компанид АНУ-ын засаг захиргаатай тохиролцох, эсвэл TikTok-н Америк дахь үйл ажиллагаагаа худалдах саналыг эргэн харахад нь зориулж, 75 хоногийн хугацаа өгсөн учир апп удалгүй хэвийн ажиллаж эхэлсэн аж. Үүнд хамгийн ихээр нөлөөлсөн хүнээр Трамп ерөнхийлөгчийн хүү, их сургуулийн оюутан Баррон Трамп тодроод байгаа билээ.
Тэгвэл уг апп-ыг худалдан авах магадлалтай гэж яригдаж байгаа хүмүүс гэвэл Фрэнк Маккурт(үл хөдлөх хөрөнгийн салбар) болон Кэвин Ө Лэйри(Шарк Танкийн хөрөнгө оруулагч) тэргүүтэй хэсэг хөрөнгө оруулагчид, AI хайлтын систем болон модель хөгжүүлэгч PerplexityAI, мэдээж хэрэг Илон Маск, мөн өнөөдрийн байдлаар алдарт YouTuber Mr. Beast нар яригдаж байна. АНУ-д л гэхэд 170 сая хэрэглэгчтэй гэгддэг TikTok тийм ч амархан алга болчихгүй байх гэж бодож байна.
АНУ-д TikTok хаагдах сургаар CapCut-н байдал ч эвгүйтэж ирсэн. Тэгвэл тэднийг хазайсан дээр нь түлхэнэ гэдэг шиг Meta компани ‘Edits’ гэдэг апп гаргаадахлаа. Instagram-н дагуул апп тодотголтой гарч ирж байгаа уг апп-ыг амралтын өдрийн үд дунд танилцуулсан нь бас л сонирхолтой. Instagram-н захирал Адам Мосери энэ талаар Threads дээр бичихдээ “Гар утсаа ашиглан видео бүтээх хүсэлтэй хэн бүхэн зориулсан шинэ апп гаргаж байна. Өнөөдөртөө төгс биш байгаа ч яваандаа контент бүтээгчдийн бүх хэрэгцээг хангах бүх боломжуудыг агуулсан апп болно“ гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн байна. Энэхүү апп нь чанартай зураг, бичлэг хийхэд зориулсан камерын хэрэгсэл, видео монтаж хийх хэрэгслүүд, найз нөхөд болон бусад контент бүтээгчидтэй өөрийнхөө бүтээлийг хялбархан хуваалцах, Instagram руу болон Reels рүү видеогоо хялбархан оруулах боломжуудтай гэжээ.
Dark web дээр үйл ажиллагаа явуулдаг Silk Road нэртэй томоохон хар зах ажилладаг байлаа. Уг сайт нь Tor сүлжээнд суурилан ажилладаг тул хэрэглэгчид нь нэр ус, хувийн мэдээллээ нууцлангаа мансууруулах бодис арилжих, худалдан авах, хуурамч паспорт бичиг баримт хийлгэх, мөнгө угаах, хакерын төлбөрт үйлчилгээ авах зэрэг “вээгүй” үйлчилгээ авах боломжтой газар байв. Мэдээж хэрэг нэрээ нууцлангаа их хэмжээний төлбөр тооцоог “азааргүй” хийх ганц арга нь Bitcoin байсныг дурдах нь зүйтэй. Уг сүлжээг үүсгэн байгуулагч, цахим сүлжээнд Dread Pirate Roberts нэрээрээ танигдсан Росс Ульбрихт гэдэг залууг 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо баривчилж, Silk Road-н үйл ажиллагааг зогсоож, улмаар мань хүнд 2015 онд бүх насаар нь хорих ялыг шүүхээс оноож байлаа.
Гэтэл ерөнхийлөгч Трампын ажлаа аваад гаргасан эхний зарлигуудынх нь нэг нь Росс Ульбрихтэд уучлал үзүүлсэн явдал байв. Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө тэрээр Америкийн либертар үзэлтнүүдийг дэмжиж явдагаа ил тод илэрхийлж байсны дээр сонгогдсоных нь дараахан Ульбрихтын Твиттер хаяг дээр “Хонгилын үзүүрт эрх чөлөөний гэрэл асч байна“ гэсэн жиргээ орсон байсан нь сонирхолтой. Хэдийгээр technically, энэ мэдээлэл технологийн компаниуд хэсэгт хамаарахгүй ч түүний суллагдах болсон талаарх мэдээллийг оруулахгүй бол алдас болох биз ээ.
Нэг өгүүлбэрээр
Урт урт параграф текст уншихаас залхуурдаг хүмүүс манай энэ “Нэг өгүүлбэрээр” буланг уншдаг гэж сонссон тул та бүхэн мэдээ мэдээллийг нэг өгүүлбэрт тоймлодог NewsBang апп-ыг туршаад үзвэл ямар вэ, айн?
Энэ удаагийн дугаар маань үүгээр өндөрлөж байна. Анхааран уншсанд баярлалаа.