Technosphere товхимол: Дугаар 65

Өглөөний мэнд. 1-р сарын сүүлийн дугаарыг нийтэлж байна. Хүлээн авна уу.

Хиймэл оюун ухааны технологи

ChatGPT Gov нэртэй уг моделийг АНУ-ын Засгийн газрын агентлагууд өөрсдийн мэдлийн, аюулгүй байдал хангагдсан орчинд ашиглах зориулалтаар тусгайлан бүтээжээ. Microsoft Azure Environment буюу тухайн байгууллагын мэдлийн үүлэн сервер, дэд бүтэц, аюулгүй байдал, апп хөгжүүлэлт, туршилт, ашиглалт гээд бүх үйл явцыг цогцоор нь шийдсэн орчинд байгууллагууд ChatGPT 4o, болон Enterprise хувилбаруудыг ашиглаж, өөр хоорондоо chatbot-ын яриагаа хуваалцах, тухайлсан даалгавар бүхий GPT (Custom GPT) үүсгэх боломжтойгоос гадна мөн байгууллагын хэмжээний хэрэглээнд хяналт тавьж зохицуулах админы хяналт зэрэг онцлог давуу талтай юм. Үүнээс өмнө буюу 2024 онд Америкийн засгийн газрын 3500 агентлаг, байгууллагын 90 гаруй мянган албан хаагчид ChatGPT-г идэвхитэй ашиглаж, 18 сая удаа чатботтой харилцсан статистик байдаг аж. “Төр ч гэсэн хүн шдэ” гэдэг шиг AI технологийн дэвшлийг төр засгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх өндөр хэрэгцээ шаардлага байдаг ч, тухайлан төрийн албаны нууцлал, аюулгүй байдлын шаардлага хангасан AI модель хараахан бүтээгдээгүй байсан билээ. Яваандаа байгууллага бүр өөрийн чиг үүрэгт нийцсэн тухайлсан AI agent-тэй болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Уржигдар буюу Хятадад битүүн болж байх өдөр Alibaba Group Holding компани өөрсдийн бүтээсэн Qwen нэртэй AI моделийн шинэчилсэн хувилбарыг танилцуулахын сацуу дэлхий даяар шуугиан тариад байгаа DeepSeek-н 12-р сард гаргасан V3 моделиос олон шалгуураар илүү гэж мэдэгдлээ. Alibaba Group-н үүлэн технологи болон AI хариуцсан компани болох Alibaba Cloud нь WeChat хаягаараа бичсэн мэдээлэлдээ шинээр гаргасан Qwen 2.5-Max модель нь OpenAI-ын GPT-4o болон Meta Platforms компанийн Llama-3.1-405B моделийг Arena-Hard, LiveBench зэрэг benchmark дээр хавьгүй илүүрхсэн гэсэн байна.

Alibaba компанийн multimodal AI модель нь 3 тэрбумаас эхлээд, 72 тэрбум хүртэлх параметртэй хэд хэдэн төрлөөр гарсан ба энгийн суурь модель болон сайжруулан сургасан гэсэн зэрэглэлтэй юм. Эдгээрийн дотроос хамгийн шилдэг нь болох Qwen2.5-VL-72B-Instruct-г ашиглахыг хүсвэл Qwen Chat платформоор дамжуулан ашиглах боломжтой. Харин Qwen2.5-VL бүлгийн бүх моделиудыг Hugging Face болон Alibaba-ийн өөрийн open-source хамтрал болохy Model Scope дээр туршиж үзэж болно гэнэ.

Технологийн компаниуд

Захирал Илон Маск компанийн тайлангийн хурал дээр энэ зургаадугаар сараас эхлэн, Техас мужийн Остин хотод дуудлагын Tesla таксины үйлчилгээ нэвтрүүлнэ гэж мэдэгдлээ. Энэхүү үйлчилгээнийн гол онцлог нь таны дуудсан машин жолоочгүй ирж, автомат жолоодлогоор хүссэн газарт тань хүргэхэд оршино. Тус компани автомат жолоодлогын системээ тасралтгүй сайжруулсаар байгаа ба энэ жил Калифорни мужаас эхлэн, бүрэн автомат буюу unsupervised full self driving үйлчилгээгээ оруулна, улмаар 6-р сараас эхлэн Техаст ажиллаж эхлэх аж. Гэхдээ нэг зүйл анхаарал татаж байгаа нь одоогоор Tesla машин эзэмшдэг хүмүүс энэхүү дуудлагын таксинд өөрийнхөө машиныг явуулах боломжгүй, ирэх 2026 оныг хүлээх ёстой гэжээ. Эндээс харахад, эхний ээлжинд дуудлагын таксины үйлчилгээнд жолооны хүрдгүй, хаазны гишгүүргүй Tesla машинууд явж магадгүй юм гэж би хувьдаа таамаглаж байна.

АНУ-ын засаг захиргаанаас нэгэнт хаагдах буюу хөөгдөх шийдвэрээ авчихаад байгаа TikTok-н үйлчилгээг авахаар нэгдсэн Oracle компанийн тэргүүлж буй хөрөнгө оруулагчид дунд Microsoft компани яваа гэнэ. Ингэхдээ TikTok-н толгой компани болох ByteDance нь TikTok-т хувь эзэмшсэн хэвээр үлдэж, тухайн апп-ын алгоритм, өгөгдөл хадгалалт, апп-н шинэчлэлийг цаашид Oracle хариуцах нөхцөл тавиад байгаа юм байна. Угаасаа одоогийн байдлаар TikTok нь Америк дахь Oracle-н серверүүдийн сүлжээг түшиглэж ажилладаг юм. Тэгэхээр хэрэв тус компани авч чадвал TikTok-н хэвийн үйл ажиллагаа тасалдахгүйн дээр Хятадын мэдлийн хувь хувьцааг хамгийн бага түвшинд аваачих бодолтой яваа аж. Харин худалдан авалт амжилттай болсон тохиолдолд Microsoft энд ямар үүрэг оролцоотой байх нь тодорхойгүй байна. Ямартай ч Oracle-аар дамжуулан хийх худалдан авалтад хөрөнгө оруулагчаар яваа гэдгийг эх сурвалжууд мэдээлсээр байна.

Компаниуд, хувь хүмүүс ажлын бүтээмжээ дээшлүүлэх гэж AI ашигладаг энэ замыг Иран, Хятад, Хойд Солонгосын хакерууд ч тойролгүй, ажлаа хөнгөвчлөх зорилгоор Google Gemini AI -г өргөн ашиглаж байна гэж Google-с гаргасан тайланд дурджээ. Google-н харъяах Threat Intelligence Group энэ тайланг биечлэн гаргадаг бөгөөд гадаадын сэжигтэй хакерууд Gemini-г ашиглан, шинээр код бичих, ээлжит золиос буюу хохирогчоо судлах, сүлжээний сул талыг хайх зэрэгт ашиглаж байгаа аж. Мөн худал мэдээлэл тараах, хуурамч хаяг үүсгэх гэх мэтчилэн олон зориулалтаар Gemini-г ашиглаж байгаа бөгөөд эдгээрээс хамгийн идэвхитэй нь Ираны хакерууд байгаа гэнэ. Харин Хятадууд AI ашиглан бичсэн кодныхоо алдааг шалгах, сүлжээнд гүн нэвтрэх арга хайхад ашиглаж, Хойд Солонгосын хакерууд AI-аар өөрийн CV, ажилд орох өргөдөл, эссэ зэргийг бичүүлэн, улмаар барууны технологийн компаниудад ажилд орохоор горилцгоодог гэжээ. Дээрх жишээнээс үзэхэд AI нэвтэрснээс хойших цахим халдлагууд илүү их өндөр түвшний, их хор хөнөөлтэй болж магадгүй байна.

Нэг өгүүлбэрээр

iPhone 4SE загвар ямар дүр төрхтэйгээр гарах вэ?

АНУ Тэнгисийн цэргийн хүчнээс дайчиддаа хандаж, DeepSeek ашиглахыг хорьсон тушаал гаргав.

PC Servers and Parts вэбсайт дээрээс ажил, гэртээ өөрийн гэсэн AI модель суулгаж ажиллуулах, бүр цаашилбал сургах зорилгоор хүчирхэг компьютер, workstation хайж байгаа хүмүүст зориулсан, refurbished бүтээгдэхүүнүүд(768GB RAM гэх мэт) санал болгож байна.

Германы эрдэмтэд үүдэл эс ашиглан, зүрхний эдийг ургуулж, гэмтсэн зүрхэнд амжилттай байршуулж чаджээ.

xAI компанийн Grok 3 хувилбарыг цөөн хэдэн хүн хэрэглээд эхэлсэн гэнэ шүү.

OpenAI компанийнхан DeepSeek-ийг бүтээх явцад өөрсдийнх нь AI моделийг хулгайгаар ашигласан гэж мэдэгдэв.

Nvidia GeForce RTX 5080 картын review

DeepSeek 7B модель дээр суурилсан image generator Janus-Pro-той танилцаарай.

Товхимлыг маань дуустал уншсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.