Technosphere товхимол: Дугаар 66

Өглөөний мэнд хүргэе! 2-р сарын анхны дугаараа хүлээн авч уншина уу.

AI технологийн орчинд

Google компани Gemini AI моделийн 2.0 шинэчлэлийг гаргалаа. Урьдын адилаар тэд хэрэглээний зориулалтаас нь хамааруулан, гурван өөр хувилбар танилцуулсан байна. Эхнийх болох Gemini 2.0 Flash Thinking буюу “reasoning” модель нь гар утсан дээрх Gemini апп, эсвэл браузер дээрх хувилбарт ашиглагдах бөгөөд өмнөх моделиос илүү хүчин чадалтай, бодож боловсруулах чадвартай болжээ. Харин удаах хувилбар болох Gemini 2.0 Flash-Lite нь програм хангамж хөгжүүлэгчдэд зориулсан, хямд зардалтай модель бөгөөд API-аар дамжуулан ашиглах боломжтой гэнэ.

Харин эдгээрээс хамгийн өндөр хүчин чадалтай хувилбар болох Gemini 2.0 Pro Experimental модель нь илүү нарийн төвөгтэй даалгавруудыг биелүүлэх, програмын код бичих, хянахад зориулагджээ. Энэ модель нь 2 сая токен мэдээлэл боловсруулах боломжтой гэдгээрээ онцлог юм. Одоогоор дээрх гурван хувилбар нь зөвхөн текстэн мэдээлэл л боловсруулж гаргах чадвартай бөгөөд зураг болон аудио өгөгдөл оруулж, боловсруулалт хийлгэж болно, шинээр үүсгэх боломж хараахан суулгаагүй байгаа юм байна.

TikTok-н толгой компани болох Хятадын ByteDance компани OmniHuman-1 нэртэй шинэ deepfake video модель гаргажээ. Энэхүү AI модельд ердөө нэг ширхэг фото зураг болон аудио өгөхөд л яг бодит бичлэг мэт видеог үүсгэж өгнө гэнэ. Ингэхдээ хэдэн ч минутын урттай, янз бүрийн стильтэй бичлэг үүсгэж болох ба бичлэг дээрх хүний биеийн зохистой харьцааг тохируулж болдгоороо онцлог юм. Энэхүү моделийг сургахад 19000 цагийн видео бичлэг, анимэйшн кинонууд ашиглагдсан тул үүсгэж буй бичлэг дээрх хүн амьтны хөдөлгөөн нь яг бодит мэт, алдаагүй дүрслэгддэг.

ByteDance компани OmniHuman-1 моделио олон нийтэд нээлттэй танилцуулаагүй байгаа хэдий ч туршин хэрэглэж үзсэн хүмүүсийн үүсгэсэн бичлэгийг үзэхэд аль нь бодит бичлэг, аль нь AI контент вэ гэдгийг ялгахад тун бэрх болсныг дурдаж байгаа. Хэдийгээр АНУ-ын 10 гаруй мужид бодит хүний зураг бичлэгийг AI ашиглан хөдөлгөөнд оруулж, impersonate хийхийг хуулиар хориглодог хэдий ч бусад мужууд энэ төрлийн зохицуулалтгүй байгаа нь нэг томоохон сорилт болоод байгаа юм.

Энэ 7 хоногийн Мягмар гарагт Австралийн засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу төрийн албанд ашиглагдаж байгаа бүх компьютер, ухаалаг төхөөрөмж дээр DeepSeek AI модель суулгахыг хориглож байгаа гэжээ. Тэд үүнийгээ үндэсний ашиг сонирхол, мэдээллийн аюулгүй байдалд харшилж байгаагаас болоод авсан арга хэмжээ гэж тайлбарлаж байна. Энэ хориг нь иргэдийн гар утас, коипьютер, ухаалаг төхөөрөмжид үйлчлэхгүй ажээ.

Одоогоор үүнтэй төстэй хоригийг Итали улс тавиад байсан бол саяхнаас Тайвань мөн DeepSeek-г төрийн байгууллагын компьютер дээр ашиглахыг хоригложээ. Энэ ташрамд дурдахад Австралийн засгийн газар нь 2 жилийн өмнө TiikTok-г мөн л төрийн албан хаагчид ашиглахгүй байх шийдвэр гаргаж байсан билээ.

Технологийн компаниуд

Японы автомашин үйлдвэрлэгч энэ хоёр компанийн нэгдэл 58 тэрбум доллараар хэмжигдэж, хэрвээ амжилттай болвол дэлхийн 4 дэх том автомашин үйлдвэрлэгч компани болох учиртай юм. Гэвч зарим эх сурвалжуудын мэдээлснээр Honda нь Nissan-ийг бүрэн өөртөө нэгтгэн, охин компани болгох санал гэнэт тавьснаар нэгдэн нийлэх үйл явц саатаж магадгүй болжээ. Уг нь 40 гаруй хоногийн өмнө анх олон нийтэд тус хоёр компанийг нэгдэх гэж байна гэсэн мэдээлэл тарснаас үзэхэд хоёр компани нэгдэж, нэг холдинг компанийн харъяанд орох, Nissan брэндийг цаашид үргэлжлүүлэн хадгалахаар яригдаж байсан ч хэд хоногийн өмнө болсон Honda компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа байдал өөрөөр яригдаж эхэлсэн байна.

Учир нь Nissan компанийн сүүлийн хэдэн жилийн санхүүгийн тааруу үзүүлэлтээс болоод компанийн үнэлгээ нь Honda компанийн 5-ны 1 буюу 20 хувьтай тэнцэхээр байгаа тул эн тэнцүү нэгдэл үүсгэхэд арай л хүч тэнцвэргүй байдал үүсгэхээр байгаа аж. Honda Nissan-г бүхэлд нь худалдан авч өөртөө нэгтгэх нь гэсэн мэдээлэл гарснаас хойш Nissan-ий хувьцаа 7%-иар унасан бол Honda компанийн хувьцаа 3.5%-иар өсөөд байгаа гэнэ.

Хятадын 3 дахь том гар утас үйлдвэрлэгч Xiaomi компани сүүлийн жилүүдэд гэр ахуйн цахилгаан бараанаас гадна цахилгаан автомашины салбар руу хүч түрэн орж ирж байгаа билээ. Тэдний хувьцаа энэ 7 хоногт 5 хувиар өсч, нэг бүр нь 40 HKD болсноор нийт компанийн үнэлгээ нь 1 их наяд HKD буюу 128.4 тэрбум долларт хүрчээ. Компани энэ жилдээ багтаж 300 000 дахь цахилгаан автомашинаа үйлдвэрээс гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

АНУ болон Хятадын хооронд технологийн болон худалдааны дайн явагдаад эхэлсэн энэ цаг үед ч Xiaomi ашиг орлого сайтай, ирээдүйн талаар өөдрөг төсөөлөлтэй байгаагийн цаад шалтгаан нь гэвэл тус компани жилийн нийт орлогынхоо 3-хан хувийг л АНУ-ын зах зээл дээрээс олдогт оршино. Өөрөөр хэлбэл, АНУ-ын зах зээл тэдний хувьд тэргүүлэх зэргийн ач холбогдолгүй учир худалдааны дайнаас амсах хор хохирол бага гэсэн үг юм.

Нэг өгүүлбэрээр

Трампын шинэ засаг захиргаа технологийн орчинд ямар нөлөө үзүүлж байна вэ?

Nvidia болон Карнеги Меллон их сургуулийн хамтарч хөгжүүлсэн робот бодит тамирчдыг дуурайсан хөдөлгөөн хийж сурчээ.

AI бодит бизнесийн орчныг хэрхэн өөрчилж байгаа талаарх 50 түүх

АНУ-д шинээр байгуулагдаж буй Баялгийн сан нь TikTok-г худалдан авч болох юм гэж Трамп мэдэгджээ.

Mistral AI өөрийн гэсэн iOS, Android апп-тай боллоо.

Amazon компани хиймэл оюун ухаанаар хүч нэмсэн шинэ Alexa-г энэ сарын сүүлээр танилцуулна.

Эл Сальвадор улс Bitcoin-г үндэсний албан ёсны валют гэж тооцож байсан хуулиа хүчингүй болгожээ.

OpenAI компани ребрэндинг хийв.

Бичил пластик хүний тархинд илүүтэй хуримтлагдаж байгааг тогтоожээ.

Рэппэр Канье Уэст шинээр гаргах гэж буй Bully цомогтоо AI ашиглаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ удаагийн дугаарыг хүлээн авч уншсан танд баярлалаа.