Technosphere товхимол: Дугаар 69

Айлчлан ирсэн “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн мэндийг уншигч та бүхэндээ дэвшүүлье. Сайхан шинэлцгээсэн биз дээ? Могой жилийн бар сарын анхны дугаараа хүлээн авч уншина уу.

AI технологийн эргэн тойронд

Хиймэл оюуны ухааны салбарын тэргүүлэгчдийн нэг OpenAI компани удахгүй төрөл бүрийн авьяас чадвартай, AI туслахын төлбөртэй үйлчилгээ санал болгох бололтой. Тухайлбал, сарын 2,000 долларын төлбөртэй бизнесийн мэргэжилтэн, программ хангамжийн ахисан түвшний мэргэжилтэй AI-г сарын 10,000 доллараар, тэр ч бүү хэл аль нэг салбарт Ph.D хэмжээний мэдлэгтэй, судалгааны чадвартай AI туслахын үйлчилгээг сарын 20,000 доллараар авах боломж санал болгох гэнэ. Зөвхөн 2025 онд л тэдний хөрөнгө оруулагч SoftBank зөвхөн энэ төсөлд 3 тэрбум долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн гээд бодохоор санасныг бодоход нилээн өндөр ач холбогдолтой ажил бололтой. Энэ төрлийн төслөөс тэд урт хугацаанд олох нийт орлогынхоо 25%-г бүрдүүлнэ гэж тооцоолж байгаа гэхээр аргагүй ч юм уу даа.

Өнгөрсөн 1-р сард тус компанийн захирал Сэм Олтмэн энэ 2025 оныг анхны AI агентууд хөдөлмөрийн зах зээлд нэгдэж, компаниудын бүтээмжийг нэмэгдүүлсэн жил байх болно зөгнөсөн билээ. Дээр дурдсан сарын төлбөрүүдийг анх сонсоход өндөр сонсогдож болох ч, тухайн салбарын топ мэргэжилтний авах цалинтай харьцуулаад үзэхээр харьцангуй шударга ч юм шиг. Мөн AI туслах нь ажилтантай адил өвдөж хавдах, гуниглах, ядрах, хоцрогдох зэрэг сул талгүй гээд бодохоор бизнесүүд нилээн сонирхохоор л юм шиг сонсогдож байна даа.

Alibaba-ийн Qwen AI багийнхан QwQ-32B нэртэй, бодож сэтгэх чадвартай, 32 тэрбум параметр бүхий шинэ AI модель бүтээснээ зарлав. Дээд түвшний математик, программын код бичих, ойлгох, мөн бодож, сэтгэх даалгавруудыг төвөггүй гүйцэтгэдэг энэхүү модель нь хямд үнэтэй мөртлөө, өөрөөсөө 20 дахин илүү буюу 671 тэрбум параметр бүхий DeepSeek-R1 моделиос илүү өндөр гүйцэтгэл үзүүлсэн гээд бодохоор тун гайхалтай хэрэг юм. Хямд гэхийн учир нь энэхүү модельд команд өгөх нэг сая токен тутам нь 20 цент гээд бодохоор DeepSeek-R1 болон Chat GPT o1-mini зэргийг ажиллуулах өртгөөс 90%-иар хямд дүн билээ. Үүн дээр нэмээд Qwen багийнхан уг моделийг Apache 2.0 лицензийн нөхцлөөр open-source буюу Hugging Face болон Alibaba Cloud-ийн ModelScope платформууд дээр нээлттэй байршуулсан нь анхаарал татаж байна. Хятадын засгийн газраас хиймэл оюун ухаан, хүн төст робот, 6G технологиудыг дэмжинэ гэж зарласантай зэрэгцэн, тус улсын AI технологийн компаниуд дэлхийг гайхшруулсан шинэ моделиуд танилцуулж байна.

Харилцаа холбооны T-Mobile компанийн толгой компани болох Deutsche Telekom болон AI технологийн Perplexity компаниуд хамтран, AI чатбот программ бүхий гар утас бүтээнэ гэдгээ зарлалаа. Уг гар утас нь Magenta AI нэртэй хиймэл оюун ухааны туслахаар дамжуулан хэрэглэгчдэд олон төрлийн үйлчилгээ санал болгох бөгөөд үүнд шууд яриа орчуулах, AI аватар бүтээх, AI-д суурилсан подкаст хийх гэх мэтчилэн олон бүтээлч хэрэгслүүдийг санал болгох ажээ. Perplexity компани уг гар утсаа “app-less” буюу ямар нэг тухайлсан апп суулгалгүйгээр хэрэглэгч дуу хоолойн командаар дамжуулан, нислэг захиалах, зочид буудал, ресторанд захиалга өгөх, такси дуудах, онлайн худалдан авалт хийх боломжтой байхаар програмчилна гэжээ.

Энэхүү гар утас нь одоогоор ямар хүчин чадалтай төхөөрөмж байх нь тодорхойгүй байгаа ч 1000 доллараас доош үнэтэй байна байх гэсэн хүлээлттэй байна. Албан ёсны танилцуулга дээр тавигдсан зургаас үзвэл дунд зэргийн Андройд гар утас шиг хэмжээтэй, энгийн загвартай байхаар харагдаж байгаа. Telekom болон Perplexity компаниуд анхны загвараа энэ жил эцсийн байдлаар танилцуулж, ирэх жилээс худалдаанд гаргаж, эхний ээлжинд Европын зах зээлд нийлүүлнэ гэж мэдэгджээ.

Технологийн компаниуд

Технологи сонирхогчдын хүрээнд яригдаж байсанчлан Apple компанийн MacBook Pro, iMac, Mac mini компьютеруудын уураг тархи болсон M4 силикон чипээр тоноглогдсон MacBook Air цувралын лаптопууд худалдаанд гарах нь ээ. Бусдаар бол уг цувралын зөөврийн компьютеруудын загвар дизайн, оролтуудын тоо, дэлгэц, товчлуурт гаранд ямар нэг өөрчлөлт хийгдээгүй гэж хэлж болно. Гэхдээ энгийн хэрэглэгчдийн хувьд хамгийн түрүүнд анзаарах өөрчлөлт нь түрүү жилийн M3 Air загварын үнээс 100 доллараар хямдарсан үнэ юм. 15 инчийн дэлгэцтэй загвар нь ч түрүү жилийнхээс 100 доллараар хямдарч, $1199 үнээр зарагдах болж байна. Хамгийн хямд загвар нь 16GB RAM, 256GB багтаамжтай, 8 цөм бүхий M4 GPU гэсэн үзүүлэлттэйгээр хэрэглэгчдийн гар дээр очих нь ээ.

Уламжлал ёсоор өмнөх Air загваруудын нэгэн адил хөргөлтийн сэнсгүй тул хүчин чадлын хувьд Pro болон энгийн MacBook лаптопоос бага зэрэг удаан байх нь ойлгомжтой. Гэсэн ч нэгэн зэрэг 3 дэлгэц(үүний хоёр нь 6К нягтралтай байж болно) холбож ажиллуулж болохоос гадна RAM-ыг нь 24GB эсвэл 36GB болгож томсгож болно гээд бодохоор боломжийн сайн компьютер гэдэг нь илт байна. Худалдаанд энэ сарын 12-ноос эхэлж гарна хэмээн Apple албан ёсны сайт дээрээ мэдээлжээ. Түүнчлэн, M3 чиптэй iPad-н талаарх мэдээллийг эндээс уншаарай.

Тэртээх 1972 оны 12 сарын 11-нд АНУ-ын Аполло 17 хөлөг саран дээр газардсанаас хойш олон арван жилийн туршид NASA ч тэр, АНУ-ын өөр бусад сансар судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч сар руу зүглээгүй байсан юм. Гэсэн ч түрүү жилийн 2-р сарын 22-нд Intuitive Machines нэртэй Америкийн хувийн компанийн бүтээсэн Nova-C Odysseus нэртэй хөлөг саран дээр зөөлөн газардсан. Хэдийгээр хөлөг төлөвлөснөөрөө газардаж чадалгүй, онхолдож унасан ч төлөвлөсөн даалгаврынхаа ихэнхийг амжилттай гүйцэтгэснээр 51 жилийн дараа Америкт бүтээгдсэн сансрын хөлөг саран дээр буусан үйл явдал болсон юм.

Өнгөрсөн 7 хоногт буюу биднийг сар шинэ гээд тонтгонож байх хооронд мөн л АНУ-ын Firefly компанийн Blue Ghost нэртэй хөлөг саран дээр хазгай ч гэсэн газардаж, GPS системийг саран дээр ашиглах боломжтойг харуулав.. Түүгээр ч үл барам өнөөдөр Intuitive Machines компани дахин Nova-C төрлийн Athena нэртэй газардагч хөлгөөрөө саран дээр бууж магадгүй байна. Хэрвээ ажиллагаа амжилттай болвол 377 хоногийн дотор Америкийн 3 газардагч хөлөг саран дээр буусан тохиолдол болох юм. Хөлөг амжилттай газардвал дараагийн даалгавар нь сарны хөрсөнд өрөмдлөг хийж, мөс байгаа эсэхийг илрүүлэх ажээ.

Манай өмнөх дугааруудаас Apple компани 2028 он гэхэд үйлдвэрлэж эхлэх байсан ухаалаг цахилгаан хөдөлгүүрт машины төслөө(10 тэрбум долларын төсөл шүү дээ) бүрэн зогсоосон талаар уншиж байсан гэж найдаж байна. Тэгвэл 2011 онд анх гар утас үйлдвэрлэж эхэлсэн Хятадын нэгэн компани өнөөдөр цахилгаан автомашин бүтээж үйлдвэрлээд зогсохгүй, худалдаанд гарснаа хойших ганцхан жилийн хугацаанд нийт 135000 ширхэгийг зарсан амжилт үзүүлээд байна. Энэ бол Хятадын Apple гэгддэг Xiaomi компани. Урд хөршийн олон ч автомашин үйлдвэрлэгч цахилгаан автомашин бүтээхээр зориг шулуудсанаас зарим нь дампуурч, зарим нь хөл дээрээ бат зогсоод байгаа. Технологийн компаниудаас гэвэл Xiaomi-оор тогтохгүй Huawei компани ч Seres Group болон төрийн мэдлийн SAIC Motor компани, BAIC, Chery зэрэг автомашин үйлдвэрлэгч нартай хамтран, цахилгаан хөдөлгүүртэй, ухаалаг автомашины төсөл рүү ороод байна.

Түрүү жилийн 3-р сард худалдаанд гарсан Xiaomi SU7 автомашиныг хэлбэр загвар, хүчин чадлын хувьд Porsche-тэй тун төстэй гэлцдэг. Түүгээр ч барахгүй SU7 худалдаанд гарснаас хойш Хятад дахь Porsche машины борлуулалт 30 хувиар буурсан гэсэн мэдээлэл бий. Ухаалаг утас, тоос сорогч, зурагтнаас эхлүүлээд, үзэг бал, халуун сав хүртэл үйлдвэрлэдэг Xiaomi компанийн орлогын багахан хувийг л SU7 машины борлуулалт эзэлж байгаа ч яг автомашин үйлдвэрлэлийн салбар, түүн дотроо цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьд гуравхан жилийн дотор хөгжүүлж бүтээсэн автомашин худалдаанд гарсан эхний жилдээ 135000 ширхэг зарагдаж, 2025 онд энэ борлуулалтаа давуулан биелүүлэхээр төлөвлөөд байгаа гэдэг нь таагүй мэдээлэл билээ. Саяхан гаргасан SU7 Ultra загвараа Германы Nürburgring уралдааны зам дээр хурдлуулж, дэлхийн хамгийн хурдан седан машин гэсэн рекорд тогтоосон Xiaomi компани удахгүй YU7 нэртэй жийп ангиллын автомашин гаргах гэж байгаа гэсэн яриа гараад байна.

Нэг өгүүлбэрээр

OpenAI GPT4.5 модель гарлаа.

Samsung компани Apple Vision Pro-той өрсөлдөх ухаалаг шилийг энэ жил худалдаанд гаргана гэнэ.

Mobile World Congress 2025 арга хэмжээний үеэр танилцуулагдсан шинэ технологи, төхөөрөмжүүдийн тойм.

Google-ийн Pixie ухаалаг туслах нь Pixel 10 гар утсанд сууж, хэрэглэгчдийн гарт очно.

Alibaba группийн хөгжүүлсэн видео контент бүтээгч AI хэрэгслээр насанд хүрэгчдийн видео бүтээж цацсан явдал олноор гарав.

TikTok-н Америк дахь бизнесийг худалдан авах сонирхолтой хүмүүсийн тоонд Reddit-н үүсгэн байгуулагч эрхэм нэмэгдлээ.

Amazon компани удахгүй өөрийн гэсэн бодож сэтгэдэг AI модель гаргана.

Мэс заслын роботуудын хөгжлийн чиг хандлага

AI-н тусламжтайгаар технологийн топ компаниудын ажлын ярилцлагыг давсан гэнэ.

ScaleAI компани АНУ-ын Батлан хамгаалахын салбарт AI технологийн шийдэл нийлүүлэх томоохон тендерт ялжээ.

Манай шинэ дугаарыг энэ хүртэл уншсан танд баярлалаа. Таалагдсан бол шэйр хийхээ мартуузай 🙂