Technosphere товхимол: No70

Өглөөний амар мэндийг эрэн мэндчилж байна. 70 дахь дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна.

AI технологийн холбогдолтой мэдээллүүд

Манай урд хөршийн технологийн компаниуд сүүлийн үед хиймэл оюун ухааны салбарт цахиур хагалж байгаа билээ. DeepSeek, Alibaba Qwen, Yuanbao, Manus гээд бараг л 7 хоног бүр барууны орнуудын AI моделиудыг бут цохих хүчирхэг шинэ AI моделиуд танилцуулж байгаа. Мэдээж хэрэг, эдгээр моделиудыг номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан мэргэжлийн инженер, дата мэргэжилтнүүд, хөгжүүлэгчид бүтээж байгаа билээ. Харин Хятадын засгийн газраас ирээдүй хойч үеэ ч AI технологитой эртхэн танилцуулах шийдвэр гаргаж, Бээжин хавийн дунд сургуулиуд ирэх намраас эхлэн, хиймэл оюун ухааны хичээл үзэж эхлэхээр болжээ.

Энэ хөтөлбөрийн дагуу нэг жилд хамгийн багадаа хичээлийн 8 цагт хиймэл оюун ухааны талаарх ойлголтыг сурагчдад өгөх ёстой болж байгаа бөгөөд энгийн дунд сургуулиуд AI-н талаарх анхан шатны ойлголт, харин төрөлжсөн ахлах сургуулиуд AI-н хэрэглээ, бүтэц зохион байгуулалт, ажиллагааг илүүтэй, бас олон цагаар заалгаж үзэх гэнэ. Бараг бүгд л нэг гараанаас шахуу эхэлж байгаа энэ технологийн салбарт хэдүүлээ ч гэсэн хоцрохгүй байх юмсан даа.

Google компани ганцхан GPU эсвэл TPU дээр ажиллуулж болохуйц, авсаархан хэмжээтэй ч боломжийн гүйцэтгэлтэй, Gemma 3 нэртэй багц AI моделио танилцууллаа. Gemma 3 нь ерөнхийдөө Gemini 2.0 модельтой ижил технологи дээр суурилж бүтээгдсэн аж. Gemma 3 нь 1B, 2В, 12В болон 27В параметртэй гэсэн 4 өөр хэмжээтэй гарсан бөгөөд гар утаснаас өгсүүлээд лаптоп дээр хүртэл ажиллуулж болохоор тохируулагдсан юм байна.

27 тэрбум параметр бүхий Gemma модель л гэхэд LMArena вэбсайтын шалгууруудаар өөрөөсөө хавьгүй том моделиуд болох Llama-405B, DeepSeek-V3, GPT o3-mini нараас илүү гүйцэтгэл үзүүлжээ. Мөн эдгээр моделиуд нь 128К токен нэг дор боловсруулах, 140 хэл дээр ажиллах, зураг, текст, богино видеонд анализ хийх чадвартай бүтээгдсэн гэнэ. Бие жижиг ч бэлчээр том гэдэг шиг бага хүчин чадал, бага эрчим хүчээр үр ашигтай ажиллаж, multimodal боловсруулалт хийж чадаж байгаа нь түүний том давуу тал юм.

Дээрхээс гадна Google-ийнхэн ShieldGemma 2 нэртэй, 4 тэрбум параметр бүхий, зураг дүрсэнд анализ хийж, зохисгүй агуулга байгаа эсэхийг илрүүлдэг AI модель гаргаж байгаагаа мэдэгдсэн.

Шанхай хотын Жиа Тон их сургууль, Цинхуа их сургууль болон Infinigence-AI судлаачдын баг хамтран FlightVGM нэртэй видео бүтээгч AI модель хөгжүүлсэн бөгөөд ингэхдээ бусдын адил Nvidia-н үнэтэй GPU бус боломжийн үнэтэй, элбэг зарагддаг AMD компанийн V80 FPGA чип ашигласан нь анхаарал татсан явдал болов.

FPGA (Field-Programmable Gate Array) гэдэг нь хэрэглэгчийн хүссэнээр програмчлах боломжтой цахим чип юм. FPGA-гийн гол онцлог нь хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохируулан FPGA-г програмчлах боломжтой ба дахин програмчилж өөр зориулалтаар ашиглаж болдог онцлогтой. Мөн стандарт процессортой харьцуулахад тодорхой даалгаврыг хурдацтай гүйцэтгэх чадвартай учраас тусгай зориулалтаар буюу хиймэл оюун, сансрын технологи, дижитал дохио боловсруулах зэрэг салбарт өргөн хэрэглэгддэг.

Тэдний бүтээсэн FlightVGM нь ажиллагааны хувьд Nvidia RTX 3090 GPU-нээс 30%-иар илүү гүйцэтгэлтэй, мөн эрчим хүчний хэрэглээний хувьд 4.5 дахин бага байжээ. Энэ шалтгааны учир тэднийг судалгааны салбарын олон улсын нэр хүндтэй шагнал болох Best Paper Award-н FPGA 2025 төрөлд шалгаруулж шагнасан нь эх газрын Хятадаас анх удаа энэ шагнал хүртсэн явдал болов. FPGA-г ийнхүү оновчтойгоор ашигласан нь цаашид робот удирдах, автомат жолоодлоготой автомашин удирдах зориулалттай AI хөгжүүлэлтийн зардал болон эрчим хүчний хэрэглээг бууруулах ач холбогдолтой билээ.

Технологийн компаниуд

Ингэж бичихийн учир нь зөвхөн энэ 7 хоногийн даваа гарагт л гэхэд тус компанийн хувьцааны үнэ 15 хувиар унасан нь 2020 оноос хойших нэг өдөрт тохиосон хамгийн том уналт болов. Ер нь л Илон Маскийг Вашингтон руу явж, ерөнхийлөгч Трампын засаг захиргаанд орж ажилласан өдрөөс хойш 7 хоног бүр хувьцааны ханш нь доошилсоор, 12-р сарын 17-нд $479.86 үнэтэй байсан нэгж хувьцаа нь одоо $240 болж, 46%-н уналттай буюу компанийн нийт үнэлгээ нь 800 тэрбум доллараар багассан байдалтай явж байна. Хувьцааны үнийн уналтад нөлөөлсөн маш олон шалтгаан байгаагийн нэг нь компани сүүлийн 7 улирал дарааллан алдагдалтай ажиллаж байгаа явдал мөн хэдий ч компанийн захирал Илон Маскийн улс төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор хэрэглэгчдийн дунд Tesla-г бойкотлох, худалдан авахгүй байх хөдөлгөөн өрнөж, улмаар Tesla эзэмшигчид ч унаж байгаа автомашинаа алдагдалтай үнээр зарж эхэлсэн нь гал дээр тос нэмсэн үйл явдал болж байгаа.

Учир нь эсэргүүцэгчид бусдын Tesla машиныг зурж гэмтээх, будаг шүрших, цонхыг нь хагалж, дугуйг нь хулгайлах зэрэг аргаар Илон Маскийн эсрэг дургүйцлээ илэрхийлж байгаагаас гадна Tesla-н борлуулагч дилерүүдийн гадна жагсаал хийх, барилга руу будаг цацах тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Үүний эсрэг арга хэмжээ болгож, ерөнхийлөгч Трамп Цагаан ордны гадаа Tesla машинд суун зураг авахуулж, америкчуудыг Tesla худалдан авахыг уриалсан ч тус нэмэр болох нь бага байх шиг. Одоогоор Илон Маск илүү хямд Tesla загвар гаргах, автомат жолоодлого бүхий дуудлагын такси үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг амлалтууд өгөөд байгаа ч түүний баримталж буй улстөрийн байр суурь, DOGE яаман дээр хийж буй аудитын үйл ажиллагаа зэрэг нь эсрэг тэсрэг үзэл баримтлалтай иргэдийн дургүйцэл хүчтэй байгаа тул компанийн хувь заяа цаашид бүрхэг байх болов уу гэж хэвлэлүүд бичээд эхэлсэн байна.

Энэ жилийн 1-р сард анх fact-checking буюу баримт шалгах үйлдлийг Community Notes хувилбараар сольж, илүү нээлттэй, өрөөсгөл хандлага багатай аргаар ташаа мэдээлэлтэй тэмцэнэ гэдгээ Meta компани зарлаад байсан. Тэгвэл энэ функц 3-р сарын 18-наас эхлэн АНУ-ын хэрэглэгчдэд хүрч эхлэх нь ээ. Анх энэ мэдээллийг цацсанаас хойш Community Notes-т оролцох хүсэлтээ гаргасан хүний тоо 200000 хүрээд байгаа бөгөөд мэдээж хэрэг тэд бүгд баримт шалгаж, бусдын постууд дээр тайлбар бичнэ гэсэн үг биш юм. Meta компани тэднээс үе шаттайгаар, random сонголт дээр суурилан, Community Notes ашиглах эрх өгнө гэдгээ мэдэгдсэн.

Тэд Х буюу Твиттерт Community Notes бичихэд ашиглагддаг open-source алгоритмыг ашиглаж байгаа бөгөөд хэн нэгний пост дээр залруулга тайлбар бичигдлээ гэхэд Community Notes-н бусад хэрэглэгчид түүний залруулгыг олноороо хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л залруулга баталгаажиж, анхны постын дээр харагдах учиртай юм. Одоогоор мэдэгдэж байгаачлан, залруулга пост нь 500 хүртэл тэмдэгтэд багтсан байх, залруулгыг баталгаажуулах мэдээлэл бүхий линк агуулсан байх зэрэг шаардлагыг хангах ёстой. Мөн баримт шалгаж, залруулга оруулахын тулд хэрэглэгч өөрөө 18 нас хүрсэн, FB Хаяг нээгээд дор хаяж 6 сар болсон байх, гар утасны дугаараараа 2FA баталгаажилт хийлгэсэн байх зэрэг шалгуурыг хангасан байх ажээ.

Нэг доор 17600 хүн суух буюу босоогоороо 20000 хүний багтаамжтай энэхүү бөмбөлөг хэлбэрийн энтертайнмент төвийг анх Sphere Entertainment компани 1.2 тэрбум доллараар барина гэж төлөвлөж байсан ч бодит байдал дээр 2.3 тэрбумыг зарцуулж байж бүтээн босгосон байдаг. Одоо харин тус компани Sphere-ийн багасгасан хувилбар буюу 5000 хүний суудалтай жижиг Sphere-ийг Америкийн бусад хотуудад барихаар төлөвлөж байгаа гэж компанийн захирал мэдэгджээ. Өндөр өртгөөр боссон одоогийн Sphere-г уран бүтээлчид болон компаниуд концерт, үзэсгэлэн, арга хэмжээний зориулалтаар түрээслэхэд өндөр үнэтэй байгаа учир арай бага зардлаар ижилхэн Sphere байгуулж, түрээсийн зардлыг бага байхаар бодолцож байгаа гэж мөн ярьсан байна.

Одоогоор тус театрт Eagles, Phish, U2 зэрэг хамтлагууд гэрлийн тусгай эффектийн Industrial Light студитэй хамтран тоглолтоо тавьсан ч тэдний гаргасан зардлаар тус театрт уран бүтээлээ толилуулах уран бүтээлчид төдийлөн олон биш байгаа нь дээрх шийдвэрийг гаргахад хүргэжээ. Үүнээс гадна Sphere Entertainment компани нь өнгөрсөн жил АНЭУ-ын Абу Даби хотод бүрэн хэмжээний Sphere-ийн 2 дахь хувилбарыг байгуулна гэж мэдэгдсэн билээ.

Нэг өгүүлбэрээр

AI-д суурилсан хайлтын системүүд нийт хайлтын 60%-д нь алдаатай мэдээлэл гаргаж өгч байна.

Трампын засаг захиргааны эхний 100 хоног технологийн салбарт ямар нөлөө үзүүлэв?

AI-д суурилсан сонирхолтой 10 вэбсайт

Snapchat-г эзэмшигч Snap компани өөрсдийн бүтээсэн AI хэрэгслийг нэвтрүүлнэ.

Америкийн сансрын зэвсэгт хүчнийхний нэвтрүүлэх гэж буй шинэ зэвсэглэлүүдийн талаар.

Google дата төвүүддээ лити-ион батарей ашиглахаар болж байна.

Америкийн далайн боомтууд автоматжуулалт руу шилжиж эхэллээ.

Хятадын AI технологийн дэвшил нь АНУ-ын давуу талыг үгүй хийж байна уу?

Австралид нэгэн эр хиймэл зүрхтэйгээр 100 хоног амьдарч чаджээ.

Дан ганц AI ашиглан бүтээсэн уран бүтээлд зохиогчийн эрхийн хамгаалалт үйлчлэхгүй.

Үүгээр энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Сонирхон уншсанд тань баярлалаа.