- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: No72
Technosphere товхимол: No72
AI технологийн эргэн тойронд

Google компани Gemini 2.5 багц AI модель гаргаж байгаагаа зарлалаа. Сүүлийн үед шинээр гарч буй AI модель бүрийн нэгэн адил бодож сэтгэх, учир шалтгааныг эргэцүүлэх өндөр чадвар агуулсан шинэ AI хэрэглүүр гаргаж байгаа бөгөөд үүнээс онцлон Gemini 2.5 Pro Experimental загварыг Google компанийн гаргаж байсан хамгийн ухаалаг AI модель гэж тэд онцолжээ. Энэ шинэ модель нь өмнөх хувилбаруудынхаа нэгэн адилаар текст, аудио, зураг, видео болон програмчлалын код боловсруулах хүчин чадалтай гэдэг нь одоо цагт өргөнөөр ашиглагдаж байгаа AI моделиудаас илүү гэдгийг нь илтгэж байна. Энэхүү шинэ моделийг бодож сэтгэхдээ сайн гэдгийг нотлохын тулд benchmark тестүүд бөглүүлж, тоо бодуулж, шинжлэх ухааны асуултуудаар булж, програмын код бичүүлж, засварлуулж туршсан гэнэ. Түүгээр ч барахгүй AI чатботуудыг харьцуулж эрэмбэлдэг Chatbot Arena LLM-н жагсаалтыг тэргүүлсэн байдаг шүү.

Үүнээс гадна Gemini 2.5 нь Google-ийн гаргасан AI моделиуд дотроос хамгийн өгөгдөл нэг доор боловсруулах чадвартай буюу 1 сая токен боловсруулах боломжтой бөгөөд тун удахгүй энэ хүчин чадлыг 2 сая болгож нэмэгдүүлнэ гэдгээ Google амлаад байна. Энэхүү шинэ моделийг туршмаар байвал Gemini вэбсайт, эсвэл Google AI Studio руу зочлоорой.

Өрсөлдөгч AI технологийн компаниуд нь байнга шинийг эрэлхийлж, араас нь шил даран хөөсөөр байгаа ч OpenAI энэ салбартаа үргэлж шинийг эрэлхийлэгч, тэргүүлэгч байсаар ирсэн гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ. Тус компани энэ 7 хоногт ChatGPT хэрэглүүрт нэгтгэгдсэн шинэ Image generation / editing хэрэгсэл гаргаад авлаа. Энэхүү шинэ хэрэгслийг ChatGPT-ээр дамжуулан шууд хэрэглэх боломжтой гэдэг нь онцлог юм. Одоо зураг үүсгэхийн тулд заавал DALL-E 3 хэрэгсэл ашиглахгүйгээр GPT-4o өөрөө ажиллаж бодит мэт, фото зурагнаас бараг ялгарахааргүй зураг үүсгэж өгөхөөс гадна хэрэглэгч өөрөө зургаа upload хийж, улмаар зургийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой болсон нь онцлог юм.

Жишээ нь өөрийнхөө зургийг upload хийгээд Ghibli студийн хүүхэлдэйн кино шиг болго гэсэн командыг хэрхэн биелүүлснийг энэ зургаас харж болж байна. Энэхүү хэрэгслийг ашигламаар байвал ChatGPT болон Sora-ийн бүх төлбөртэй, төлбөргүй эрхээр хандахад л болно. Өөрийнхөө зургийг жоохон өөрчилмөөр санагдвал:
chatgpt.com эсвэл sora.com руу орно
Өөрийнхөө зургийг upload хийнэ
Болж өгвөл англи хэлээр зургийг яаж өөрчилмөөр байгаагаа бичнэ. Жишээ нь “миний зурган дээрх хүний толгойг нөгөө тийш нь харуулаад өг” гэх мэт.

ChatGPT-г бүтээсэн зардлын бараг 100 хуваасны нэгтэй тэнцэх мөнгөөр, хэн дуртай нь татаж аваад хэрэглэж болох open-source мөртлөө хүчирхэг AI моделийг Хятад залуус бүтээжээ гэсэн мэдээлэл гарч шуугиулаад сар гаруйхан болж байхад мөнөөх DeepSeek модель нь хоёр ч шинэ загвар гаргаж, хамгийн сүүлийн үеийн байдлаар DeepSeek-V3-0324 хувилбараа олон нийтэд нээлттэй дэлгээд байгаа билээ. 685тэрбум параметр бүхий энэхүү хүчирхэг моделийг бүрэн утгаар нь ашиглахыг хүссэн хэрэглэгчид Apple-ийн Mac Studio гэх зэрэг хүчирхэг компьютерууд дээрээ аль хэдийн татаж аваад ажиллуулж эхэлсэн гэнэ. Бид өөрсдийнхөө хэрэглэдэг ком дээр browser-аар орж, Chatgpt гэж бичээд, янз бүрийн асуулт асууж, зураг үүсгэхэд хаа нэгтээх дата төв дээр нэг сервер ажиллаж, боловсруулалт хийгдэж байгаа гэсэн үг. Харин энд бичигдсэн “ажиллуулах” гэдгийг тухайн AI моделийг дата төв биш гэртээ, ажил дээрээ хэрэглэдэг ком дээрээ татаж аваад, боловсруулалт хийх зориулалтаар ажиллуулж байгааг хэлж байгаа гэдгийг уншигчид маань ойлгоорой.
Нэг жишээ дурдахад, AI технологи судлаач нэгэн эрхэм өөрийн M3 Ultra чиптэй 512GB RAM-тай Маc Studio компьютер дээр уг AI моделийг ажиллуулж үзэхэд секундэд 20 гаруй токен боловсруулж байсан аж. Хэдийгээр 9500 долларын үнэтэй хэдий ч энгийн хэрэглэгчид зориулсан гэсэн ангилалд багтах уг компьютер дээр өндөр хүчин чадалтай AI модель ийнхүү ажиллаж байна гэдэг нь хэдэн мянган долларын үнэтэй Nvidia GPU бүхий олон сая долларын өртөгтэй дата төв ажиллуулж, AI хөгжүүлж туршдаг бусад өрсөлдөгч компаниудад тийм ч сайн мэдээ биш гэдэг нь ойлгомжтой биз ээ.
Технологийн компаниуд

Манай хойд хөршийн Фэйсбүүк гэж хэлэхэд хилсдэхгүй нэгэн үйлчилгээ байдаг нь VK буюу ВКонтакте платформ билээ. Украины дайн гарснаас хойш барууны олон нийтийн сүлжээний платформууд Оросод хаагдаж, VK-г тэд идэвхитэй хэрэглэх болсон. VK нь өөрийн гэсэн месенжер үйлчилгээтэй хэдий ч Хятадын WeChat үйлчилгээний бараг хуулбар гэмээр “Макс” нэртэй үйлчилгээ хөгжүүлж, удахгүй бета хувилбар нь App Store, Play Store-д тавигдаж эхлэх гэнэ. Хэрэглэгчид хоорондоо чаатлах, дуудлага хийх боломжтой байхаас гадна 4ГБ хүртэлх хэмжээтэй файл илгээх, мөн ойрын хугацаанд төлбөр тооцоо хийх боломжоор хангагдах ажээ.
Эхний ээлжинд тус үйлчилгээг Оросын болон Беларусийн сим карттай хэрэглэгчид ашиглах боломжтой байх бөгөөд чаат, месенжрийн бүх боломжуудаар хангагдахаас гадна ойрын хугацаанд онлайн худалдаа, ресторан, тэр ч бүү хэл төрийн үйлчилгээний төлбөрүүдээ “Макс” платформоор дамжуулан төлөх боломжтой болно гэсэн мэдээллүүд цацагдаад байна. Энэ хавартаа багтаад iOS болон Android дээр уг апп нэвтрэх бөгөөд хэрэглэгчид гар утаснаас гадна суурин компьютер дээрх browser-аараа дамжуулан ашиглах боломжтой байх гэнэ. Иргэний нийгмийн байгууллагууд болон гадаадад амьдардаг орос иргэд энэ платформын зорилго нь иргэдийнхээ харилцаа холбоо, санхүү төлбөрийг хянах гэсэн засгийн газрын хүслийг хангах зориулалттай гэж сэжиглэж байгаагаа мэдэгдэж эхлээд байгаа юм.
Нэг өгүүлбэрээр
Харанхуй үйлдвэрийн эрин буюу гэрэлтүүлэггүй үйлдвэрүүдийн талаар товчхон.
АНУ-ын зэвсэгт хүчний удирдлагууд довтолгооны “нууц” төлөвлөгөө ярилцаж байсан чаатандаа хувийн хэвшлийн сэтгүүлч байсныг анзааралгүй гэнэдэв.
Нэгэн үе Twitter компанийн бэлэгдэл болж байсан цэнхэр шувууг компанийн оффисын барилга дээрээс буулгаж, дуудлага худалдаагаар 35000 долларын үнээр заржээ.
Толгойтоос Амгалан чиглэлд тавигдах метроны 15 станцын 14 нь газар доор, нэг нь ил байх гэнэ.
Samsung корпораци Haean нэртэй AR нүдний шил гаргана.
Тэрбумтан Илон Маск өөрийн хүнээ NASA-н тэргүүнээр томилуулах уу?
Waymo компани 2026 оноос Вашингтон хотод роботакси буюу автомат жолоодлоготой таксины үйлчилгээ нэвтрүүлнэ.
АНУ-ын DOGE яамны аудитын багийн гишүүн урьд нь хакеруудын бүлэглэлд техникийн туслалцаа үзүүлдэг нэгэн байсан ажээ.
Telegram үйлчилгээ нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй болжээ.
Yahoo компани технологийн мэдээллийн вэбсайт болох TechCrunch-ийг зарахаар болжээ.
Энэ оны сүүл хавьцаа нээлтээ хийх iPhone 17 нь одоогийн загваруудаас юугаараа давуу талтай байх бол?
Генетикийн шинжилгээ авдаг байсан 32andMe компани дампуурлаа зарлаж байна.