Technosphere товхимол: Дугаар 73

Өглөөний мэнд хүргэе.

За ёстой хавар боллоо доо гэтэл яаж ийж байгаад л өвлийн жавартай юм шиг өглөөд товхимлоо бичиж таараад л байх шиг 😂 Гэснээс энэ өдөр интернэтийн загалмайлсан эцэг гэгддэг Тим Бернерс Лий World wide web (WWW) гээчийн анхны концептыг дэлхий дахинд танилцуулсан өдөр юм байна. Интернэт анх ашиглалтад орсон өдөр, хэрэглэж эхэлсэн өдөр гээд маргаантай олон өдрүүд байдаг ч энэ өдөр буюу 1991 оны 4-р сарын 4-нд дэлхий нийт анх дэлхийг хэрсэн сүлжээ буюу WWW-н үндсэн ойлголттой танилцсан түүхтэй аж.

За бас үүгээр тогтохгүй, 1973 оны 4-р сарын 3-нд (Өнөөдөр Монголд 4-р сарын 4 хэдий ч технологийн их гүрэн АНУ-д 4-р сарын 3-ны өдөр дуусаагүй байгаа) Motorola компанийн Мартин Күүпэр гэгч өөрийн компанийн бүтээсэн тоосго шиг хэмжээтэй төхөөрөмжөөр Нью Йорк хотын гудамжнаас анхны үүрэн холбооны дуудлагыг өөрийн гол өрсөлдөгч болох Bell Labs компанийн нөхөд рүү хийж байсан түүхтэй.

Хэдий өнөөдөр ингээд сонсоход сонин биш юм шиг боловч миний бичиж байгаа товхимол, таны автобусанд, таксинд, машиндаа суунгаа, оффис дээрээ хий эргэнгээ уншиж байгаа энэ мэдээлэл, текст бүхэн бүтэж ажиллагаанд орсон түүхэн өдөр нь өнөөдөр юм байжээ.

AI технологийн эргэн тойронд

Emergence AI нэртэй шинэ компани AI агент үүсгэх боломжтой шинэ платформ байгуулж байгаагаа зарлав. Хэрэглэгчид уг платформ дээр хиймэл оюун ухаан ашиглан, яг ямар ажил гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа бичсэнээр хүссэн туслах буюу AI agent-аа бий болгох боломжтой гэнэ. Энэ систем нь хэрэглэгчээс програмчлалын ямар нэг чадвар шаардахгүй, англи хэл дээр команд өгөхөд л хангалттай бөгөөд, ярилцаж байх зуур л хүссэн ажил үүргийг тань гүйцэтгэх боломжтой AI agent-г бүтээх ажээ. Хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлагаа хэдийчинээ тодорхой илэрхийлэхийн хэрээр Emergence AI платформ нь түүний хэрэгцээнд нийцсэн нэг буюу нилээн хэдэн AI туслах үүсгэн санал болгох юм байна.

Тус платформын үүсгэн байгуулагчид үйл ажиллагаандаа “recursive intelligence” буюу хэрэглэгчтэй харилцах тусам өөрийгөө сайжруулж, шинэчилдэг ухаалаг технологий ашиглаж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд чухам үүний ачаар хиймэл оюун ухаан хэрэглэгчийн хүсэл шаардлагыг илүү мэдэрч, шинэ AI туслахуудыг үүсгэж байгаа гэжээ. Одоогоор тус платформ нь дөнгөж эхлэлийн шатандаа яваа бөгөөд, хэрэглээний багцаа ямар нэг төлбөртэй гаргах талаар бодоогүй байгаа гэж мэдэгдсэн. Гэхдээ компанийн үйл ажиллагаа болоод орлого зарлагын талаар холбогдож мэдээлэл авах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй гэж танилцуулга дээрээ мэдэгдсэн юм. Ямартай ч яваандаа илүү хүчирхэг, илүү хурдан ажилладаг туслахтай болохыг хүсвэл нэмэлт төлбөр төлдөг болох нь цаг хугацааны л асуудал биз ээ.

Үүний өмнөх дугаараараа ChatGPT зураг засварлах, шинээр үүсгэх, одоо байгаа зургийг янз бүрийн стильд хувиргах шинэ үйлдэл гаргалаа гэж мэдээлж байсан билээ. Долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад ChatGTP-н энэ шинэ үйлдэл үнэхээр дуулиан шуугиан тарьж чадсан гэж хэлж болно. Учир нь энэ шинэ image editing, image generating шинэчлэл гаргаснаасаа хойш ердөө ганцхан цагийн дотор нэг сая хэрэглэгч шинээр татаж чадсан нь үнэхээр онцгой амжилт гэхээс өөр юу гэхэв. Зөвхөн энэ шинэчлэлийг гаргаснаас хойш ChatGPT-н төлбөртэй хэрэглэгчдийн тоо 20 саяд хүрч, долоо хоног тутмын тогтмол хэрэглэгчдийн тоо нь хэдийнэ 500 сая давжээ.

Уншигчид маань ч анзаарсан байх, ChatGPT-н энэ шинэ үйлдлийг ашиглагчдын ихэнх нь Японы Ghibli Studio-н бүтээсэн хүүхэлдэйн киноны дүрд өөрийн болон өрөөл бусдын зургийг хувиргаж, хэт их ачаалал үүсгэснээс гадна зохиогчийн эрхийн маргаан ч гарч болзошгүй байдалд хүргэсэн билээ. Энд нэг зүйлийг зөвлөхөд, заавал дан ганц Ghibli Studio гэхгүйгээр ‘Simpson’s’, ‘South Park’, Japanese Manga, US Comics гээд маш олон загвараар зураг үүсгэх боломжтой байгаа тул ачаалал үүсгээд байгаа Ghiblification-тэй нь зууралдалгүй өөр бусад загвараар зургаа өөрчлөх, үүсгэх боломжтой гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Хиймэл оюун ухааны технологи хөгжиж, хүртээмжтэй болохын хэрээр бид өдөр тутмын ажил амьдралдаа, тэр ч бүү хэл, өмнө нь зүгээр л утсан дээрээ Google-дээд хайж болдог байсан зүйлсээ хүртэл ChatGPT, Copilot, Gemini-ээс асуудаг болоод байгаа билээ. Гэхдээ энэ их өргөн хэрэглээ нь бидний хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлдэг талаар бодож үзсэн үү? Үүний талаар ойлголт өгөхийн тулд Google, Bing, Yahoo гэх мэт энгийн хайлтын системийн ажиллагааны талаар товчхон дурдмаар байна. Эдгээр платформууд нь интернэтэд байршсан өгөгдлийг урьдчилан цэгцэлж, ямарваа нэг хайлт хийхэд хамгийн бага цаг хугацаа болон хамгийн бага эрчим хүч зарцуулж мэдээллийг хүргэхэд зориулагдсан ажиллагаатай байдаг. Үүний тулд хайлтын системүүд өөрсдийн серверүүд, дата төвүүдийг аль болох эрчим хүчинд хэмнэлттэй ажиллуулах аргыг эрэлхийлсээр ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь Microsoft компани хөргөлтийн зардлаа багасгахын тулд серверүүдээ усан доор байрлуулсныг дурдаж болох юм.

Харин нөгөө талд аль нэг AI моделийг сургахын тулд өндөр хүчин чадалтай асар олон GPU бүхий дата төв ажиллаж, эрчим хүчийг маш ихээр зарцуулж байдаг. Эдгээр нь маш их хэмжээний өгөгдлүүдийг боловсруулахын хэрээр халж, тэдгээрийг хөргөх, агааржуулах зэрэгт их хэмжээний эрчим хүч шаардагддаг тул байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь харьцангуй их юм. Тухайлбал, нэг AI модель сургаж, ашиглалтад оруулахын тулд хэдэн зуун машины ялгаруулдагтай тэнцэх нүүрсхүчлийн хий ялгаруулдаг цахилгаан үүсгүүр, станц ажиллаж, дата төвүүдийг ажиллуулах, хөргөх, агааржуулах бүх үйл явцыг цахилгаан эрчим хүчээр хангана.

Чухам ийм учраас сүүлийн жилүүдэд энгийн хайлтын системээс хайгаад олчих хэмжээний мэдээллүүд буюу “2022 оны Нобелийн физикийн салбарын шагналыг хэн хүртсэн бэ“, эсвэл “Компьютерийн RAM, ROM хоёрын ялгаа юу вэ“ гэх мэт асуултуудыг ChatGPT, эсвэл Grok AI-аас битгий асуугаач ээ, зүгээр л гүүглдээд үзвэл яасан юм бэ гэж уриалж байна. Учир нь нэг ийм асуулт асуухад л ChatGPT-н сервер дээр 5-10 Вт/ц эрчим хүч зарцуулагдаж байдаг гээд бодоорой.

Технологийн компаниудын талаар

Өнгөрсөн 7 хоногт нэгэн сонирхолтой гэх үү, хачирхалтай гэх үү, үйлдлийг тэрбумтан Илон Маск хийсэн нь X буюу олны нэрлэж заншсанаар Twitter компанийг өөрийн удирддаг хиймэл оюуны xAI компани нь худалдан авч байгааг зарласан явдал байлаа. Хэрэв та бүхэн санаж байгаа бол анх Twitter-ийг мань эр 44 тэрбум доллараар худалдан авч байсан бол энэ удаа өөрийнхөө эзэмшдэг компанийг мөн л өөрийнхөө эзэмшдэг компанид 33 тэрбум доллараар үнэлээд зарчихдаг юм байна. Ингэхдээ худалдан авагч xAI компанийг 80 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй гэдгийг зарлахаа мартсангүй.

Угаасаа худалдан авсан аваагүй л 2023 оноос хойш xAI компанийн гаргасан AI модель нь өөрөө Twitter-ийн цуглуулсан асар их өгөгдөл дээр суурилж бүтээгдсэн бөгөөд өдгөө Twitter-ийн хэрэглэгчдийн цар хүрээгээр дамжуулан, xAI, түүний бүтээл Grok AI моделио бусад өрсөлдөгч AI моделиудын нэгэн адил өргөн олны хэрэглээнд нэвтрүүлэх санаа бодол агуулсан нь хэнд ч илт байх шиг.

Нэгэн үе моод болж байсан АНУ-ын 23andMe компани дампуурлаа зарлаж байгаагаа мэдэгдсэнээр тус компаниар үйлчлүүлсэн 15 сая гаруй хүний ДНХ мэдээлэл эрсдэлтэй байдалд орж байгаа аж. Компани дампуурлаа зарлах мэдээлэл интернэтэд тавьснаар тус компанийн вэб хандалт огцом буюу 526 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Аюулгүй байдлын мэргэжлтнүүдийн зүгээс энэ компанид нээлгэсэн элдэв аккаунт болон биет сорьцын шинжилгээгээ устгах уриалга гаргаад байна. Харин Америкийн иргэд төр, засгийн газраа буруутгаж, олон сая хүний генетикийн мэдээлэл цуглуулсан компанийг сайн хянаж, шалгаагүйгээс ийм зүйл болсон бөгөөд компанийг сайн хянаж байхгүй бол иргэдийн бэлтгэж өгсөн асар их мэдээлэл буруу замаар орох магадлалтай гэжээ.

Манай Монголоос ч гэсэн тус компанийн сорилыг худалдан авч, шинжилгээ өгсөн хүмүүс цөөнгүй байдаг гэтэгт итгэлтэй байна. Тиймээс компани дампуурч хаагдахаас өмнө сайт дээрх өөрийн бүртгэлээ усгах, элдэв сорьц илгээсэн бол тэдгээрийгээ мөшгиж, устгалд оруулах хүсэлт тавих алхмуудыг авсан нь зөв болов уу. Ташрамд дурдахад, 23andMe компани нь 2023 онд мөн л харилцагчдынхаа мэдээллийг халдлагад өртүүлж, 7 сая хэрэглэгчдэд нөхөн төлбөр болгон 30 сая доллар олгож байсан гашуун туршлагатай газар юм.

Нэг өгүүлбэрээр

Ийнхүү 4-р сарын эхний дугаар маань өндөрлөж байна. Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Таалагдсан мэдээллээ шэйрлэж, илүү олонд хүргээрэй гэж хүсч байна.