Technosphere товхимол: Дугаар 74

Өглөөний мэнд хүргэе! Нэг 7 хоног завсарлаад, эргэн уулзаж байгаадаа таатай байна.

AI технологийн эргэн тойронд

Хоёр хоногийн өмнө буюу 4-р сарын 16-нд тус компани хамгийн сүүлийн үеийн бодож сэтгэх чадвартай моделиуд буюу o3 болон o4-mini нэртэй AI моделиуд, мөн open-source төрлийн код бичих агент бүтээснээ мөн зарлажээ. Шинээр гарсан o3 модель нь код бичих, ойлгох, математикийн болон шинжлэх ухааны бодлогуудыг бодох, зураг дүрслэл ойлгож, боловсруулах тал дээр хамгийн дэвшилтэт чадваруудыг эзэмшсэн гэж OpenAI үзэж байгаа бол o4-mini нь хурдан хугацаанд, бага өртгөөр бодож сэтгэх сэтгэх даалгавар биелүүлэх чадвартайгаас гадна урьд өмнө нь гарч байсан mini ангиллын AI моделиудаас хамаагүй илүү гүйцэтгэлтэй, тэр ч бүү хэл AIME 2025 бенчмарк үзүүлэлтийн математикийн даалгавруудыг амжилттай гүйцэтгэж байгаа ажээ. Дээрх хоёр модель аль аль нь асуултад хариулах буюу асуудлыг шийдвэрлэх гарц хайхдаа ChatGPT дээрх бүх хэрэгслүүд буюу вэб хайлт, Python кодчилол, зураг үүсгэх болон бусад чадваруудыг ашиглаж чаддаг давуу талтай гэнэ.

Мөн эдгээр моделиуд нь анх удаа зураг дүрслэл ашиглан бодож сэтгэх буюу визуал анализыг өөрийн “бодлын хэлхээ”-ндээ багтааж, боловсруулах чадвартай болжээ. Эдгээрээс гадна тус компани Codex CLI буюу хэрэглэгчдийн ашиглаж буй програмчлалын терминал дээр хослон ажиллаж, бодож сэтгэх чадвартай AI моделиудыг кодчиллын даалгавартай холбон ажиллуулах боломжтой, нээлттэй эхийн AI агент ашиглалтад оруулж байгаа аж.

Эндээс үзэхэд, AGI буюу өөрөө бодож сэтгэдэг хиймэл оюун гэж нэрлэгдэх шалгуур нь ямар байдаг байлаа ч хамгийн сүүлийн үеийн reasoning models буюу бодож сэтгэдэг AI моделиуд нь өөрсдөө хүний оролцоогүй ажиллаж эхлэхэд улам ойртсоор байна. Өмнө нь зөвхөн сургагдсан өгөгдлөөс бэлэн хариулт олж өгөхөөр ажилладаг байсан хиймэл оюуны моделиуд нь сүүлдээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг ойлож мэдрэх, түүнд тохирсон шийдлүүдийг бодож боловсруулан санал болгодог болж байгаа, мөн зураг дүрслэлээс ойлголт мэдээлэл авч, боловсруулдаг болсон нь хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад асар том дэвшил билээ.

Хятадын Боловсролын яамнаас энэ 7 хоногт гаргасан мэдээлэлд дурдсанаар тус улс сургалтын систем, сурах бичиг, хичээлийн хөтөлбөртөө хиймэл оюуны хэрэглээг нэвтрүүлэх бодлого баримтална гэжээ. Энэ бодлогын зорилт нь дунд сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд болон багш нарыг AI технологийн хэрэглээнд сургах замаар цаашид инновацийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино гэжээ. AI-н хэрэглээг дэмжсэнээр багш, сурагчдын суурь чадавхийг хөгжүүлж, ирээдүйд өрсөлдөх чадвартай, шинийг эрэлхийлэгч боловсон хүчнийг бий болгох ач холбогдолтой гэж яамны мэдэгдэлд дурдсан байна. Сурагчдын хувьд энд дурдсан суурь чадвар гэдэгт бие даан сэтгэх, асуудал шийдэх чадвар, харилцаа болон багаар ажиллах чадваруудыг хамааруулж ойлгоно гэжээ. Одоогийн сургалтын тогтолцоонд AI-г нэгтгэснээр илүү хичээлийн орчин илүү шинэ сорилт даалгавруудаар баяжиж, тэр хэрээрээ сурагчдын инновацилаг, бүтээлч байдал нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.

Энэ оны 1-р сард Хятадын судлаачдын гаргасан DeepSeek AI модель хямд зардлаар бүтсэн ч, гүйцэтгэл чадварын хувьд АНУ-ын компаниудын хүчирхэг AI моделиудаас ер дутахааргүй байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, улмаар тус улсын их дээд сургуулиуд Хиймэл оюуны холбогдолтой курсуудийг сургалтын хөтөлбөртөө оруулах болсон билээ. Түүгээр ч барахгүй, энэ оны эхээр Хятадын коммунист намын төв хороо болон төрийн зөвлөлөөс 2035 он гэхэд Хятады улсыг “хүчирхэг боловсролтой улс гүрэн“ болгох төлөвлөгөө баталж байгааг зарласан. Уг төлөвлөгөө нь хятадын боловсролын системийг дэлхийд тэргүүлэх хэмжээний чанартай боловсрол олгодог болгох, өндөр боловсролын ачаар улс орноо хүчирхэгжүүлэх зэрэг томоохон хэтийн зорилтууд тавиад байсан бол ийнхүү боловсролын яам нь AI-г сургалтын системдээ нэвтрүүлж, сургалтын орчныг шинэчлэх санаачлага гаргаад байгаа нь энэ юм.

Windows 11, Microsoft 365 хэрэглэдэг хүн бүр л Copilot-ыг их бага хэмжээгээр ашиглаад эхэлсэн байх. Хэрэглэдэггүй байсан ч гэсэн 365-н үйлчилгээний төлбөр чинь Copilot-оос болоод нэмэгдсэн тул ажилдаа сайн ашиглаад авахыг бодоорой.

Microsoft компани саяхан Copilot Studio хэрэглүүр дээр “компьютер ашиглах“ гэдэг нэг шинэ чадвар нэмж өгсөн байна. Энэхүү хэрэглүүр нь бараг програмчлалын код ашиглахгүй, график интерфэйсээр дамжуулан AI агент бүтээх буюу AI автоматжуулсан үйлдлүүдийн дараалал бүтээх зориулалттай хэрэгсэл юм. Дээр дурдсан шинэ чадвар нэмэгдсэнээр Copilot Studio дээр бүтээсэн AI агент тань өөрөө вэб сайтуудаар зочлох, компьютер дээрх хэрэглээний программуудыг өөрөө нээж ашиглах чадвартай болж байгаа гэсэн үг юм. Жишээлбэл, AI агент компьютерийн GUI-тэй харьцаж, товчлуур дарж, программын меню дундаас сонголт хийх, өгөгдөл бичих талбаруудад өөрөө үсэг тоо бичих нь ээ. Ингэснээр хэрэглэгчид өмнө нь автоматжуулахад төвөгтэй байсан олон үйлдлийг командуудын дараалал бичиж өгөөд, AI-аар хийлгэдэг болох юм.

Мөн “Computer Use” үйлдэл нь програм бүрийн интерфэйсээс суралцаж, хэрэв даалгаврын дараалал тасалдах юм бол бодож сэтгэх чадвараа ашиглан, үүссэн аливаа асуудлыг бие даан засахаар ажиллах гэнэ. Энэ бүхний цаана өрнөж буй аливаа тооцоолол, боловсруулалт нь зөвхөн Microsoft-н харьяаны дэд бүтэц дээр явагдах бөгөөд боловсруулсан өгөгдлүүдээ AI модель сургахад ашиглахгүй гэсэн нөхцөлтэй юм байна. Энэхүү шинэчлэлийг багтааснаар Copilot нь энгийн нэгэн чатботоос өдөр тутмын програм хангамжууд дээр ашиглагддаг AI агент үүсгэх чадвартай болж, OpenAI болон Anthropic компаниудын эгнээнд шилжиж байна.

Технологийн компаниуд

Wall Street Journal сайтад нийтлэгдсэн мэдээллээс үзвэл АНУ-ын ерөнхийлөгч Трампын засаг захиргааны баримталж буй гадаад худалдааны бодлого, түүнээс улбаалан гарсан АНУ-аас Хятад руу экспортлох чип, процессорт тавьсан шинэ хориг нь энэ салбарын томоохон тоглогчид болох Nvidia, AMD зэрэг том компаниудад хүнд цохилт болж тусах бололтой. AI технологийн салбарт гаргаж буй Хятадын технологийн дэвшил Америкийн үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө авчирч болзошгүй гэж үзсэн учир ийн хязгаарлалт тогтоож, технологийн компаниуддаа шавар хааж байгаа билээ. Тухайлбал, Nvidia компанийн H20 болон AMD-ийн MI308 чипнүүд өмнөх засаг захиргааны үед тогтоосон хориг хязгаарлалтад багтдаггүй байсан хэдий ч шинээр гаргасан зарлигийн дагуу экспортын хоригтой бүтээгдэхүүн болж хувирав.

Үүнээс болоод Nvidia компанийн 2026 оны 1-р улирлын борлуулалт 5.5 тэрбум доллараар буурахаар байгаа бол AMD компани ч мөн MI308 чипний экспорт хаагдсанаар 800 сая долларын ирээдүйн орлогоо алдаж байгаа аж. Трампын засаг захиргааны дээрх мэдэгдлээс болоод Nvidia, AMD компаниудын хувьцааны үнэ хөрөнгийн бирж дээр нилээн доошилж, АНУ-ын PHLX буюу хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцааны багц индекс 4%-иар унасан таагүй нөхцөл байдалтай байна. АНУ-ын Худалдааны яамны мэдээлж байгаагаас үзвэл энэ хориг зөвхөн дээрх хоёр төрлийн чипээр тогтохгүй бөгөөд ойролцоо хүчин чадалтай өөр бусад чипнүүд, өндөр хүчин чадалтай график процессор буюу GPU-үүдийн экспорт ч хоригт орох магадлалтай гэж. Энэ мэдээнээс үзвэл АНУ-ын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбар засаг захиргааныхаа гадаад бодлогоос болоод нилээн онцгүй он жилүүдийг үзэх бололтой гэж таамаглаж болохоор байна. АНУ-ын гол санаа зовж байгаа асуудал нь Хятадууд Америкт үйлдвэрлэсэн хүчирхэг чипнүүдийн ачаар батлан хамгаалахын зориулалттай AI технологи хөгжүүлж болзошгүй гэсэн айдсаас үүдэлтэй юм билээ л..

Энэ оны эхэнд Samsung Galaxy S25 цувралын гар утаснуудтай хамт хэрэглэгчдийн гарт хүрсэн Android 15 үйлдлийн систем болон Samsung user interface болох Оne UI 7 хувилбарын шинэчлэл нь S24 болон түүнээс дооших загварын гар утас, таблетуудад 4-р сарын эхээр суугдана гэж байсан боловч компанийн зүгээс энэхүү шинэчлэлийг түр зогсоож байгаагаа зарлажээ. 2025 оны 4-р сарын 7-оос эхлээд Galaxy S24, Z Fold 6, Z Flip 6 загварууд, үүнээс цаашлан бусад загварын гар утаснуудад татагдах ёстой байсан програмын шинэчлэл нь bug буюу алдаатай байсан учир зогсоож байгаа гэдгээ компаниас мэдэгдсэн байна. Учир нь тус update-ийг татаж авсан хэрэглэгчдийн утас нь unlock хийгдэхгүй байх, хамгаалалттай хавтсанд байсан зургууд нь Samsung Gallery-н автоматаар үүсгэдэг стори дотор явж байсан зэрэг асуудлууд гарч, хэрэглэгчид энэ талаар гомдоллосон аж.

Иймд тус компани програмын шинэчлэл алдаатай байсныг хүлээн зөвшөөрч, шинэчлэл татахыг түр зогсоож, асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Яг хэзээ энэ асуудлыг засварлаж, update санал болгох талаар мэдэгдээгүй ч Андройд үйлдлийн системийн сэдвээр дагнан бичдэг сайтуудын мэдээллээс үзвэл ойрын 7 хоногуудад Европ тивийн хэрэглэгчдэд эхний ээлжинд шинэчлэл татах боломж гарах бололтой. Харин Android 15 суурьтай One UI 7 хувилбарыг аль хэдийн татаж авсан хэрэглэгчдэд зориулаад, тус компани patch буюу үйлдлийн системийн засвар програм мөн удахгүй гаргах бөгөөд эхний ээлжинд S24 хэрэглэгчид, үүний дараа S23 загварын хэрэглэгчид энэ сарын 22-23 орчимд One UI 7 шинэчлэлийг татан авах боломж нээгдэнэ гэсэн мэдээлэл гараад байна.

Тус компанийн “учир мэдэх” хүмүүсээс гарсан мэдээллээс үзвэл OpenAI нь Твиттертэй төстэй social media хөгжүүлж байгаа гэжээ. Төсөл хэдийгээр дөнгөж эхлэлийн шатандаа яваа гэх боловч, бусад сошиал платформууд шиг feed-тэй, ChatGPT-н зураг үүсгэгчийг ашиглан бүтээсэн интерфэйстэйгээр туршигдаж байгаа гэсэн яриа байгаагаас гадна компанийн захирал Сэм Олтмэн уг төслийнхөө талаар хүмүүсийн сэтгэгдэл, feedback авч эхэлсэн гэсэн мэдээлэл таржээ. Одоогоор OpenAI уг төслийг тусдаа сошиал сүлжээний апп болгох уу, эсвэл ChatGPT-тэй нэгтгэх эсэх нь тодорхойгүй байгаа ба аль ч хувилбараар гаргалаа гэсэн Сэм Олтмэн болон тэрбумтан Илон Маск хоёрын одоогийн зөрчил улам даамжрах нь баараггүй болно. Энэ оны 2-р сард OpenAI-г $97.4 тэрбумаар авах санал Илон Маск тавихад Сэм Олтмэн “Үгүй ээ, баярлалаа. Бид гэхдээ танай Твиттерийг $9.74 тэрбумаар яахав авч болох л юм“ гэж хариуг нь барьсан.

Угаасаа ширүүн өрсөлдөөн өрнөдөг олон нийтийн сүлжээний бизнест ийнхүү хөндлөнгөөс орж ирэх нь OpenAI-н хувьд нилээн асуудал дагуулж мэдэх ч ашигтай талаас нь харъя гэвэл тэд ChatGPT AI моделиудаа сургах real-time өгөгдөл үнэгүй, хялбархан олж авах боломж бүрдэнэ. Учир нь GrokAI-г бүтээхдээ Илон Маск Твиттер дэх бүх өгөгдлийг ашигласан байдаг бол Meta компани ч Llama AI моделио олон тэрбум хэрэглэгчдийнхээ оруулсан өгөгдлөөр сургасан гэдгийг бид бүгд мэднэ. Энэхүү төсөл бүтдэг ч бай, үгүй ч бай, ямар ч байсан OpenAI компани ажил хэрэг болгон сонирхож байгаа гэдэг нь өөрөө компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх маш сонирхолтой, таамаглашгүй хувилбаруудыг бодож төлөвлөж байгаагийн илрэл болов уу.

Нэг өгүүлбэрээр

Blue Origin компанийн сансрын хөлгөөр, олны танил эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансарт хөөрлөө.

Мeta компани АНУ-ын Худалдааны хорооны гомдлоор шүүхэд дуудагдсан бөгөөд Instagram, WhatsApp үйлчилгээнүүдээсээ хагацаж ч магадгүй байна.

Энэ шүүх хурлын үеэр дэлгэгдсэн материалуудаас үзэхэд захирал Марк Цукербэрг 2018 онд Инстаграмыг зарахаар, мөн 2022 онд ФБ дээрх бүх хэрэглэгчдийн найзуудын жагсаалтыг арилгахаар төлөвлөж байжээ.

Google компани Veo 2 нэртэй видео үүсгэгч AI хэрэгслийг төлбөртэй хэрэглэгчиддээ зориулан гаргалаа.

АНУ-ын засаг захиргаа Хятадад худалдааны өндөр татвар тавьсны дараа Америкчууд Taobao апп-ыг татан авах нь эрс ихэсчээ.

Энэ оны 1-р улирлын байдлаар гар утасны зах зээл дээрх тэргүүлэгчээр Apple компани тодров.

ChatGPT хэдийн 1 тэрбум давсан хэрэглэгчтэй болсон гэж захирал Сэм Олтмэн мэдэгджээ.

Технологийн салбарын тэрбумтнууд Гренланд арал дээр “эрх чөлөөний“ хот байгуулахаар шийджээ.

Nissan компани автомат жолоодлогын шинэ технологи нэвтрүүлэх тал дээр Их Британийн Wayve компанитай хамтран ажиллана.

WordPress дээр AI website builder нэвтэрснээр хэрэглэгчид бараг л ганц минутад вэбсайт бүтээх боломжтой болж байна.

Цаг гарган энэ хүртэл уншсанд баярлалаа. Сонирхолтой санагдсан мэдээллээ зөвхөн уншаад өнгөрдөг биш, цааш нь хуваалцдаг, түгээдэг байвал гоё шүү😊😊