TechnoSphere товхимол: Дугаар 75

AI технологийн мэдээлэл

Тус компани ердөө өчигдөрхөн зураг дүрслэл үүсгэгч gpt-image-1 нэртэй хүчирхэг моделио шинээр танилцуулж, хөгжүүлэгчид API-аар дамжуулан ChatGPT-н хүчирхэг чадварыг third-party апп-ууд болон платформууд дээрээ ашиглах боломжтой болгов. Өөрөөр хэлбэл, саяхан сар шахмын өмнө бид зураг болгоноо Ghibli Studio хүүхэлдэйн киноных шиг болгож хувирган ашиглаж байсан модель ийнхүү хөгжүүлэгчдэд нээлттэй болж байгаа гэсэн үг. gpt-image-1 модель нь нээлтээ хийснээсээ хойш ганцхан 7 хоногийн дотор 700 сая зураг үүсгэж амжсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Одоо ийнхүү гуравдагч платформ, аппууд руу нэвтэрснээр хэрэглэгчид бол Adobe, Figma, Canva дээр ChatGPT-н зураг үүсгэх чадварыг ашиглаж болох нь ээ.

API ашиглах үнэ тарифын хувьд гэвэл ашиглаж буй текст командад орж буй токений тоогоор хэмжигдэх бөгөөд 1 сая текст токен ашигласан тохиолдолд $5, зураг оруулж, засварлуулах тохиолдолд 1 сая токен бүр $10, үүсгэж буй зургийн тоон дээр 1 сая токен бүр $40 гэсэн үнэтэй байх ажээ. Товчхондоо үүсгэж байгаа зургийн чанараас шалтгаалаад, зураг бүр 2-19 центийн өртөгтэй бүтээгдэх нь. Энэхүү шинэ модель юу хийж чадахыг бид өөрсдөө ChatGPT дээр нэг сарын турш хангалттай туршчихсан болохоор нэг бүрчлэн тоочих нь илүүц байх. Энд хамгийн гол анхаарал татаж байгаа зүйл нь OpenAI өөрсдийн бүтээсэн болон цаашид бүтээх олон тооны AI хэрэгслүүдийг API-аар дамжуулан ашиглах боломжоо улам өргөжүүлж байгаа нь creative салбарын программ хангамж, платформууд руу илүү гүн нэвтэрч, өрсөлдөөний байр сууриа хэрэглэгчдийн зах зээлээс цаашлан экосистем рүү тэлж байгааг харуулж байх шиг.

Anthropic компанийн Мэдээллийн аюулгүй байдал эрхэлсэн захирал (CISO-Chief Information Security Officer) Жэйсон Клинтон дараа жил гэхэд дэлхий даяар хиймэл оюунд суурилсан виртуал ажилтнууд хөдөлмөрийн зах зээл дээр хүч түрэн орж ирнэ гэсэн таамаг дэвшүүлжээ. Одоогоор зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж буй AI компаниудын дэвшилтэт моделиуд нь Agentic capability буюу хэрэглэгчийн командаар өөрөө вэб орчинд ажиллах, команд гүйцэтгэх (жишээ нь заасан өдрийн нислэгийн тасалбар, зочид буудлын захиалга хийх гэх мэт), тэр ч бүү хэл компьютер дээр суусан хэрэглээний программууд дээр өөрсдөө үйлдэл хийх чадвартай болоод байгаа. Тэгвэл чухам эдгээр чадваруудын ачаар бизнесийн байгууллагын орчинд өөрийн гэсэн нэр устай, санах ойтой, ажлын үүрэг функцтэй “виртуал ажилчид” бий болж, хүмүүс гүйцэтгэхэд төвөгтэй, эсвэл нэгэн хэвийн олон дараалсан үйлдэл шаарддаг, цаг хугацаанд баригдсан ажил үүргийг гүйцэтгэж, бизнесийн үйл ажиллагааны тасалдалгүй найдвартай байдлыг хангахад туслах магадлал маш өндөр гэжээ.

Жишээ болгож тэрээр “Apollo“ нэртэй AI виртуал ажилтан, өөрөө бие даан үнэ цаасны арилжаа (хувьцаа, бонд, опцион)-г хамгийн хурднаар, хамгийн боломжит үнэ ханшаар хийж, брокерийн компанийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр хүнээс хамаагүй илүү бүтээмжтэй ажилллаж чадна гэж үзэж байгаагаа хэлжээ. Клинтоны үзэж байгаагаар AI технологийн компаниудын дараагийн өрсөлдөөний талбар чухам энэхүү виртуал ажилтныг хөгжүүлэх дээр төвлөрч магадгүй аж. Гэхдээ энэ шинэ чиг хандлагад тодорхой хэмжээний эрсдлүүд бий гэдгийг ч тэрээр үгүйсгээгүй байна. Жишээ нь, виртуал ажилтан зөвхөн хурд, гүйцэтгэл, тоон үр дүнд төвлөрсөн командтай байгаад, түүний бүтээмжид компанийн цахим хяналт, удирдлагын программ саад болж байна гэж “бодох” юм бол уг системийг hack-дах оролдлого гаргаж байж мэднэ гэж тэр болгоомжилж байгаа гэнэ. Хэдий энэ мэтээр эрсдэлтэй талууд олон ч хүнээс хамаагүй илүү хурдтай, бодож сэтгэх чадвар, санах ой сайтай, дээрээс нь ажлын цаг харгалзахгүй, ядрахгүй “виртуал ажилтнууд” үнэхээр бий болчихвол тодорхой салбарын бизнесүүд үнэ мөнгө хайрлахгүй “авч ажиллуулах” нь тодорхой юм.

Энэ оны 2-р сард Калифорни мужийн Bar exam буюу хуульчийн эрх авах шалгалтын үеэр техникийн саатал үүсч, шалгалтын платформ гацах, эсээ бичлэгийг хадгалах, илгээх явцад саатал үүссэн гэх мэт асуудлууд гарсан байдаг. Эдгээр асуудлуудаас гадна хуульчийн эрх авах шалгалтын олон сонголттой хариулт бүхий 171 асуултын 23 асуултыг нь хиймэл оюуны программаар зохиолгосон гэдэг нь илэрчээ. Тус мужийн шалгалтын тестийг зохиогч нь ACS Ventures нэртэй гэрээт гүйцэтгэгч компани энэ асуудлын буруутан нь бөгөөд хэдийгээр шалгалтын дүн гарсны дараа энэ асуудал илэрсэн ч иргэдийн дунд хуульчдын эрх олгох шалгалтын асуултууд нь анхнаасаа оновчтой зөв байсан уу, мөн асуултууд задарсан уу гэх мэт олон асуултууд бий болгожээ. Хуулийн сургуулийн багш нар болон тестийн мэргэжилтнүүд AI ашиглаж шалгалтын асуулт үүсгэсэн явдалд тун шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд шалгалтаас өмнө асуултуудыг AI үүсгэж байгаа гэдгийг олон нийтэд мэдээлэх ёстой байсан, мөн түүнчлэн хуульч бус хүнээр(программаар) хуульчдын шалгалтын тест бэлтгүүлсэн нь өөрөө зөв зүйтэй зүйл мөн үү гэсэн маргаан үүсэхэд хүргэв.

​Энэ явдлаас үүдэн, дан ганц хуульчийн эрх олгох шалгалт төдийгүй, нарийн мэргэжлийн салбарт AI-г оролцуулах нь зөв эсэх талаарх бүр ч өргөн хүрээний маргаан Америкт өрнөж эхэлжээ. Зарим мэргэжилтнүүд AI хэрэглээ нь технологийн ололт тул ашиглах нь зүйтэй боловч, хуульч хүний торгон мэдрэмж, шударга ёс, зөв буруугийн зааг тодорхойлох эмзэг асуудал дээр хүн илүү зөв шийдвэр гаргана гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдэж байгаа аж. Хэдийгээр Калифорни мужийн хуульчдын холбоо шалгалтын үр дүнд итгэлтэй байгаагаа мэдэгдсэн ч мужийн Дээд шүүхэд шалгалтын явцад гарсан техникийн саатлыг бодолцон, зарим нэг шалгуулагчийн оноог эргэн харах хүсэлтээ гаргаж байгаа гэжээ. Энэ удаагийн үйл явдал нь цаашид хууль эрхзүйн салбарт хиймэл оюуны нөлөөлөл улам нэмэгдэж байгааг нотлохын сацуу түүний хэрэглээг зохицуулах маш нарийн зохицуулалт, хяналт шаардлагатай гэдгийг харуулсан үйл явдал боллоо гэж бодож байна. Ер нь л мэргэжлийн түвшин тогтоох шалгалт цаашид хүний нөлөөллөөс улам ангижирч, AI-н хяналт доор явагддаг болох нь цаг хугацааны асуудал гэж хувьдаа бодном.

Технологийн компаниуд

Жил бүр уламжлал болон зохиогддог Шанхайн авто шоун дээр компаниуд, түүн дотроо Хятадын автомашин үйлдвэрлэгчид хамгийн дэвшилтэт технологи бүхий, үнэ ханшаараа барууны машинуудаас доогуур шинэ загваруудаа танилцуулдаг болоод байсан ч энэ жил Америк Хятадын худалдааны дайн гэх үү, зөрчилдөөнөөс болоод тодорхойгүй байдал ихтэй, гадаадын автомашин үйлдвэрлэгчдэд таагүй мэдээлэлтэйгээр нээлтээ хийх шиг боллоо. Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Porsche хүртэл Хятадын хурдтай өөрчлөгдөж буй зах зээлд дасан зохицохын тулд арга барилаа шинэчлэх болж байх шиг. Учир нь 3 жил үргэлжлэн буурч буй борлуулалт нь энэ оны 1-р улиралд бүр 42%-иар унасан нь маш том сануулга гэлтэй. Мэдээж энэ бүхэн BYD, Xiaomi, Nio зэрэг дотоодын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид зах зээл дээр амжилттай өсөн дэвжиж буйтай холбоотой байж таарна. Учир нь тэд өндөр технологи агуулсан, барууны машинуудаас илүү хямд шинэ загварууд санал болгож, Хятадын худалдан авагчдыг татаж байгаа гэсэн үг. Ганцхан жишээ дурдахад, Xiaomi компанийн SU7 цахилгаан машин энэ шоун дээр хоёрхон цагийн дотор 10000 шинэ машины захиалга авч байгаагаас харахад Хятадын хэрэглэгчид нэгэнт дотоодын, илүү шинэлэг цахилгаан машинуудыг таашааж эхэлсний илрэл байх. Харин Porsche одоо болтол брэндийн үнэ цэнэ, хүчирхэг дотоод шаталтат хөдөлгүүрээ сурталчилсаар байгаа нь шинэ технологид төвлөрдөг Хятадын хэрэглэгчдэд нэг л таарахгүй байгаа болоод борлуулалт нь огцом буурсан болов уу.

Зах зээлийн динамик ийнхүү хурдацтай өөрчлөгдсөнөөр гадаадын автомашин үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд баримталж буй бодлого стратегиэ эргэн харахад хүрч байх шиг байна. Тухайлбал, Nissan Хятадын зах зээлд орчин үеийн хөдөлгүүр бүхий автомашин нийлүүлэхэд зориулсан 1.4 тэрбум долларын хөрөнгө оруулалтын төсөв баталсан бол General Motors компани Cadillac болон Buick брэндүүдээ Хятадын зах зээлд эзлэх хувийг нь нэмэгдүүлэхэд онцгой анхаарахаар болж байгаа гэнэ. Мөн Volkswagen групп Хятадын хэрэглэгчдэд зориулсан автомат жолоодлоготой 5 шинэ загвар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ зарласан. Гэсэн ч Хятадын дотоодын үйлдвэрлэгчдийн нэвтрүүлж буй инноваци, түүнийг дагасан хэрэглэгчдийн хүлээлтийг барууны автомашин үйлдвэрлэгчид гүйцэлдүүлэхэд хэтэрхий удаан байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Учир нь Хятадын хэрэглэгчид цахилгаан автомашин руу эрчимтэй шилжиж байгаа(тайлбар хэлэхэд, Хятадын том хотуудад автомашины дугаар авахын тулд сугалаа сугалдаг бол, цахилгаан автомашин худалдан авахад дараалалд бүртгүүлдэг, өөрөөр хэлбэл, илүү хурдан улсын дугаар авч чаддаг гэсэн үг), мөн түүнээс гадна залуу үеийнхэн нэг брэндийн машиндаа үнэнч байх гэдэг ойлголт байхгүй, гоё таатай санагдсан машинаа брэнд харгалзалгүй худалдан авч байгаа зэрэг нь эцсийн дүндээ гадаадын автомашин үйлдвэрлэгчдийг өрсөлдөөнөөс хоцроход хүргэж байна гэж дүгнэж байгаа гэж хэвлэлүүдээр бичиж байна.

Tesla урьд өмнө мэдэгдэж байсанчлан автомат жолоодлого бүхий дуудлагын такси үйлчилгээгээ Техас мужийн Остин хот болон Калифорнийн Bey Area хэсэгт эхлүүлэв. Ингэхдээ тэд ‘FSD Supervised’ (FSD - Full self driving товчлол) буюу хяналттай автомат жолоодлогын горимоор туршиж байгаа бөгөөд эхний ээлжинд Tesla-ийн ажилтнуудаа зөөж байгаа юм. FSD Supervised гэдэг нь машин өөрийгөө автоматаар жолоодох боловч жолооч-зорчигч жолооны хүрд дээр гараа байрлуулан, автомат жолоодлогод байнгын хяналт тавьж, байдал эвгүйтвэл жолоодлогыг шууд өөртөө авах горимыг хэлдэг. Энэ үйлчилгээ нь цаашид Tesla унадаггүй хэрэглэгчид такси дуудах хэрэгцээ гарвал Robotaxi апп ашиглан автомат жолоодлоготой Tesla машин дуудаж, зорьсон газраа хүргүүлэх байдлаар хэрэгжих юм. Гэсэн ч эцсийн хэрэглэгчдэд үйлчилгээгээ санал болгохоос өмнө өөрийн ажилтнуудаараа туршуулж үзэх нь зөв алхам бөгөөд өмнө нь Waymo компани ч автомат жолоодлоготой такси үйлчилгээ нэвтрүүлэхээсээ өмнө ажилтнуудаа зөөж үзэж байсан билээ.

Энэ үйлчилгээ албан ёсоор энэ 6-р сард Остин хотод нээлтээ хийх бөгөөд эхний ээлжинд одоогийн ашиглагдаж буй Tesla маркийн 10-20 орчим машин таксинд явж эхлэх аж. Уг нь 2024 онд Cybercab нэртэй концепт загвар танилцуулж байсан ч энэ нь бэлэн болоогүй учир одоогийн загваруудаа ашиглах нь тодорхой болсон. Техас мужид FSD Supervised горимоор зорчигч өөрөө жолооны хүрд дээр гараа тавиад жолоодлогод оролцохгүйгээр зорчих боломжтой бол Калифорни мужийн хууль арай хатуу учир машинд зорчигчоос гадна заавал safety driver буюу аюулгүй байдал хангах жолооч байх ёстой болоод байгаа юм. Хэрэв энэ үйлчилгээ бүрэн хэмжээнд нэвтэрвэл Tesla автомашинтай иргэд өөрсдийн машинаа Robotaxi-нд бүртгүүлж, машин нь эзнийхээ өмнөөс “халтуур хийж” мөнгө олох сайхан боломж бүрдэнэ гэж Илон Маск сурталчилж ирсэн юм.

Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компани 9200 автомашин нэг доор тээвэрлэх багтаамжтай буюу одоогоор дэлхий дээр хамгийн олон машин тээвэрлэх чадалтай усан онгоцыг ашиглалтад орууллаа. BYD Shenzhen нэртэй уг хөлөг онгоц нь 219.9 метр урт, 37.7 метр өргөн бөгөөд 16 тавцантай(16 давхар), хамгийн дээд тал нь 19 зангилаа (35 км/ц) хүртэл хурдлах чадалтай гэнэ. Үүнээс өмнө Норвегийн Höegh Autoliners компанийн Аврора ангиллын 9100 машины багтаамжтай хөлөг хамгийн томд тооцогдож байжээ. BYD Shenzhen нь эрчим хүчний хэмнэлт болон нүүрсхүчлийн хийн ялгарлаараа олон улсын далайн тээврийн байгууллагын тогтоосон Tier III стандартыг хангасан хөлөг бөгөөд шингэрүүлсэн байгалийн хий (LNG) - дизель түлш хосолсон хөдөлгүүртэй ажээ. BYD үүнээс өмнө BYD Explorer No. 1, BYD Hefei, BYD Changzhou нэртэй автомашин зөөх гурван ч усан онгоцыг тээвэртээ ашиглаж ирсэн байдаг. Хятадын усан онгоц үйлдвэрлэгч China Merchants Group-т захиалгаар бүтээлгэсэн тус усан онгоц нь байгаль орчинд ээлтэй бүх л дэвшилтэт технологийг өөртөө агуулсан нь бас нэг онцлог юм.

Нэг өгүүлбэрээр

Хятад улс дэлхийн анхны Уран биш, Торий-гоор ажилладаг цөмийн цахилгаан станцаа асаалаа.

TempusAI компани биотехнологийн гигант Astra Zeneca болон Pathos компаниудтай стратегийн хамтрал үүсгэж, хорт хавдрын эмчилгээний чиглэлд хүчээ нэгтгэн ажиллахаар болов.

Хятадын байгуулсан олон улсын сансрын станц Tiangong-д үүрэг гүйцэтгэх Shenzhou-20 нислэгийн багийнхан амжилттай хөөрлөө гэж төрийн мэдээллийн агентлагууд нь мэдээлэв.

Google Gemini AI нь 350 сая идэвхитэй хэрэглэгчтэй болоод байгаа гэнэ.

YouTube-н 20 насны төрсөн өдөр болоод өнгөрлөө шүү дээ, мэдсэн үү?

Хэрэв Google монополийн эсрэг хууль зөрчсөн нь тогтоогдож, Chrome браузэрийг зарах нь тодорхой болбол OpenAI компани худалдан авч, AI-browser болгох хүсэлтэй байна гэжээ.

Түрүүчийн 7 хоногт Хятадын боловсролын яам AI-г сургалтанд нэвтрүүлнэ гэсэн чинь энэ 7 хоногт Холбооны боловсролын яамаа татан буулгачихсан Трампын засаг захиргаа бас AI-г дунд сургуулийн боловсролын системд нэвтрүүл гэсэн зарлиг гаргаж(Хятадынх шиг бэлтгэл ажил, зохион байгуулалт, төлөвлөлт нь дутна гэдэг дээр BET тавьсан ч яахав).

Apple болон Meta компаниудыг Европын Холбоо монополийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн асуудлаар 570 сая болон 220 сая доллараар тус тус торгожээ.

Олон улсын сансрын станц ( ISS ) хамгийн эрсдэлтэй үе дээрээ байна гэдгийг NASA анхаарууллаа.

Google компани өөрийн Gemini AI системийг default AI engine болгохын тулд Samsung компанид сар бүр мөнгө төлдөг нь тодорхой болсон байна.

TikTok-той өрсөлдөх хөзөр гэгдэж байгаа Instagram-ийн Edits апп Play Store болон AppStore дээр орлоо.

iPhone 17 Air хэр зэрэг нимгэн байх вэ?

Манай энэ удаагийн дугаарыг дуустал нь уншсан танд баярлалаа. Өнөөдрийн ажил үйлс нь бүтэмжтэй байг ээ.