- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар 76
Technosphere товхимол: Дугаар 76
Тавдугаар сарын эхний өглөөний мэндийг хүргэе. Ээж аавууд маань энэ өдөр “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” тэмдэглэж, хот, аймагтаа парад хийж “тэмдэглэдэг“ байсан гэсэн шүү 😂 Сониноос Хятадууд 5-р сарын 1-с 5 хүртэл, Солонгосчууд өнөөдөр 1-нийг тус тус Хөдөлмөрчдийн өдөр болгон тэмдэглэж амарч байгаагаас гадна, Япончууд жил бүрийн Golden Week амралтаа эдгээр өдрүүдэд эдэлж байгаа болохоор Азиудтай хамтран ажилладаг хүмүүст бол өнөөдөр бараг амралтын өдөр шахуу юм уу даа 😊
AI технологийн эргэн тойронд

Ямар нэг гадаад хэл сурахаар оролдож үзсэн, сурсан хүн бүр Duolingo гэдэг апп-ыг ашиглаж үзсэн байж таарна. Duolingo маань эхэндээ гадаад хэл сурах апп байж байгаад сүүл рүүгээ тоо бодож сурах, хөгжим тоглож сурах гэх мэт үйлдлүүдийг нэмж, өргөжсөөр байгаа билээ. Гэхдээ энэ удаагийн мэдээлэл суралцагч бидэнд гэхээсээ илүүтэй Duolingo-ийн ажиллагсдад илүүтэй хамаатай, бас халгаатай байж мэдэхээр байна. Учир нь Duolingo одооноос эхлэн компанийн стратегийн төлөвлөлтөд өөрчлөлт оруулж, “AI-г нэгт“ гэсэн зорилго дэвшүүлж ажиллах нь ээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэрээт ажилтнуудаар гүйцэтгүүлдэг ажлыг одооноос эхлэн хиймэл оюуны програмаар орлуулна гэсэн үг. Энэ талаар компанийн ерөнхий захирал Люис вон Анн мэдэгдэж, цаашид контент бүтээх, ажилтнуудыг шинээр ажилд авах болон гүйцэтгэлийг үнэлэх зэрэг үүрэг даалгаврыг хүнээр биш AI-аар гүйцэтгүүлнэ гэдгээ зарлалаа.
Удирдлагын үзэж байгаагаар энэхүү өөрчлөлтийн ачаар ажилтнууд нэгэн хэвийн олон давталттай ажил үүргүүдээс чөлөөлөгдөж, илүү бүтээлч, утга учиртай ажилд төвлөрөх боломж бүрдэх юм гэнэ. AI-аар ажилтнуудыг орлуулах энэ үйл явц аль хэдийн эхэлсэн бөгөөд одоогийн гэрээгээр ажиллагсдын 10% нь аль хэдийн чөлөөлөгдөж, OpenAI компанийн GPT-4 модель гэх мэт хиймэл оюуны хэрэгслүүд аль хэдийн Duolingo-д ашиглагдаад эхэлжээ. Компанийн үндсэн ажилтнуудын ажлын байр баталгаатай гэж удирдлагууд мэдэгдсэн хэдий ч ажиллагсдын дунд ажлын байрны баталгаанд эргэлзэх хандлага, цомхотголд өртөхөөс айх айдас аль хэдийн үүсээд эхэлсэн аж. Хэдийгээр AI ашиглах нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх, зардал хэмнэх ач холбогдолтой хэдий ч нөгөө талдаа аливаа нэг хэл сурахад шаардагдах нюанс, соёлын нарийн төвөгтэй ойлголтууд дээр яах аргагүй хүний бодит туршлага, мэдлэг шаардагдах нь дамжиггүй билээ.

Microsoft-ын CEO Сатья Наделла саяхан “Манай компанийн кодны сан дахь нийт кодын 20-30 хувийг программ хангамж буюу AI бичсэн“ гэж Meta компанийн зохион байгуулсан LlamaCon арга хэмжээн дээр мэдэгдэв. Арга хэмжээг зохион байгуулагч Марк Цукерберг түүнээс Microsoft-ын ашиглаж буй кодны хэдэн хувийг AI бичсэн бэ гэж асуусан тул тэрээр ийн хариулж, мэдээж хүн биш учир өөр өөр програмчлалын хэлүүд дээр өөр өөр үр дүн гарч байгаа талаар дурдаж, Python болон C++ хэлүүд дээр AI-н бичсэн код сайн тохирч ажиллаж байгаа гэсэн байна. Мөн энэ үеэр Microsoft-ын технологи эрхэлсэн захирал Кевин Скотт 2030 он гэхэд шинээр бичигдэх бүх кодын 95 хувийг AI бичнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Харин Microsoft-ын боссууд Марк Цукербэргээс Meta компанийн нийт ашиглаж буй кодны хэдэн хувийг программ хангамж бичиж байгаа вэ гэж асуухад мань эр энэ талаар сайн мэдэхгүй байна гэж хариултаас бултсан гэнэ. Өнгөрсөн 7 хоногт энэ хоёр компанийн гол өрсөлдөгч болох Google компани 1-р улирлын тайлангаа олон нийтэд танилцуулах үеэр захирал Сундар Пичай мэдэгдэхдээ компанийн нийт ашиглаж буй кодын 30 гаруй хувийг AI бичсэн гэжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд Google компани AI хариуцсан хэлтсийнхээ үйл ажиллагааг сайжруулахын тулд Google DeepMind хэлтэст нэгтгэх, бусад хэлтсүүдэд цомхотгол хийх зэргээр төрөл бүрээр үзэж байгаа. Үүний үр дүнд саяхан Gemini AI моделийн шинэ хувилбарыг гаргаж, Google-ийн бараг бүх бүтээгдэхүүн үйлчилгээнд Gemini AI нэгтгэгдэн ажиллах болсон билээ. Технологийн томоохон дэд бүтэц эзэмшдэг, хүчирхэг AI моделиудыг зах зээл дээр гаргасан компаниуд ийнхүү AI-аар гол ажлаа нугалуулах болсон нь энэ салбарын жижиг дунд түвшний компаниудад тийм ч сайн мэдээ биш гэж бодож байна. Учир нь томчуудын ашиглаж буй AI хэзээ ч амрахгүй, мөн өөрсдийн дэд бүтэц, сүлжээг ашиглаж буй учир өртөг зардал нь ч хамаагүй хямд байх юм.

Олон нийтийн сүлжээний Reddit платфом саяхан Цюрихийн их сургуулийн судлаачидтай хамтран, хэрэглэгчид дээрээ, тодруулбал r/changemyview нэртэй subreddit(Facebook-ээр бол групп гээд ойлгочиход болно)-ийн хэрэглэгчид дунд AI чатбот ашиглан нэгэн туршилт хийснээ мэдэгдэв. Ингэхдээ бусдыг ятган сэнхрүүлэх даалгавар бүхий AI чатботоор улс төр, нийгмийн халуухан сэдвүүдээр маргаан өрнүүлэх замаар энэ ажиллагааг зохион байгуулж, янз бүрийн осол гэмтэл, дайн тулааны хохирогчид болон сэтгэл судлаачид, зөвөлгөө өгөх мэргэжилтнүүдийн нэр дээр үүсгэсэн зохиомол хаягнаас бусдад хандсан 1700 гаруй коммэнт бичүүлж, хүмүүсийн хандлагыг судалжээ. Эдгээр чатботуудаас гадна тусдаа бие даасан AI систем ажиллаж, бодит хэрэглэгчдийн нийтэлж буй түүхүүд, тэдний нас хүйс, улстөрийн үзэл баримтлал зэрэгт анализ хийсэн байна.
Ийнхүү хийсэн судалгааны үр дүнд одоогоор peer-review хийгдээгүй байгаа хэдий ч урьдчилсан байдлаар дүгнэхэд AI чатбот нь коммэнт бичиж буй энгийн хүмүүсээс 6 дахин илүү ятган сэнхрүүлэх чадвартай байна гэсэн дүгнэлт гарчээ. Reddit-ийн хуулийн газрын захирал нь энэ туршилтыг буруушааж, ёсзүйн болон хууль эрхзүйн хувьд болчимгүй үйлдэл хийлээ гэж буруутгасан бол Цюрихийн их сургуулийн захиргаа ч судалгааны үр дүнг нийтэд нийтлэхийг хойшлуулж, судалгаатай холбоотой шалгалтын ажиллагаа эхлүүлсэн ажээ. Энэ туршилтын гол анхаарал татах асуудал нь AI үүсгэсэн хариулсан коммэнтуудыг хүмүүс огт сэжиглээгүйгээр үл барам, түүнд итгэж, олноороо дэмжлэг үзүүлж байсан явдал гэжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн, ямар нэг зорилгоор олон нийтийн сүлжээнд олон тооны AI чатбот ажиллуулж, тухайн группээр тогтохгүй, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх хэмжээний үйл ажиллагаа явуулах нь цаг хугацааны л асуудал болоод байна гэсэн үг юм.
Технологийн компаниуд

Alphabet компанийн Waymo болон Японы автомашин үйлдвэрлэгч Toyota компаниуд хувийн автомашинд зориулсан автомат жолоодлогын технологийг хөгжүүлэх хамтын ажиллагаагаа зарлалаа. Toyota нь Waymo-гийн хөгжүүлсэн автомат жолоодлогын технологийг өөрийн автомашинд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Waymo-гийн хувьд анх удаа хувийн хэрэглээний зориулалттай автомашинд зориулсан технологийн лиценз олголт болох юм. Мөн Toyota-гийн Woven by Toyota нэгж нь энэхүү хамтын ажиллагаанд биечлэн оролцож, автомат жолоодлогын платформыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ажээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Waymo-гийн одоогийн бизнесийн загварыг өргөжүүлж, зөвхөн роботакси үйлчилгээ бус, автомашин үйлдвэрлэгчдэд зориулсан программ хангамж, мөн техник хангамжийн ч нийлүүлэгч болох зорилготой бололтой. Waymo одоогоор АНУ-ын хэд хэдэн хотод 250,000 гаруй төлбөртэй роботаксигаар үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид Атланта, Майами зэрэг хотуудад автомат жолоодлоготой таксигаа өргөжүүлэхээр зэхэж байна. Toyota-тай үүсгэсэн энэхүү хамтрал нь Waymo компанийн Hyundai болон Geely компаниудтай бий болгосон хамтын ажиллагааны хэтийн зорилгод харшлахгүй гэж үзэж байгаагаа удирдлагууд нь мэдэгдсэн байна. Автомат жолоодлогын платформ хөгжүүлэгч болон автомашин үйлдвэрлэгч хоёр хамтарч буй цорын ганц тохиолдол энэ биш бөгөөд автомат жолоодлогын технологи хөгжүүлэгч Cruise компани автомашин үйлдвэрлэгч аварга компани болох General Motors-той ч мөн дээрхийн адил зорилготой түншлэл эхлүүлээд байгаа билээ. Харин одоогоор аль аль технологийг нь өөрөөг гардан үүсгэж, бүтээхээр гүрийж байгаа хүн бол Илон Маск бөгөөд өөрийн Tesla компанийн автомашинуудад FSD технологи суулгаж, роботакси турших гэж байгаа талаар өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

Хэрэв та бүхэн өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээнд идэвхитэй байсан бол Amazon-ы хөрөнгө оруулалттай Slate Auto нэртэй шинэ стартап компани АНУ-д үйлдвэрлэсэн, минималист загвартай цахилгаан пикап автомашинаа танилцуулсныг анзаарсан байх. Гадаад хэлбэр хийц, дүр төрхөөсөө болоод уг машин хэрэглэгчдийн хошигнолын бай болж, маш олон meme-ний материал ч болоод амжив. Зүгээр л "Truck" нэртэй энэхүү автомашины үндсэн үнэ $20,000 бөгөөд 240 км зайг нэг цэнэгээрээ туулах чадвартай. Мөн 386 км зай туулах боломжтой 84.3 кВт.цаг багтаамжтай батарейтай хувилбар ч бас худалдаанд гарах юм байна. Уг автомашин нь Tesla стандартын NACS цэнэглэх портоор тоноглогдсон бөгөөд 30 минутын дотор 80% хүртэл хурдан цэнэглэх боломжтой гэнэ.
Slate Auto нь хэрэглэгчдэд автомашинаа өөрсдийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх боломжийг олгож байгаа бөгөөд хоёр хүний суудалтай пикапыг таван хүний суудалтай SUV болгон хувиргах модульчлагдсан иж бүрдэл санал болгож байгаа аж. Машины интерьер нь минималист хэв маягтай, сүүлийн үеийн машинуудынх шиг том дэлгэцгүй, элдэв энтертайнмент, GPS навигаци зэргээ хэрэглэгчийн ухаалаг утасны тусламжтайгаар удирддаг байна гэдэг нь маш сонирхолтой. Учир нь өнөө үед үйлдвэрээс гарч буй машин бүр цаанаасаа entertainment system болон built-in navigation, бүр арга ядаж л CarPlay, Android Auto систем санал болгодог болчихоод байхад утсаараа холбож удирддаг, тэгээд бүр цонхоо буулгахдаа гараар эргүүлж (орос машинууд болон он хуучинтай Акуа шиг) тохируулдаг автомашин Америкийн зах зээл дээр гаргаж байгаа нь үнэхээр сонирхолтой үйлдэл гэж бодогдож байна. Энэ машины үйлдвэрлэл 2026 оны сүүлээр эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд захиалга өгөхөд хамгийн багадаа $50-ийн урьдчилгаа шаардлагатай гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын эмнэлзүйн салбарын шинэ туршилтуудын тоо огцом өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2017 онд 600 орчим шинэ эм, эмийн бүтээгдэхүүний туршилт эхлүүлж байсан бол 2023 он гэхэд энэ тоо 2000-д хүрч, АНУ-ын түвшинд дөхөж очжээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр хийгдэж буй эмнэлзүйн нийт туршилтын дөрөвний нэг нь Хятадад хийгдэж байгаа ба энэхүү өсөлт нь Хятадын засгийн газраас AI технологийн хөгжлийн хурдацтай холбоотойгоор энэ салбарын зохицуулалтыг зөөлрүүлж, компаниудын авдаг эмийн туршилтын зөвшөөрлийг хялбаршуулж, гадаадын компаниудын туршилтын өгөгдлийг Хятадад хүлээн зөвшөөрөх болгосон нь гол нөлөө үзүүлжээ.
Энэхүү шинэчлэлийн үр дүнд Хятадын биотехнологийн компаниуд олон улсын эмийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болж, барууны томоохон эм үйлдвэрлэгчид Хятадад боловсруулсан молекулуудыг лицензээр худалдан авах нь эрс нэмэгджээ. Өмнө нь тэд АНУ болон Европын биотехнологи, эмийн компаниудад үүсгэсэн эмийн молекулуудыг өндөр төлбөртэйгээр худалдан авдаг байсан бол Хятадууд өндөр технологийн тусламжтайгаар дотооддоо бага зардлаар олон туршилтууд хийж, барууныхаас дутахааргүй өндөр нарийвчлалтай бүтээгдэхүүнийг санал болгох болов. Хэдхэн жилийн өмнө АНУ-д биотехнологийн компаниуд олширч, эмнэлзүйн туршилтууд олноор хийж байсан ч төр засгаас хэрэгжүүлэх хяналт, зөвшөөрлийн тогтолцоо чангарснаар удаашралд орж, эсрэгээрээ олон жилийн турш төвлөрсөн тогтолцоонд захирагдаж, олон шат дамжлага дамжиж шийдвэр гаргуулдаг байсан Хятадын систем зөөлөрсөн нь ийнхүү Америк Хятадын эмийн компаниудын байр солигдоход хүргэсэн гэж дүгнэж болох юм. Одоогоор Хятадын энэхүү шинэчлэлийг технологийн дэвшилтэйгээ хослуулан араас нь гүйцэж түрүүлэхээр хичээж буй улсууд гэвэл Солонгос, Япон, Энэтхэг улсууд байгаа ажээ.
Нэг өгүүлбэрээр
WEF буюу Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Future of Jobs Report 2025 тайланд хөдөлмөрийн зах зээл дэх огцом өөрчлөлтөд AI ямар үүрэг оролцоотой байх талаар дурдсан байна шүү.
Grok 3.5 модель ирэх 7 хоногт ашиглагдаж эхэлнэ гэж Илон Маск мэдэгдлээ.
Amazon компани Starlink-тэй өрсөлдөнө гэгдэж буй Kuiper интернэт хиймэл дагуулуудаа хөөргөлөө.
Байдений засгийн газрын үед гаргасан AI чипний экспортын хоригийг Трампын засаг захиргаа арай илүү ашигтай зохицуулалт болгож өөрчилнө гэв.
Meta компани Llama 4 модель дээр суурилсан AI чатбот апп гаргаж, ChatGPT-тэй өрсөлдөхөөр боллоо.
Алцхеймерийн өвчний нууцлагдсан шалтгааныг AI олж илрүүлжээ.
Netflix сонсголын бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан шинэ subtitle санал болгоно.
AI халуурлын үндэслэгчид болох OpenAI Сэм Олтмэн болон Microsoft Сатья Наделла нар зам салахаар болсон уу?
3D принтерээр хэвлэж босгосон анхны кофе шоп өнөөдөр Техас мужид үйл ажиллагаагаа эхэлнэ гэнэ.
Meta компанийн нээлттэй эхийн AI моделиудыг нийтдээ 1,5 тэрбум хэрэглэгч татаж авсан гэж захирал Марк Цукерберг LlamaCon 2025 арга хэмжээн дээр мэдэгдэв.