- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар 77
Technosphere товхимол: Дугаар 77
AI технологийн холбогдолтой мэдээллүүд

Америкийн томоохон компаниуд, тухайлбал, Microsoft, Etsy, Uber-ийн захирлууд тэргүүтэй 250 гаруй бизнесийн байгууллагын удирдагчид ил захидал хэлбэрийн уриалга гаргаж, AI технологи болон компьютерийн шинжлэх ухааны чиглэлийн хичээлийг АНУ-ын ерөнхий боловсролын тогтолцооны хичээлийн хөтөлбөрт албан ёсоор оруулж өгөхийг хүсэв. Тэд New York Times дээр энэ уриалгаа нийтлүүлж, Америкийн иргэд шинэ тутам хөгжиж буй технологийн өрсөлдөөнд бэлэн байх, өрсөлдөх чадвар суулгах ач холбогдлуудыг дурджээ. Тэд жишээ болгон, БНХАУ, БНСУ, Бразил, Сингапур улсууд ерөнхий боловсролын сургуулиуддаа AI, компьютерийн шинжлэх ухааныг заавал судлах хичээл болгосон байхад АНУ хоцорч байгаад шүүмжлэлтэй хандсан байна. Бизнесийн томчууд Америкийн ирээдүй хойч үе AI технологийн зөвхөн хэрэглэгчид бус, бүтээгчид байх ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаагаа мөн илэрхийллээ.
Тэдний энэхүү уриалга саяхан ерөнхийлөгч Трампын гаргасан нэгэн зарлигтай цаг хугацааны хувьд давхцаж буй нь онцлог юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу АНУ-ын боловсролын тогтолцоонд AI чиглэлийн сургалтуудыг нэвтрүүлэх бодлого боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, энэ технологийн чиглэлээр багш нарыг бэлтгэх, сургалтын хөтөлбөр, орчин бий болгоход төр хувийн хэвшлийн түншлэлийг түлхүү ашиглах, үндэсний AI Challenge хөтөлбөр эхлүүлэх зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Алсыг хардаг томоохон улс орнууд ийнхүү дуу дуугаа авалцан, шинэ технологийн мэдлэгийг иргэддээ багаас нь суулгахад анхаарч эхэллээ дээ.

Бид Хятадын эрх баригчид иргэдээ олон сая камер+AI-н тусламжтайгаар хянаж, credit score системээр үнэлдэг болж байгаа талаар хэдэн жилийн өмнө уншиж, сонсож байсан байх. Энэ удаад АНУ-ын Нью Йорк хотын захиргаа метроны буудлууд дээрх иргэдийн зүй бус үйлдлүүд, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилгоор хяналтын камерын системдээ AI-аар хүч нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Хиймэл оюун ухаан камерын шууд хяналтыг хэрэгжүүлж, хэрэв хэн нэгэн сэжиг бүхий зан авир, үйлдэл гаргаж эхэлбэл хотын цагдаагийн газарт дуудлага өгөх бөгөөд ийм байдлаар метронд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байгаагаа хотын нийтийн тээврийн газрын удирдлагууд ярьсан байна.
Харин нөгөө талд иргэний нийгмийн байгууллагууд, тухайлбал, New York Civil Liberties Union ТББ-н хуулийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн энэхүү шинэ хяналтын систем нь иргэдийн эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд бид татварын мөнгөөр маань биднийг өдөр шөнөгүй хянаад өг гэж хүсээгүй. Эрх баригчид нийгэмдээ хөрөнгө оруулалт хийж, боловсрол, хөдөлмөр эрхлэлтэд нь анхаарах замаар гэмт хэрэг зөрчлийг бууруулах ёстой болохоос шоронд байгаа юм шиг хянаж, айдсаар удирдах нь туйлын буруу арга гэж мэдэгдсэн байна. АНУ-ын зам тээврийн сайд Нью Йоркийн нийтийн тээврийн газрыг метронд үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах болон метронд хоноглодог гэр оронгүй хүмүүсийн асуудлыг шийдэх арга зам бодож олохгүй бол төсвийг нь хасна гэж мэдэгдсэнээс сар орчмын дараа тэд дээрх шийдвэрийг гаргасан нь энэ билээ.

Энэхүү модель нь зөвхөн нэг ширхэг зураг ашиглан бодит мэт анимэйшн үүсгэх чадвартай бөгөөд ярианы өнгө аяс дээр үндэслэн, дүрийн нүүрний хувирал, биеийн болон гарны хөдөлгөөнийг маш нарийн илэрхийлж чаддаг ажээ. Шинэ ‘audio-to-expression’ буюу “дууг хоолойг үйл хөдлөлд хөрвүүлэх” технологи нь дуу хоолойн өнгө аясыг шинжлэн, нүүрний бичил хувирал, гарын хөдөлгөөнийг бодит мэт бүтээдэг. Шинэ модель нь зөвхөн ганц ширхэг зураг, яриагаа бичсэн ганц аудио бичлэг л ашигладаг ба хажуу талаас авсан зургийг ч үйл хөдлөлд оруулах боломжтой, мөн гэрийн тэжээвэр амьтад эсвэл анимэ дүрүүдийг хүртэл бодит дуу хоолой ашиглан хөдөлгөх боломжтой гэнэ.
Avatar IV нь зөвхөн нүүр царай бус, хагас болон бүтэн бие орсон зургийг ч боловсруулж чаддаг тул улам бүр динамик, онцгой видеонуудыг бүтээх боломж нээгдэж байна гэсэн үг юм. HeyGen компанийн мэдэгдсэнээр энэ модель нь инфлюнсерүүдийн хийдэг шиг видео, эсвэл дуулдаг аватар, мөн тоглоомын дүрүүд, дүрсжүүлсэн подкаст зэргийг бүтээхэд илүү оновчтой ашиглагдах боломжтой байж мэдэх юм. Тэдний авчирсан энэхүү шинэчлэл нь хиймэл оюунд суурилсан ярьдаг аватаруудаас цааш шат ахиж, аль ч талаас авсан зураг болон, уламжлалт бус зургийн форматуудыг дэмждэг болсноор видео бүтээх цоо шинэ урсгалыг эхлүүлж байна гэж хэлж болно.
Технологийн компаниуд

Samsung ухаалаг утас, эсвэл таблет хэрэглэдэг хүмүүс Samsung Dex буюу ухаалаг төхөөрөмжөө Desktop компьютер шиг интерфэйстэй болгож ашиглах, гар, хулгана, дэлгэц залгаж компьютер болгон хувиргах боломжтой функцийг мэддэг байж таарна. Харин Google компани шинээр гаргах Android 16 хувилбарынхаа хажуугаар дээрхтэй төстэй "Desktop Mode" хэмээх шинэ функцыг хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь хэрэглэгчдэд Google Pixel гар утсаа дэлгэцтэй холбож, компьютер шиг ашиглах боломжийг олгоно гэнэ. Android Authority сайтын сэтгүүлч Мишал Рахман Pixel 8 Pro гар утсан дээр уг үйлдлийг туршиж үзсэн аж. Холболт хийсний дараа дэлгэц дээр taskbar, статус бар, Windows-ийн Start цэс шиг аппликейшн цэс зэрэг компьютерийн интерфэйс гарч ирдэг бөгөөд хэрэглэгчид олон аппликейшнийг зэрэг нээж, цонхнуудыг чөлөөтэй хөдөлгөж, хэмжээг нь өөрчилж, дэлгэцийн хажуу талд байрлуулах боломжтой болно гэнэ.
Энэхүү шинэ desktop mode нь Android таблетуудад зориулсан window mode-ийг нэмэлт дэлгэц дээр ашиглах боломжийг олгож байгаа бөгөөд хэрэглэгчид гар, хулгана нэмэлтээр залгаад илүү үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Гэсэн хэдий ч, энэхүү функц нь Android 16 үйлдлийн системтэй хамт хэрэглээнд нэвтэрч амжихгүй байж магадгүй бөгөөд дараагийн шинэчлэлтүүд эсвэл Android 17 хувилбарт багтах төлөвтэй байна гэжээ.

АНУ-ын FAA буюу манайхаар Иргэний нисэхийн ерөнхий газар нь SpaceX компанид Техас мужийн Starbase хөөргөх талбайгаас хоёр 7 хоног тутамд нэг удаа буюу жилдээ 25 орчим удаа Starship пуужин хөөргөх зөвшөөрөл олголоо. Өмнө нь нэг жилд зөвхөн таван удаа Starship хөөргөх эрхтэй байсан тэдний хувьд энэ шийдвэр нь сар болон Ангараг гариг руу хийх зорилтот нислэгүүдийн бэлтгэлийг эрчимжүүлэх ач холбогдол бүхий үйл явдал болов. FAA-ийн байгаль орчны үнэлгээний дүгнэлтээр пуужин хөөргөх тоог нэмэгдүүлэх нь бүс нутгийн хүрээлэн буй орчинд ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж үзжээ. Гэсэн хэдий ч тэр хавийн зарим оршин суугчид болон байгаль хамгаалагчид дуу чимээ, агаарт тархах хог хаягдал, зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсээр л байгаа аж.
Тухайлбал, жилд 25 удаа Starship пуужинг хөөргөхөд шаардагдах бараа материал нь одоогийнхоос хэд дахин нэмэгдэх учраас эдгээрийг зөөхийн тулд Бока Чика эрэг рүү хүргэдэг State Highway 4 хурдны замаар жилд дамжин өнгөрдөг машины тоо л гэхэд 6000-аас 23700 орчим болж нэмэгдэх тооцоолол хийгджээ. Энэ тоогоор агаарт хорт утаа ялгарч, орчны бохирдол үүсгэхээс гадна пуужин хөөргөхөд ашигладаг усны хэмжээ 10.27 сая галлоноор(38 сая литр) нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр ийнхүү нислэгийн зөвшөөрлөө нэмүүлээд авсан ч SpaceX өөрөө энэ хэмжээний олон нислэг үйлдэж чадах эсэх нь бас л асуудал юм. Учир нь тэд сансрын хөлгийг дэлхийн тойрог замд оруулсны дараа буулгах дээрээ бүтэлгүйтсээр байгаа. Ажиглагчдын үзэж байгаагаар тэдний дараагийн туршилтын нислэг буюу Flight 9 нь 5-р сарын 19-нд хөөрч магадгүй байна.

Америкийн Stratolaunch нэртэй нисэхийн технологийн компани нь Talon-A нэртэй hypersonic пуужинг мөн өөрийн компанийн бүтээсэн, дэлхийн хамгийн том онгоц болох Roc-н тусламжтайгаар өндрийн нислэгийн туршилт амжилттай хийжээ. Энэ удаагийн туршилтаар Talon-A нь hypersonic технологийн судалгаа шинжилгээ болон батлан хамгаалахын зориулалтаар, мөн олон дахин ашиглагдах боломжтой гэдгээ харуулж, пуужингийн технологийн дараагийн шат руу ахиж яваагаа нотолсон байна. Hypersonic пуужингууд ихэнхидээ газраас хөөрч, туршигддаг бол Talon-A нь өөрийн компанийн 130 метрийн далавчны өргөнтэй, дэлхийн хамгийн том онгоцноос салж нисч байгаагаараа онцлог бөгөөд янз бүрийн өндөршил болон өөр өөр хурдтай яваа нөхцөлд туршилтын үр дүн хэрхэн өөрчлөгдөж байгааг хянах боломж олгож байгаа гэсэн үг. Мэдээж онгоцноос харвах нь илүү хялбар, зардал багатай ч арга байж таарна.
Хятад улс 2019 онд анхны hypersonic пуужин бүтээснээ зарлаж, удалгүй ОХУ ч энэ төрлийн зэвсэг бүтээсэн гэж мэдэгдсэн(өөрсдөө л тэгж мэдэгдэж байгаа?!) ч АНУ өдийг хүртэл энэ технологийн тал дээр олигтой дэвшил гаргаагүй учраас батлан хамгаалах яам нь энэ туршилтыг өөрийн гэрээт компаниараа гүйцэтгүүлсэн аж. Hypersonic пуужин нь энгийн баллистик пуужинг бодвол илүү хурдтай, агаар мандлын дээд давхаргаар нисдэг, амдан сөнөөгч пуужинд оногдох магадлал маш бага тул энэ технологийн хоцрогдолд ороод байгаа нь АНУ-ын хувьд том эрсдэл гэж хэлж болно. Stratolaunch-н захирал сүүлийн туршилтаар ямар ачаа тээвэрлэсэн, дээд хурд, дээд өндөршил ямар байсан талаарх мэдээллийг нууцална гэдгээ мэдэгдсэн ба дараагийн туршилт нь энэ оны 12-р сард хийгдэх юм байна.

Тус компани ашгийн бус байгууллага статустай олон жил үйл ажиллагаа явуулж байгаад саяхнаас ашиг олох зорилго бүхий аж ахуйн нэгж болохоор төлөвлөсөн нь томоохон маргаан дагуулсан билээ. Зарим нэг хүн тэднийг шүүхэд хүртэл өгсөн, OpenAI зөрүүлж нөгөө нөхрийг шүүхэд өгсөн гээд хэл ам тасрахгүй өдийг хүрсэн. Гэсэн ч тэд саяхан иргэний нийгмийн байгууллуудын төлөөлөгчид болон Калифорни, Делавэр мужийн ерөнхий прокуроруудтай зөвлөлдсөний эцэст, ашгийн төлөөх статусаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэв. Гэсэн ч тэдний удирдах зөвлөл нь компанийн ашигтай ажилладаг охин компанийг хянаж, удирдсан хэвээр байж, тус нэгжийг ашгийн төлөө бус public benefit corporation(PBC) буюу олон нийтийн тусын төлөөх компани статустай болгон өөрчлөхөөр шийдвэрлэжээ. Ташрамд дурдахад AI технологийн Anthroic болон xAI компаниуд нь дээр ийм статусын доор үйл ажиллагаа явуулдаг билээ.
PBC бизнесийн загварыг сонгосноор хөрөнгө оруулагчид болон ажилтнууд нь тогтсон үнэлгээгүй энгийн хувьцаа эзэмших болно гэсэн үг. Ингэснээр OpenAI ирээдүйд илүү их хөрөнгө оруулалт татахад ямар нэг саадгүй болох юм. Учир нь компанийн дүрэмд заасан нэгж хувьцааны нэрлэсэн үнээс болоод, хөрөнгө оруулалтын үе шатууд дээр бэрхшээл тулгарч байв. Мөн ашгийн төлөөх бизнес загвараасаа татгалзсанаар xAI болон Meta зэрэг өрсөлдөгчдийнхөө хурц шүүмжлэлийг намжаахын зэрэгцээ дээрх өөрчлөлтөд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн ажилтнуудынхаа сэтгэл санааг ч эргүүлэх боломж тэдэнд гарч байна.
Танд хэрэгтэй байж мэдэх апп, хэрэглүүрүүд
Дуу хөгжим зохиогч AI: Suno 4.5 🎹

iPhone гар утсаа ашиглан, мэргэжлийн видео бичлэг хийх боломжтой хүчирхэг апп: Kino - Pro Video Camera 🎥🎬

Тамхинаас гарахад тань туслах апп: Smoke Free 🚭

Нэг өгүүлбэрээр
Netflix хэрэглээний шинэ интерфэйс(UI) нэвтрүүлнэ.
OpenAI компани AI-н тусламжтайгаар код бичдэг платформ болох Windsurf-ийг 3 тэрбум доллараар худалдан авахаар боллоо.
SpaceX-ийн Starbase-ийн орчимд шинээр хот байгуулах гэж байна.
Google хайлтын систем дээр AI-н тусламжтайгаар компаниудын сурталчилгааг илүү оновчтой хүргэх AI Max хэрэгслийг нэвтрүүлнэ.
App Store Freedom Act нэртэй хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр Apple компани өөрийн App Store-оос гадна гуравдагч этгээдийн хөгжүүлсэн application store-ийг хүлээн зөвшөөрч, нэвтрүүлэх шаардлагатай болов.
Anthropic компани шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд зориулсан санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Microsoft компани интернэт ашиглалгүй өөр дээрээ AI модель ажиллуулах боломжтой шинэ Surface Pro таблетуудаа танилцууллаа.
Google Gemini 2.5 модельд шинэчлэл хийгдэж, код бичих чадвар нь үлэмж сайжирчээ.
Uber болон WeRide компаниуд хамтарч, автомат жолоодлоготой такси үйлчилгээг 15 хотод нэмж нэвтрүүлэх гэж байна.
Арабын Нэгдсэн Эмират улсын дунд сургуулиудад AI технологийн хичээлийг заавал үздэг болно.
Apple-ийн төхөөрөмжүүдийн эдэлгээг шалгадаг лаборатори Ирланд улсад байдаг гэнэ.