Technosphere товхимол: Дугаар 78

Технологийн мэдээллийн 7 хоног тутмын newsletter

🌟 6-р сарын эхний дугаар
“Админ нь ажилтай завгүй байлаа” гэдэг шиг 5-р сард ажил, амралт хослуулаад, товхимол руугаа анхаарал хандуулах цаг байсангүй ээ, sorry. Яг нэг сарын дараа шинэ дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна.

🤖 AI технологийн холбогдолтой мэдээллүүд

Apple компани AI хөгжүүлэлт дээр хоцорсоор л…

Жил бүр уламжлал болгон зохиодог Apple WWDC арга хэмжээ удахгүй болох гэж байгаа ч Apple энэ үеэр AI хөгжүүлэлттэй холбоотой шинэ төслийн танилцуулга хийхгүй сурагтай байна.

  • 3 тэрбум параметр бүхий AI модель санал болгоно: Хөгжүүлэгчдэд зориулсан энэ модель нь 3rd party app-уудтай зохицон ажиллах хэдий ч өрсөлдөгч AI моделиудтай харьцуулахад хамаагүй сул аж.

  • 150 тэрбум параметртэй AI модель хөгжүүлж байгаа ч асуултад хариулахдаа нилээн алдаа гаргадаг, мөн компанийн удирдлагууд уг моделийг олон нийтэд танилцуулах хугацааны тов дээр санал зөрөлдөөнтэй байгаа зэргээс болоод энэ удаад огт дурдахгүй өнгөрөх бололтой.

Швед улс Sana Agents AI платформыг орон даяар хэрэглээнд нэвтрүүлж байна.

Тус улс 2.3 сая оюутан, багш сурган хүмүүжүүлэгчид болон төрийн албан хаагчдын хэрэгцээнд ашиглуулахаар Sana Agents хиймэл оюуны платформыг хэрэглээнд нэвтрүүлснээр одоогийн байдлаарх хамгийн өргөн хүрээний AI шилжилт хийсэн улс орон болж байна. Тэдний үзэж байгаагаар:

  • Sana Agents-г ашигласнаар R&D буюу эрдэм шинжилгээний ажлыг 50% хөнгөвчилж,

  • Төрийн байгууллага болон компаниудын харилцагчийн үйлчилгээнд тулгамддаг асуудлууд 2 дахин багасч,

  • Байгууллагуудын нийцлийн аудитад зарцуулдаг цаг 65%-р багасч, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх асуулгад хариу өгөх хугацаа 95%-иар богиносно гэсэн тооцоолол хийгдээд байгаа гэнэ.

Samsung компани Perplexity AI компанитай Galaxy S26 дээр хамтарч магадгүй.

Одоогийн байдлаар Google Gemini AI моделийг default байдлаар ашиглаж байгаа тус компани ирэх жил гаргах Galaxy S26 загварууд дээр Gemini-г Perplexity AI-аар сольж, утасны үйлдлийн системийг анхнаасаа тус компанийн AI модельтой гаргана гэсэн мэдээлэл гарчээ. Ингэхдээ:

  • Galaxy үйлдлийн систем: анхнаасаа Perplexity AI модель суугдсан гарна.

  • Samsung Internet Browser-т Perplexity AI нэгтгэгдсэн байна.

  • Bixby буюу ухаалаг туслах-г мөн тус AI-н тусламжтайгаар сайжруулах хувилбар яригдаж байгаа юм байна.

Ташрамд дурдахад, Perplexity AI компанийн хувьд энэ жил Motorola компанийн гар утаснуудын үндсэн AI engine болох тохиролцоонд хүрээд байгаа билээ.

Дуу хөгжмийн ертөнцийн акулууд AI компаниудтай хэлэлцээр хийнэ.

Өнгөрсөн жил л хиймэл оюун ашиглан дуу хөгжим үүсгэгч Udio болон Suno компаниудыг шүүхэд өгч байсан Sony Music, Warner, Universal компаниуд энэ жил байр сууриа өөрчилж, өөрсдийн эзэмшлийн дуу бичлэгүүдийг лицензийн төлбөртэйгээр ашиглуулах хэлэлцээр эхлүүлнэ гэнэ.

  • Өөрсдийн бүтээлээ лицензийн төлбөртэй ашиглуулах, эсвэл тус AI компаниудад хувь эзэмших нөхцөлтэйгээр хэлэлцээ хийж байгаа бөгөөд AI компаниуд дуу хөгжмийн моделиудаа тэдний бүтээлийг ашиглан сургах боломжтой болно.

  • Зохиогчийн эрхийн маргаан үүсгэсэн бүтээл тус бүр дээр 150 мянган доллар нэхэж байсан тус компаниуд одоо харин төлбөртэй лицензээр асуудлыг шийдэх тал дээр хэн нь түрүүлж AI компаниудтай тохиролцоонд хүрэх вэ гэдэг дээр битүүхэн хоорондоо өрсөлдөж байгаа ажээ.

🚀 Технологийн компаниуд

SpaceX компанийн орлого энэ жил 16 тэрбум долларт хүрнэ гэв
  • Тэрбумтан Илон Маскийн толгойлдог SpaceX компанийн орлого энэ ондоо багтаад 15.5 тэрбум долларт хүрэх ажээ. Нээлттэй хувьцаат компани биш учраас тус компанийн санхүүгийн тоо баримтууд тэр бүр ил болоод байдаггүйг та бүхэн мэдэж байгаа байх. Ямартай ч орлого олдог гол хоёр бизнес нь сансарт ачаа тээвэрлэж хүргэх болон хиймэл дагуулын интернэтийн Starlink үйлчилгээ байдаг.

  • Компанийн захирлын мэдэгдэж байгаагаар 2026 онд тус компанийн бизнесийн орлого нь NASA-н бүтэн жилийн төсвөөс ч давж гарах аж. Тэрээр өөрийн бизнесийн хамтрагч болон төслийн удирдагчаар ажиллаж байсан бизнесмэнийг NASA-н удирдлагаар томилуулж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай үүсгэсэн дотно харилцаагаа ашиглан, NASA-н тендерүүдийг өрсөлдөөнгүй авах гэж байна гэсэн хардлагаас болоод компанийнхаа орлогыг NASA-н төсөвтэй жишсэн байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ энд нэг зүйлийг заавал дурдах ёстой нь SpaceX-н олсон орлогын үлэмж хэсгийг Ангараг гарагт хүрнэ гэгдэж байгаа Starship төсөл залгиж байгаа гэдэг нь бараг л ил тод харагдаж байгаа билээ.

Meta платформ дээрх сурталчилгааг AI хэрэгсэлд бүрэн даатгана
  • Компанийн удирдлагуудтай ойр байдаг эх сурвалжийн мэдээлснээр энэ оны сүүлч гэхэд Meta (Facebook, Instagram) платформ дээрх төлбөрт сурталчилгаа буюу бидний нэрлэж заншсанаар бүүсттэй постыг AI хэрэгсэлд даатгах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Өөрөөр хэлбэл, ямар бүтээгдэхүүнийг хэнд зориулж, ямар төсвөөр сурталчлах хүсэлтэй байгаагаа мэдэгдэхэд Meta AI өөрөө зураг дүрслэл, сурталчилгааны хэлбэр, текстийг өөрөө сонгон бүтээж, өгөгдсөн төсвийн хэмжээнд зорилтот үзэгчдийг тодорхойлж, сурталчилгааг үүсгэх юм байна.

  • Хэрэв энэ хэрэгсэл бүрэн утгаараа ажиллаад эхэлбэл, сурталчилгааны зураг авалт, видео продакшны ажил нилээн багасах, зарим нэг жижиг бизнесийн хувьд зураг авалт хийх, видео бүтээх ямар ч шаардлагагүй болно гэсэн үг. Харин том компаниудын хувьд хэсэгтээ л өөрийн бүтээгдэхүүн, брэндийн онцлог өнгө аясыг тусгасан, өөрийн онцлогтой контентыг сурталчилгаандаа ашигласан хэвээр байх болов уу.

  • Meta-н гаргах энэ AI хэрэгслээс гадна Google компанийн бүтээсэн Veo generative-video AI моделийг ч мөн богино хэмжээний сурталчилгааны видео үүсгэхэд ашиглах боломжтой гэж яригдаж байгаа. Үүнээс гадна Midjourney, DALL-E зэрэг хэрэгслүүдийг ашиглан бий болгосон сурталчилгааны контентууд ч одоогийн байдлаар Meta платформ дээр нийтлэгдсээр байгаа билээ.

Adobe Photoshop программын Android хувилбар
  • Adobe компани Android үйлдлийн системтэй ухаалаг гар утаснуудад зориулсан Photoshop програмын бета хувилбарыг албан ёсоор танилцууллаа. Энэ шинэ хувилбар нь Google Play Store-оос үнэгүй татаж авах боломжтой бөгөөд хэрэглэгчид Photoshop-ийн үндсэн функцууд болох Layers, Mask зэрэг хэрэгслүүдийг ашиглах боломжтойгоос гадна Adobe Firefly хиймэл оюун ухаанд суурилсан Generative Fill, зургийн ар дэвсгэр солих, график үүсгэх зэрэг дэвшилтэт функцуудыг багтаасан ажээ. Ингэснээр хэрэглэгчид гар утсаа ашиглан зураг засварлахад илүү хялбар, олон сонголттой болох юм.

  • Photoshop-ийн Android хувилбар нь Android 11 болон түүнээс дээш үйлдлийн системтэй, дор хаяж 6GB RAM бүхий төхөөрөмжүүдэд зориулагдсан байна. Програм нь мэргэжлийн болон сонирхогч хэрэглэгчдэд зориулсан хялбар хэрэглээтэй интерфэйсээс гадна tutorials багтаасан бөгөөд хэрэглэгчид Adobe Community-д нэгдэж, бүтээлээ хуваалцах, апп-ын талаарх санал хүсэлт өгөх боломжтой аж. Ийнхүү Photoshop-г гар утаснаасаа ашигласнаар зураг засварлах, график дизайн хийх ажлыг илүү хүртээмжтэй болгож, хэрэглэгчдэд хаанаас ч бүтээлч байдалтай ажиллах боломжийг олгож байгаа нь сайн хэрэг юм.

⛓️‍💥 Нэг өгүүлбэрээр

Apple iPhone 18 Pro, 18 Pro Max болон iPhone 18 Fold гар утаснууддаа TSMC компанийн 2-р үеийн 2нм нарийвчлал бүхий архитектур дээр бүтээсэн А20 чипээ ашиглана гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ангараг гараг руу хүрэх сансрын төсөлд зориулан, 1 тэрбум долларын төсөв батлуулна.

Microsoft компанийн AI Agent гэж юу болох, түүнийг хэрхэн бүтээх талаарх дэлгэрэнгүй видео хичээлийг эндээс үзээрэй.

Ажиллах явцдаа өөрөө өөрийнхөө программын кодыг өөрчилж, сайжруулдаг AI модель гарсан байна цаана чинь.

Өнгөрсөн жил Tesla компаниасаа 1 ч долларын цалин авч чадаагүй Илон Маск энэ жил хэдэн долларын цалин/урамшуулал хүртэх бол?

Хорт хавдрын эсрэг хоёр эмийг ашиглан, хавдрыг эмчлэхээс гадна, туршилтын хулганын насыг уртасгах боломжтойг олж нээжээ.

Нарны соронзон шуурга Starlink-ийн хиймэл дагуулуудыг гэмтээж байна.

OpenAI-н Sora AI моделийг ашиглан, хэрхэн үнэгүй видео үүсгэх вэ.

Тэрбумтан Билл Гейтс өөрийн хөрөнгийн үлэмж хэсгийг Африкчуудад зориулна гэж мэдэгдэв.

Google компани Pixel 10 загварын гар утаснуудаа энэ оны 8-р сард Made by Google арга хэмжээний үеэр танилцуулна.

Ингэвэл яах вэ? Долоо хоног бүрийн дундуур ээлжит товхимлоо гаргахаас гадна амралтын аль нэг өдрийг тааруулаад, explainer article буюу техник, технологийн аль нэг ойлголтыг тоймлон, тайлбарласан нэг нийтлэл оруулж байвал ямар вэ? Санал бодлоо мэйлээр хариу илгээн бичээрэй.

Ирэх 7 хоногт шинэ дугаараар уулзъя. Дуустал нь уншсан танд баярлалаа.