Technosphere товхимол: Дугаар 79

🌟 Өглөөний мэнд хүргэн мэндчилж байна. Ээлжит нэгэн дугаараа хүлээн авна уу.

🤖 AI технологийн холбогдолтой мэдээлэл

OpenAI GPT o3-pro: хүчирхэг хэрнээ хямд үнэтэй

Тус компани бодож сэтгэдэг o3 моделийнхоо илүү хүчирхэг Pro хувилбарыг гаргасан нь benchmark тестүүд дээр өөрийн өрсөлдөгч моделиудаасаа илүү гүйцэтгэл үзүүлсэн мэдээтэй байгаагаас гадна Google болон Anthropic-ийн одоогийн шилдэг AI моделиудаас үнэ ханшийн хувьд 80%-иар хямд болжээ.

Түүний онцлогуудаас дурдвал:

  • o3-Pro нь өмнөхөөсөө илүү удаан боддог учир математик, шинжлэх ухааны тоцоолол болон програмчлал зэрэг техникийн талын асуудлууд дээр илүү найдвартай, оновчтой хариулт гаргаж өгөх боломжтой болсон.

  • Докторын хэмжээний математик тооцоолол, шинжлэх ухааны асуудлуудад хариулт өгч байсан тул гол benchmark шалгууруудаас гадна өөрсдийн биеэр туршин тестлэгч мэргэжилтнүүдийн дүгнэлтээр өрсөлдөгч моделиудаасаа илүү гэсэн сайн дүн авсан.

  • Вэб хайлт хийх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх зэрэг хэрэгслүүдтэй ч удаан тооцоолол хийдэг, мөн зураг үүсгэх зэрэг үйлдлүүд хийж чаддаггүй.

  • Одоогийн байдлаар ChatGPT Pro болон Team багцын хэрэглэгчдэд шууд ашиглах боломжтой болсон ба Enterprise болон Edu түвшний хэрэглэгчид бараг дараагийн 7 хоногоос ашиглаад эхлэх боломжтой ажээ.

Трамп ерөнхийлөгчийн засаг захиргаа AI чатботтой болж магадгүй

АНУ-ын засгийн газар төрийн үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэхэд AI ашиглах зорилгоор AI.gov нэртэй вэбсайт хөгжүүлж, хөгжүүлэгчдэд зориулсан API нэвтрүүлж байгаа талаар 404 Media сайт мэдээлжээ. Уг төслийг Төрийн ерөнхий үйлчилгээний агентлагийн технологийн шилжилтийн хэлтэс нэртэй алба хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн удирдагчаар Tesla компанид ажиллаж байсан инженер болох Томас Шэдд гэгч эрхэм ажиллаж байгаа аж. New York Times сайтын мэдээлснээр Томас Шэдд нь тэрбумтан Илон Маскийн толгойлж асан DOGE яамтай тун ойрын харилцаатай нэгэн бөгөөд урьд өмнө нь AI ашиглан залилангийн гэмт хэргийг илрүүлэх, төрийн тендерийн гэрээнүүдийг хянах, мөн түүнчлэн төрийн агентлагуудад зориулсан програм хангамж зохиодог AI coding agent бүтээх зэрэг санаачлагуудыг гаргаж байсан нэгэн ажээ.

Одоохондоо дээрх AI.gov сайт руу орвол Цагаан ордны албан ёсны сайт руу шилжиж байгаа бөгөөд 7-р сарын 4 буюу АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр нээлтээ хийх төлөвтэй байгаа гэнэ. Засгийн газрын AI вэбсайт нь AI чат туслагч, OpenAI, Google, болон Anthropic компаниудын модельтой холбогдох боломжтой API зэрэг бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх байх гэсэн таамаглал гараад байгаа юм.

🚀 Технологийн компаниуд

Meta компанийн AI нэгж нь хүчирхэг бүрэлдэхүүнээр бүл нэмлээ

Марк захирал маань компанийнхаа AI нэгжийг “superintelligence lab” болгох зорилт тавьж, хэдэн тэрбум доллар зарцуулан байж, өөрийн сонгож шигшсэн бүрэлдэхүүн буюу Scale AI компанийн CEO Александр Ван болон түүний хамгийн шилдэг ажилтнуудыг компанидаа элсүүлж чаджээ.

  • Scale AI-н үүсгэн байгуулагч Алекс Ван Meta компанийн томчуудын эгнээнд автоматаар орж, тус компанийн AI нэгжийн ажилтнууд болон өөрийн дагуулж ирсэн мэргэжилтнүүдээ удирдах аж.

  • 15 тэрбум долларын энэ тохиролцоо хэрэгжсэнээр Scale AI компанийн одоогийн хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувь эзэмшлийн дүнтэй тэнцэх мөнгөн төлбөр хүлээн авах бөгөөд Meta нь Scale AI-н 49%-ийг эзэмших эрхтэй болж байна.

  • Шинээр бий болгож байгаа энэ хүчирхэг багт ажиллуулахаар Марк Цукерберг өөрийн биеэр 50 гаруй шилдэг мэргэжилтний нэрсийг гаргаж, тэднийг OpenAI болон Google компаниудаас “хулгайлж” буй бөгөөд заримд нь саяас дээш долларын жилийн цалин амалсан мэдээлэл байна.

  • Ийм хэмжээний өргөн цар хүрээтэй, басхүү өндөр зардалтай шийдэмгий арга хэмжээ авч байгаа нь өнгөрсөн хугацааны туршид хүчин чармайлт гарган зүтгэсэн Llama 4 модель нь түүний хүссэн үр дүнд хүрч чадахгүй байгаатай холбоотой байх өндөр магадлалтай юм. Тийм ч учраас тэрээр одоогийн багтаа эрс шинэчлэл хийж, гаднаас шилдэг мэргэжилтнүүдийг үнэ хайрлахгүй элсүүлэн авч буй бололтой.

Apple компани WWDC арга хэмжээн дээр Liquid Glass технологи танилцуулав

Энэ 7 хоногт эхэлсэн Apple WWDC арга хэмжээ манай өмнөх дугаарт бичиж байсанчлан, AI технологийн тал дээр тун даруухан болж өнгөрч байна. Гэхдээ яаж хоосон байхав, Liquid Glass нэртэй iOS, iPadOS, macOS, watchOS, visionOS гээд бүх төхөөрөмжийн үйлдлийн системийн харагдах байдал, дизайныг өөрчлөх шинэ технологи танилцуулсан сонинтой.

  • Цонхнууд нэвт харагддаг, шилэн эффекттэй интерфейсийг бүх төхөөрөмж дээрээ нэвтрүүлсэн нь зарим хэрэглэгчдийн дунд аль дээр үеийн Windows Vista үйлдлийн системийн дизайныг хуулсан гэсэн шүүмжлэл өрнөхөд хүргэв.

  • Мөн энэ жилээс эхлээд үйлдлийн системийн дугаарлалтыг 18-аас цааш үргэлжлүүлэх бус гарч буй оноор нь дугаарлана гэдгээ мэдэгдсэн бөгөөд iOS 26, iPadOS 26 гэхчлэн цааш үргэлжлэх нь ээ.

  • Apple Games нэртэй шинэ апп танилцуулж, iPhone, iPad болон Mac компьютерүүд дээр суулгасан тоглоомуудыг хянах, удирдах нэгдсэн шийдэл санал болгов.

Ямартай ч ихэнх хэрэглэгчдэд Liquid Glass технологи нь ихэд таалагдаж байгаа ч нөгөө хэсэг нь Windows үйлдлийн системийн аль олон жилийн өмнө гаргаж байсан интерфэйсийг санал болголоо гэж шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Microsoft XboX handheld хувилбар гаргаж байна.

Тус компани гарт багтдаг тоглоомын консолын зах зээлийг олон жил тойрч явсны эцэст ийнхүү ROG XboX Ally, болон ROG XboX Ally X нэртэй, хоёрын хоёр ч шинэ тоглоомын төхөөрөмж гаргахаар болж байна. Эдгээр нь Xbox-н тоглоомуудыг гар консол дээр бүтэн дэлгэцээр тоглох боломжтой шинэ төхөөрөмж билээ.

  • Нэрнээс харж байгаачлан Microsoft энэ удаад Asus компанитай хамтран, Xbox апп, Game Bar, Windows үйлдлийн систем бүхий шинэ тоглоомын консол гаргасан байна. Энэхүү алхам нь SteamOS-тэй ширүүн өрсөлдөөн өрнүүлэх гэж байгаагийн илрэл гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

  • Уг төхөөрөмжүүд нь тоглоом тоглоход зориулагдсан Windows 11 үйлдлийн системийн хувилбар суусан, зөвхөн Xbox гэлтгүй PC тоглоомууд ч, хэрэглээний программууд, вэб браузэр ч асуудалгүй ажиллана гэдгээрээ давуу талтай юм.

  • Дээрх хоёр төхөөрөмж хоёулаа гарт эвтэйхэн хэлбэртэй, ABXY товчлуурууд, бүрэн хэмжээний аналог удирдлага, мөн ‘Back’ товчтой бөгөөд Ally X хувилбар нь Xbox-ийн гар шиг чичиргээний тохиргоотой аж.

Зуны амралтыг тааруулан гаргаж буй тоглоомын төхөөрөмжүүдийг Steam Deck болон Nintendo Switch 2 тоглоомын консолуудад хариу барих зорилгоор гаргасан нь илт. Хүчирхэг эд ангиуд, Xbox тоглоомынх шиг удирдлага, Microsoft-ийн экосистемд бүрэн нийцэж ажиллах боломж зэрэг нь Xbox-н фэнүүдэд хаана ч, хэзээ ч дуртай тоглоомоо асуудалгүй тоглох боломжийг олгох нь дамжиггүй юм.

⛓️‍💥 Нэг өгүүлбэрээр

Mistral компани Magistral нэртэй, бодож сэтгэдэг, олон хэл дээр ажилладаг, түргэн хариулт өгдөг open source AI модель гаргасан ч гүйцэтгэлийн хувьд бусад өрсөлдөгчдөөсөө ялимгүй дутуу байна гэсэн үнэлгээ benchmark-ууд дээр гарчээ.

Android 16 хувилбар юу юугүй гарах нь ээ.

Amazon компани Пенсильвани мужид дата төв, түүнд зориулсан дэд бүтэц байгуулах чиглэлээр 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр амалсан нь тус мужид хийсэн хувийн компанийн хамгийн том хөрөнгө оруулалт болохоор байна.

Гэрээний эх бэлтгэх, гэрээг хянах зэрэгт AI баргийн хуульчаас дутахааргүй мөртлөө хямд хувилбар болж байна.

Зураг болон видео үүсгэгч нэгэн шинэ AI моделийг туршиж үзээрэй.

Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD-н “5 минутын цэнэглэгч” нь цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбар дахь Хятадын давамгайллыг бататгах технологийн дэвшил болж байна.

OpenAI-н орлого огцом өсөв.

Илон Маск сошиал сүлжээнд пост оруулахдаа ерөнхийлөгч Трампыг арай хэтрүүлэн хэлсэндээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Intel чиптэй Mac компьютеруудад macOS Tahoe үйлдлийн системээс хойш системийн шинэчлэл үзүүлэхгүй гэдгээ Apple мэдэгдэв.

Энэ удаагийн дугаар таалагдсан бол нийтлэлийг хуваалцаарай. Баярлалаа.