Technosphere товхимол: Дугаар 80

🌟 Өглөөний мэнд

Мэдээллийн товхимлын маань шинэ дугаарыг хүлээн авна уу. Өнөөдөр Улаанбаатарт төдийгүй Монгол орон даяар ээлжит нэгэн халуун өдөр айлчлан ирж байна даа. Нарны тосоо түрхэж, шүхрээ авч, UV цамцаа өмсөж гарах өдөр гэсэн үг шүү дээ.

🤖 AI технологийн холбогдолтой мэдээллүүд

OpenAI компани 200 сая долларын үнэ бүхий батлан хамгаалахын тендерт ялав

Тус компани АНУ-ын батлан хамгаалах яамнаас зарласан “батлан хамгаалах салбарт AI нэвтрүүлэх“ тендерт ялснаар ирэх жилийн 7-р сар хүртэл тулааны нөхцөлд болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр AI ашиглах ажлыг нэвтрүүлэхээр боллоо. Энэ түншлэлийн дагуу “Засгийн газарт зориулсан OpenAI“ хөтөлбөр хэрэгжиж эхлэх бөгөөд компанийн зүгээс АНУ-ын зэвсэгт хүчний хэрэглээнд хиймэл оюун ашиглах, жишээ нь, кибер аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг цэргийн үйл ажиллагааны үеийн үйл ажиллагаанаас гадна өгөгдлийн шинжилгээ, худалдан авах ажиллагаа зэрэг захиргаа удирдлагын функцүүдэд ч зориулсан AI хэрэгслүүдийг бүтээж нийлүүлэх ажээ.

Энэ бол OpenAI-н хувьд Пентагонтой үүсгэж буй анхны шууд хамтрал бөгөөд цаашид компанийн үйл ажиллагаа нь хэрэглэгчийн зах зээлээс хальж, байгууллага, төрийн үйлчилгээний хэрэглээ рүү нэвтрэх үүд хаалга нээгдэж байгааг харуулж байна. Урьд нь тэд батлан хамгаалахын захиалгаар дрон илрүүлэх технологи хөгжүүлэгч Anduril компанитай хамтарч байснаас өөрөөр энэ салбарт үйл ажиллагаа явуулаагүй байсан билээ. Нэг сонирхолтой зүйл байгаа нь OpenAI-н бүтээгдэхүүн ашиглалтын бодлогод “аливаа гаргасан бүтээгдэхүүн, хөгжүүлсэн технологи нь зэвсэг бүтээх, бусдыг хохироохыг хатуу хориглох” заалттай байсан ч, нэгэнт АНУ-ын зэвсэгт хүчнээс зарласан тендерт анхнаасаа оролцсон явдал нь дээрх бодлого чиглэлээ өөрчилж байгаагийн илрэл болж байх шиг.

Одоогоор батлан хамгаалахын чиглэлд AI технологийн хамтын ажиллагааг OpenAI-с гадна Anthropic, Google, Meta компаниуд ч мөн эхлүүлээд байгаа нь Palantir зэрэг энэ салбарт аль хэдийн танигдсан гэрээт компаниудад өрсөлдөөн ширүүсэхийн дохио болж очих биз ээ.

Хятадад AI avatar нь жинхэнэ эзнээсээ илүү борлуулалт хийж байна

Хятадын бизнесмэн Луо Ёнхао нэртэй эрхэм өөрийнхөө дүрс, дуу хоолой бүхий AI аватар үүсгэж, Baidu цахим худалдааны платформ дээр 6 цаг лайв видеогоор сурталчилгаа хийлгэхэд өөрийнх нь хийдэг лайв видеоноос илүү буюу 7 сая долларын бараа зарсан тохиолдол гарчээ. AI ашиглан үүсгэсэн хоёр хөтлөгч(Луо болон AI ихэр нь) энэ хугацаанд 133 төрлийн бараа бүтээгдэхүүн сурталчилж, яг л хүний хийдэг үйлдэл, нүүрний хувирлуудыг үзүүлж, үзэгчдийн хариу үйлдэл, коммэнтуудад ямар нэгэн асуудалгүй хариулт өгч ажиллажээ. Энэхүү сурталчилгааны видео нь 13 сая хүнд хүрч, Луогийн өөрийнх нь лайв бичлэгийн амжилтыг эвдсэн аж.

Baidu платформын мэдээлснээр энэ нь анх удаа сурталчилгааны зорилгоор AI ашиглан, өөрийгөө “хувилсан” тохиолдол гэжээ. Одоогоор Хятадад онлайнаар лайв видео хийж, бараа бүтээгдэхүүн сурталчлах 946 тэрбум долларын том зах зээл дээр 100 мянга гаруй “цахим хүн” буюу AI, компьютер график ашиглан бүтээсэн аватарууд ажиллаж байгаа бөгөөд, чухам тэдний ачаар хөдөлмөрийн зардал 80% буурч, борлуулалт 62%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа гэнэ. Энэ нь юуг өгүүлж байна вэ гэхээр цаашид цахим орчин дахь борлуулалтын ажлыг AI аватар асуудалгүй амжуулж, бодит хүнээс илүү борлуулалт хийж, үзэгчдэд итгэл үнэмшил төрүүлж чадаж байна гэсэн үг юм. Энэ байдлаар яваандаа бодит хүмүүс лайв видео хийж, бараа бүтээгдэхүүн зардаг байдал улам хумигдах л янзтай.

🚀 Технологийн компаниуд

Автомашин үйлдвэрлэгч Honda компани сансрын өрсөлдөөнд хөл тавилаа

Японы автомашин үйлдвэрлэгч аваргуудын нэг болох Honda компани бартаат замын шинэ чиглэл сонгож авсан нь сансрын уудам орон зай болж таарав. Тус компанийн Судалгаа шинжилгээний хэлтсийн мэдээлснээр уржигдар буюу 6-р сарын 17-нд Японы хойд хэсэгт орших, сансар судлалын төв гэгддэг Таики хотноо олон дахин ашиглах боломжтой пуужинг амжилттай туршсан ажээ. Уг 6.3 метрийн урттай, 900 кг жинтэй пуужин нь 271 метр өндөрт хөөрч, 56.6 секунд ниссэнийхээ дараа пуужинд бэхэлсэн 4 хөл дээрээ газардсан ба буулгахаар товлосон цэгээс ердөө 37 см-ээр зөрсөн гэнэ. Өнөө үед пуужинг зөвхөн хөөргөх нь хангалтгүй болж, олон дахин ашиглах боломжтойгоор бүтээх нь амжилтад тооцогдож буй. Honda цаашид туршилтаа үргэлжлүүлсээр 2029 он гэхэд пуужингаа нам тойрог замд (LOE) хүргэх зорилт тавьж байгаа аж.

Тэд анх 2021 онд сансрын технологи хөгжүүлэхээр шийдсэнээ зарлаж, олон дахин ашиглах зориулалттай авсаархан пуужин бүтээнэ гэж мэдэгдсэнээсээ хойш энэ чиглэлээр тууштай ажилласаар энэ оны 4-р сард олон улсын сансрын станц(ISS)-ад электролизийн төхөөрөмж турших төлөвлөгөөгөө танилцуулж байв. Энэ систем нь хүчилтөрөгч, устөрөгч, эрчим хүч зэрэг амьдралыг тэтгэх орчин үүсгэх зориулалттай сэргээгдэх эрчим хүчний технологийн чиглэлээр хөгжүүлж байгаа бүтээгдэхүүн ажээ. Мөн энэ оны 5-р сард тэд Astroscale Japan Inc. компанитай хамтарч, хиймэл дагуулыг сансрын орчинд цэнэглэх технологи дээр хамтарна гэж мэдэгдсэн. Харин яг пуужингийн технологи, туршилтуудынхаа талаар олонд дэлгэж байгаагүй компани ийнхүү туршилт амжилттай болсноо зарласан нь гэнэтийн явдал байлаа. Honda нь сансрын технологи руу орж буй Японы автомашины цорын ганц компани биш бөгөөд Toyota ч мөн адил Таики хотноо байрлах компанитай хамтран сансрын хөлөг бүтээх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ ташрамд дурдахад, Японы засгийн газраас 2030 он гэхэд сансар судлал, сансрын технологийн салбарын эргэлтийг 8 триллион иен буюу 55.2 тэрбум долларт хүргэх амбицтай зорилт дэвшүүлсэн нь энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах компаниудын сонирхлыг өдөөж өгсөн нь дамжиггүй юм.

Microsoft болон OpenAI-н зөрчил улам хурцадсаар

Саяхан л AI технологийн халуурлыг хамтдаа эхлүүлж байсан хоёр компанийн харилцаанд ан цав үүсч эхэлсэн төдийгүй Wall Street Journal-д нийтлэгдсэнээс үзвэл тэдний хооронд томоохон зөрчил үүссэн бололтой. Тухайлбал, OpenAI-н захирлууд Microsoft компанийг өрсөлдөөнийг боомилсон бодлого явуулдаг төдийгүй, АНУ-ын холбогдох байгууллагын зүгээс OpenAI-г шударга өрсөлдөөний хууль зөрчсөн эрсдэлд оруулж болзошгүй байна гэж буруутгасан, мөн тэд өөрсдийн шинээр гаргах бүтээгдэхүүн үйлчилгээг аль болох Microsoft-н хяналтаас хол байлгаж, компаниа олон нийтийн ашгийн төлөө хэлбэрт шилжүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.

Харин Microsoft эсрэгээрээ OpenAI-д эзэмшдэг хувь хэмжээгээ улам нэмэгдүүлэхийг хүсч буй төдийгүй, тус компани өөрөө сэтгэн боддог хиймэл оюун бүтээсэн тохиолдолд Microsoft давуу эрхтэй ашиглах боломжийг шаардаад байгаа тул хоёр компани зөвшилцөлд хүрэх эсэх нь тун эргэлзээтэй болоод байна. Хэдийгээр цаагуураа асар их зөрчилдөөнтэй харилцаатай болж, чатбот, хэрэглээний програмууд дээрээ далдуур өрсөлдөх болсон ч хэвлэл мэдээллийнхэнд аль аль компани нь “яриа хэлэлцээ хэвийн үргэлжилж байгаа бөгөөд тохиролцоонд удахгүй хүрнэ гэж найдаж байна“ гэсэн мэдээлэл өгсөөр байгаа юм.

Netlfix дээр удахгүй телевизийн сувгууд үздэг болно

Ирэх жил буюу 2026 оноос эхлээд, Netflix-н Франц дахь үзэгчид тус улсын TF1 группийн мэдлийн телевизийн сувгуудыг үздэг болно гэж мэдэгдэв. Байгуулагдсан цагаасаа хойш on-demand контент чиглэлээр ажиллаж ирсэн тус платформын хувьд энэ нь үйл ажиллагааны томоохон өөрчлөлт юм. Магадгүй телевизийн сувгуудыг үзэгчдийн тоо жил ирэх тусам багасч, хэрэглэгчид лайв видео, шууд дамжуулалт илүүтэй сонирхох болсон нь Netflix-н энэ шийдвэрт нөлөөлсөн болов уу. Одоогоор ухаалаг зурагт ашигладаг хүмүүс Netflix-ээс гарч, зурагтаа үздэг бол удахгүй нэг апп дотроос үзэж харах бүх юмаа л хамтад нь үздэг болох нь.

Энэ өөрчлөлт нь дан ганц компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гэхээсээ илүүтэй streaming үйлчилгээний салбарт нэвтэрч буй шинэ трэнд ч байж мэдэх юм. Жил ирэх тусам үзэгчдээ алдаж буй телевизүүдэд ч энэ өөрчлөлт ашигтай төдийгүй, мэдээ мэдээлэл, спорт, шууд бичлэгүүдээ үзэнгээ хажуугаар нь кино контент үзэх сонирхолтой хэн бүхнийг үйлчилгээндээ хамруулна гэдэг утгаараа Netflix-т ч ашигтай байж таарна. Одоо харин Amazon, Walt Disney энэ тал дээр ямар шинэчлэл хийж, хэрэглэгчдэд юу санал болгох нь тун сонирхолтой байна.

⛓️‍💥 Нэг өгүүлбэрээр

Amazon компанийн ажилчдыг удахгүй AI орлоно гэв.

Google Drive доторх PDF файлыг Gemini автоматаар тоймлож, танилцуулна.

Meta компани OpenAI-н ажилтнуудыг өндөр цалин, урамшуулал амалж, хулгайлахыг оролдсон гэж захирал Сэм Олтмэн мэдэгдлээ.

Facebook дээрх бүх видео удахгүй Reels байдлаар нийтлэгдэнэ.

Adobe Firefly-г гар утаснаасаа ашиглаж болно.

Цахиурын хөндийн боссууд яагаад цэрэгт явах болов?

Google Gemini 2.5 AI моделийн тусламжтайгаар browser-аа автоматжуулах нь.

Финлянд улс дэлхийн хамгийн том элсэн батарейг ашиглаж эхлэх гэж байна.

Хятадууд MiniMax нэртэй ээлжит нэгэн хүчирхэг AI модель танилцуулав.

Tinder дээр одооноос эхлэн найзуудаараа хамтдаа хосоо хайдаг болно.

Сонирхуулахад:

Иран, Израиль улсуудын хоорондох зөрчилдөөн хурцадсаар буу шийдэм, бөмбөг пуужиндаа тулаад байгааг та бүхэн мэдсэн байх. Тэгвэл ойрын өдрүүдэд Ираны цөмийн байгууламжийг GBU 57 бөмбөгөөр устгах байх гэсэн таамаглал их хүчтэй яригдах болов. Хамгийн гол нь энэ бөмбөгийг зөвхөн B2 Spirit Stealth Bomber онгоцноос хаях боломжтой, энэ бөмбөгдөгчийг зөвхөн АНУ эзэмшдэг, сүүлийн хэд хоногт АНУ-ын Air Tanker planes буюу агаарт онгоцны шатахуун сумлагч онгоцууд олноороо Ойрхи Дорнодыг зорьж ниссэн зэргээс үзэхэд GBU57 бөмбөг ашиглах магадлал өссөн ч юм шиг. Энэ нь яг ямар учиртай бөмбөг болох талаарх сонирхолтой бичлэгийг энэ линкээр орж үзээрэй.