- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere Newsletter: Дугаар 43
Technosphere Newsletter: Дугаар 43
Технологийн салбарын шинэ мэдээллүүд
Өглөөний мэнд хүргэе!
Энэ өдөр түүхэнд.
1994-07-05: Энэ өдөр АНУ-ын Вашингтон мужийн Бэллэвью хотод амьдардаг, Принстоны их сургуулийн төгсөгч Жефф Безос гэдэг залуу өөрийнхөө байшингийн гараашид Кадабра нэртэй онлайн номын дэлгүүрээ нээж байсан нь өдгөөгийн онлайн худалдааны мангас корпораци болох Амазоны эхлэл байжээ. 1995 ондоо Амазон интернэт дэх дэлгүүрээ нээж, 1997 онд IPO хийж байв. Тэрнээс цааших нь түүх юм даа.
2000 оны энэ өдөр IBM корпораци DiskOnKey нэртэй зөөврийн санах ойн төхөөрөмж танилцуулж байсан нь анхны флаш санах ой байв. M-Systems компанийн хөгжүүлсэн энэ бүтээл 8 мегабайт санах ойн багтаамжийг хэрэглэгчдэд санал болгож байсан нь тухайн үеийн гол хэрэглээ болох 1,44 мегабайт багтаамжтай floppy disk(уян диск)-ээс хэд дахин өндөр багтаамж байлаа. Сонирхуулахад, 2003 оны хавар манай найзын аав нь Солонгосоос 64MB багтаамжтай, нэг үзүүртээ үзгэн балтай флаш диск явуулахад мань мэт нь анх түүнийг үзээд “эрүү мултарч“ байж билээ.
AI технологийн эргэн тойронд
Elevenlabs компани Reader нэртэй, AI технологи ашиглан, ном, текст, PDF файлыг сонсож болдог апп бүтээгээд байгаа. Одоогоор тус аппыг iOS хэрэглэгчид AppStore дээрээс татаж суулгах боломжтой бол Андройд хувилбар нь хараахан гараагүй тул энд дарж, хүлээлгийн жагсаалтад бүртүүлэх боломжтой юм. Одоогоор зөвхөн англи хэл дээр текст уншиж байгаа (Тун удахгүй 29 хэл дээр уншина гэсэн) уг апп дээр Iconic Voices нэртэй шинэ үйлдэл нэмэгджээ. Уг үйлдлийг идэвхижүүлснээр сонсогч(уншигч) маань Judy Garland, James Dean, Burt Reynolds тэргүүтэй Холливудын алдартнуудын хоолойгоор текстээ, номоо уншуулах боломжтой болох нь ээ. Elevenlabs компани дээр дурдсан болоод өөр бусад олон алдартнуудын дуу хоолойн бичлэгийн оюуны өмчлөлийг эзэмшдэг CMG Worldwide компанитай дуу хоолойн өгөгдлийг лицензээр ашиглах гэрээ хийж, өөрсдийн AI моделио уг өгөгдлөөр сургасан байна. Монгол хэл дээр энэ апп-ыг ойрын хэдэн жилдээ ашиглана гэсэн итгэл төрөхгүй байгаа ч сэтгэлд хоногшсон алдартай жүжигчдийн дуу хоолойгоор дипломын ажил, ажлын тайлангаа англи хэл дээр уншуулах ямар байх бол гэж төсөөлөгдөв. Мөн энд нэг анхаарах асуудал байгаа нь Voice over хийдэг уран бүтээлчдийн ирээдүй жоохон бүрхэг болчихов уу л гэж бодогдож байна. Уншигч танд санаа оноо төрсөн бол мэйлээр хариу илгээж болно шүү дээ.
Facebook, Instagram-н толгой компани Meta нэгэн сонирхолтой шинэ AI модель олонд танилцууллаа. Meta 3D Gen нэртэй энэ модель нь текст хэлбэрээр өгсөн командыг нэг минут хүрэхгүй хугацааны дотор өндөр нарийвчлалтай, 3 хэмжээст өгөгдөл болгон хувиргах чадвартай AI модель юм. Meta 3D Gen нь 3 хэмжээст обьект үүсгэх Meta 3D AssetGen модель болон үүсгэсэн обьектын гадаргууг сайжруулах Meta 3D TextureGen гэсэн хоёр үндсэн моделиос бүрддэг ажээ. Энэхүү шинэ AI модель нь хэрэглэгчийн өгч буй уран бүтээлийн урсгал чиглэл, тухайлсан материал зэрэг нарийн төвөгтэй ойлголтуудыг сайн ойлгож боловсруулан, одоо энэ салбарт хэрэглэгддэг программ хангамжуудаас 3-10 дахин өндөр хурдаар 3 хэмжээст обьект бүтээдэг гэдгээрээ давуу талтай юм. Үүнээс өмнө 3 хэмжээст график, хүүхэлдтэй, тоглоос бүтээх нь маш өндөр ур чадвар шаардсан, нарийн төвөгтэй үйл явц байсан бол одоо AI-н тусламжтайгаар видео тоглоом, VR график, бүтээгдэхүүний загвар зэрэг олон зүйлийг энгийн хэрэглэгч ч агшин зуур бүтээх боломжтой болох нь ээ.
Германы нэгэн кино найруулагчийн санаачлан бүтээсэн Cognify хэмээх маргаантай төслийн талаар мэдээлж байна. Яагаад маргаантай төсөл гэсэн бэ? Одоогийн дэлхийн бараг бүх улсад мөрдөгдөж байгаа хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорих ял эдлүүлэхээр тусгайлан тоноглосон байгууламжид олон сар жилээр хорьж шийтгэдэг. Энэ нь цаг хугацаа болон өртөг зардал ихтэй үйл явц боловч гэмтнийг гэсгээх, тэднийг гэм буруугаа ухамсарлуулах өөр илүү сайн арга олж чадалгүй өдий хүрсэн. Харин Германы кино найруулагч Хашем аль-Гали гэгчийн зохион бүтээсэн Cognify төсөл нь “ирээдүйн шорон” гэсэн нэрийг аль хэдийн аваад байгаа юм. AI технологийн тусламжтай pod буюу суудал/хэвтэр дээр гэмт хэрэгтнийг суулгаж, тархинд нь хиймэл дурсамж, санах ой суулгах замаар олон жилийн уртад суулгадаг засрал хүмүүжлийг хэдхэн минутанд олгож чадна гэж тэр үзжээ. Эрдэмтэд өмнө нь туршилтын хулганын тархинд хиймэл дурсамж амжилттай суулгаж туршсан тул хүний тархинд ч ийм зохиомол дурсамж суулгах боломжтой. Мөн далай нялцгай биет, дунгийн санах ойг нэгээс нөгөөд суулгаж байсан туршлагатай тул технологийн хувьд Cognify нь амжилт олох магадлал тун өндөр. Харин нөгөө талдаа хувь хүнд дурсамж суулгах явцад хувийн нарийн нандин нууцад нь нэвтрэх, энэ технологийг буруу замаар ашиглаж, хүмүүсийн тархинд хортой, сөрөг дурсамж бодлууд суулгах байдлаар буруугаар ашиглагдах вий гэсэн айдас ч бас олон хүнд төрөөд байна.
Технологийн компаниуд
SpaceX компани Флорида мужаас нэг жилд 120 удаагийн сансрын нислэг үйлдэхээр төлөвлөж байгаад өрсөлдөгчид нь сэтгэл дундуур байна. Тус компани NASA-н Кеннеди сансрын төвөөс жилд 44 удаа Starship хэмээх аварга хөлгийг сансарт хөөргөх, мөн Канаверал хошуун дахь Space Launch Complex-оос жилд 76 удаагийн нислэг хийхээр төлөвлөгөө гаргажээ. Тэр ч бүү хэл Илон Маск Starship хөлгийг зарим өдөр хэд хэдээр нь хөөргөх бодолтой байгаа бөгөөд дэлхийн нам тойрог зам болон түүнээс цааших сансрын уудамд олон тонн ачаа гаргахыг зорьж байгаа юм байна. Тэдний энэ төлөвлөгөөнд өрсөлдөгчид нь болох Blue Origin болон United Launch Alliance нар тун санаа зовинож байгаа бөгөөд ойр ойрхон давталттай ийм олон нислэг үйлдэх нь Кеннедийн сансрын төв болон Канаверал хошууны сансрын баазын дэд бүтэц, тоног төхөөрөмжүүдэд муугаар нөлөөлж, доголдол гэмтэл үүсгэхэд нөлөөлөх вий гэж болгоомжилж байгаа ажээ. Тухайлбал, Starship хэт нүсэр сансрын хөлөг учраас нэг удаагийн хөөргөх үйл ажиллагаа л бүтэлгүйтэхэд эргэн тойронд байрлах бусад хөөргөх талбай, талбайн дэд бүтэц, хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулах магадлалтай гэж тэд үзэж байгаа тул эрх бүхий байгууллагуудад хандахаар болсон гэжээ.
Өрсөлдөгчид болох Apple, Microsoft компаниуд OpenAI-н ТУЗ-н хурал дээр be like:
Apple компани OpenAI-тай Apple Intelligence дээр хамтран ажиллах болсноор OpenAI-н захирлуудын зөвлөлд Apple өөрийн төлөөлөгчийг ажиглагчаар суулгана гэнэ. Ажиглагчаар суух хүн нь Apple-н маркетингийн захирал асан, одоогийн AppStore-н ахлах Фил Шиллер гэдэг хүн юм байна. Хэрэв та Apple-н байнгын хэрэглэгч бол AppStore болон Apple эвентүүдийг хөтөлдөг гэдгээр нь түүнийг мэддэг байж магад. Bloomberg дээр бичсэнээр тэрээр зөвхөн ажиглагчийн үүрэг гүйцэтгэх учраас захирлуудын зөвлөлийн хуралд зөвхөн оролцож, сонсох л эрхтэй, аливаа нэг асуудлаар саналаа өгөх эрхгүй байх юм. Одоогоор OpenAI компанийн хамгийн том хөрөнгө оруулагч, технологийн дэд бүтцийн гол түнш Microsoft корпораци мөн OpenAI-н удирдах зөвлөлд өөрийн ажиглагчийг суулгадаг. Дээр дурдсанчлан, саналаа өгөх эрхгүй боловч ажиглагч нар нь компанийн амин чухал шийдвэрүүд, хэлэлцэгдэж буй асуудлуудын талаарх хамгийн ойрын мэдээллүүдийг түрүүлж авдаг гэсэн үг. Ийнхүү өрсөлдөгчид хүртэл хиймэл оюун ухааны технологиос болоод нэг компанийн ТУЗ-д суух өдөр ирдэг юм байжээ.
Цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэлийн салбарт Tesla ба бусад гэсэн ялгарал үүсдэг билээ. Tesla нь салбартаа томоохон тоглогч төдийгүй автомат жолоодлогын систем давхар санал болгодгоороо давуу талтай. Тэгвэл энэ салбарт аль аль чиглэлээрээ анхдагч гэж хэлж болох Toyota компани хүчийг үзэж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэд Хятадад байгуулсан хамтарсан хөрөнгө оруулалт бүхий GAC Toyota компаниараа дамжуулан, автомат жолоодлоготой цахилгаан автомашин үйлдвэрлэж, БНХАУ-ын зах зээлд нийлүүлж эхэлнэ гэнэ. GAC Toyota нь Toyota Motor болон Хятадын Guangzhou Automobile Group (GAC) компаниудын 50:50 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан компани юм. Ирэх жил танилцуулах Bozhi 3X нэртэй SUV ангиллын автомашин нь Toyota-ийн автомат жолоодлоготой анхны машин болох нь. Технологийн нийлүүлэгч нь Toyota-ийн хөрөнгө оруулалттай Momenta гэдэг автомат жолоодлого хөгжүүлэгч компани байх юм. Урьд нь GAC Toyota мөн Huawei компанитай bZ3X цахилгаан машины төсөл дээр хамтран ажиллаж байсан бөгөөд үүний тус компанийн анхны цахилгаан автомашин хэмээн 2022 оны 10-р сард танилцуулагдаж байсан билээ.
Нэг өгүүлбэрээр
Runway компанийн Gen-3 Alpha видео үүсгэгч модель түрүү сард нээлтээ хийсэн талаар бид мэдээлж байсан бол энэ удаад тэд бүх хэрэглэгч нартаа шинэ AI модель хэрэглэх эрхийг нь нээж өгчээ.
COVID19-өөс хойш АНУ-д технологи, IT-н салбарт өргөн хэмжээний цомхотгол явсан ч Японы компаниуд ажилтнуудаа ингэж олноор нь халж, цомхотгоогүйн шалтгаан юу байсныг эндээс уншаарай.
Google Pixel 9 гар утсанд сууж ирэх Google AI-н зураг, скрийншот олонд дэлгэгдэв.
Хятадын сансрын хөлөг үйлдвэрлэгч компани туршилтын үеэр санамсаргүйгээр сансрын хөлгөө агаарт нисгэж алджээ.
Илон Маскийн xAI компанийн бүтээл Grok 2 хувилбар 8-р сард нээлтээ хийнэ.
Сэльфигээ авч оруулаад, ярьдаг зураг болгодог вэбсайт туршиж үзнэ үү дээ?
Google Translate-д 110 шинэ хэл нэмэгдлээ.
Amazon компани ирэх 10 жилд хөрөнгө оруулалтынхаа чиглэлийг өөрчилж, AI технологийн дата төвүүдэд 100 тэрбум долларын хөрөнгө оруулна.
Apple компани 2026 оноос эхлээд Airpod чихэвчээ камертайгаар үйлдвэрлэж эхэлнэ гэнэ.
Манай энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Ирэх пүрэв гарагт Ардын хувьсгалын ойн баярын амралт таарах тул ээлжит дугаараа завсарлуулаад, 7-р сарын 18-ны дугаараар уулзацгаая. Та бүхэн сайхан амарч, сайхан наадаарай!