27 дахь дугаар

Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр

Өглөөний мэнд

Ээлжит дугаараараа уулзаж байгаадаа таатай байна. Бид долоо хоногийн эхний өдөр ОНДО Спейс ХХК-ийн хиймэл дагуултай холбоотой нэмэлт дугаар нийтэлснийг мэдсэн л биз дээ? Хэрэв уншиж амжаагүй бол энд дараад уншаарай.

Юуны өмнө AI-н талаар

Хиймэл оюун ухааны Anthropic компани энэ 7 хоногт Claude 3 нэртэй шинэ үеийн AI моделиудаа танилцуулав. Claude 3 нь дотроо Opus, Sonnet, болон Haiku гэсэн 3 өөр түвшний хүчин чадалтай, өөр өөр үнэтэй хувилбаруудтай бөгөөд эдгээрээс хамгийн “овгор” нь болох Opus модель нь олон шалгуураар, тухайлбал, мэргэжлийн нарийн салбаруудын мэдлэг, юмс үзэгдлийн учир шалтгаант холбоосыг олох чадвар, кодчилол, математикийн ур чадваруудаараа өнөө цагийн манлайлагчид болох GPT-4 болон Gemini Ultra-г давж гарсан байна шүү. Тэгэхээр албан ёсны benchmark-уудыг үндэслээд хэлэхэд яг одоогоор хамгийн хүчирхэг AI модель нь Claude болж таарах гээд байх шиг. Мөн GPT 4V-тэй эн зэрэгцэхүйц vision чадвартай болсон гэж компани мэдээлэлдээ дурджээ. Хэдийгээ дотроо 3 өөр хувилбартай гэж дээр дурдсан ч бүгд 200 мянган токен боловсруулах боломжтой байх юм. Үнийн хувьд гэвэл яг шууд төдөн доллар гэхээсээ илүү нэг сая токен боловсруулалтаар нь хэмжсэн үнийн жагсаалт гаргасан байгаатай та бүхэн эндээс танилцаарай.

Энэтхэгийн эрх баригчид урьд нь AI технологийн салбарт ямар нэг төрийн зохицуулалт хийхгүй гэсэн байр суурь баримталдаг байсан ч энэ 7 хоногт тус улсын Мэдээлэл технологийн яамнаас гаргасан зөвлөмжид дурдсанаар шинээр AI модель боловсруулж, launch хийж байгаа компаниуд эхлээд засгийн газраар хянуулж, зөвшөөрөл авч байх шаардлагатай гэжээ. Зөвлөмж нь эрх зүйн акт биш тул одоогоор дагаж мөрдөх албагүй ч гэлээ ерөнхийдөө энэ үйлдэл нь AI-н талаар баримтлах Энэтхэгийн төрийн бодлого чиглэл өөрчлөгдөж буйн дохио болж байх шиг байна. Ялангуяа технологийн компаниуд, AI салбарын мэргэжилтнүүдэд энэ нь гэнэтийн, цочир шийдвэр болж, IT компанийн захирлуудын зүгээс дээрх шийдвэр нь Энэтхэг улсын AI салбарт өрсөлдөх чадварыг бууруулж болзошгүй гэж санаа зовинож байгаагаа илэрхийлсэн. Харин Мэдээлэл технологийн яам дээрх шийдвэрээ тайлбарлахдаа “элдэв өрөөсгөл хандлага, ялгаварлан гадуурхах явдал, сонгогчдод нөлөөлж болзошгүй таагүй үр дагаврууд“ гарахаас сэргийлэх зорилготой гэжээ. Ямартай ч дэлхий нийтээрээ AI-г хянаж, зохицуулж байх чиг хандлага руу эргэчих шиг боллоо доо.

ChatGPT-д нэг шинэ функц нэмэгджээ. OpenAI компани одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч тодорхой тооны хэрэглэгчдийн Mobile болон Web дээрх ChatGPT дотор ‘Read Aloud‘ буюу текстийг дуу хоолойгоор уншуулах боломж нэмэгдсэн байх юм. Бичүүлж авсан хариултаа энэ үйлдлийг ашиглаж уншуулах ба бидний эчнээ танилууд болох Ember, Breeze, Cove, Juniper, Sky гэсэн хоолойн өнгөнүүдээс аль нэгийг нь хэрэглэгч сонгох юм байна. Одоогоор цөөн хэрэглэгчдийн хүрээнд эргэлдэж байгаа энэ шинэ үйлдэл амжилттай туршигдаж дуусвал, компаниас мэдээлэл хийж, бүх хэрэглэгчид ашиглахад нээлттэй болох нь дамжиггүй. Өмнө нь хэрэглэгчид дуу хоолойгоороо команд өгсөн ч хариулт нь заавал текстээр гардаг байсан бол одоо дан дуу хоолойгоороо харилцаад явахад асуудалгүй болох нь. Энэ бол хүртээмж, inclusion талаасаа чухал ач холбогдолтой нэмэлт болж байгаа нь гарцаагүй. Ер нь тэгээд нөгөө алдартай “Her“ гэдэг кино маань бодит амьдрал дээр хэрэгжээд эхэлчихлээ шүү.

Технологийн компаниуд

Энэ мэдээг AI бүлэг рүүгээ оруулъюу гэснээ компаниудын асуудалд илүү хамаарах юм уу гэж бодлоо. Тэрбумтан Илон Маск цаана чинь OpenAI компани болон захирал Сэм Олтмэнийг нь шүүхэд өгчихлөө. Шалтгаан нь анх ашгийн бус, хүн төрөлхтөний сайн сайхны тусын тулд гэж дүрмэндээ тусган байгуулагдаж байсан OpenAI одоо ашиг хөөж, хиймэл оюун ухааны моделио хаалттай нууц байдлаар хөгжүүлж байгаа асуудал гэжээ. Хэрэв та бүхэн санаж байгаа бол анх OpenAI-г үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг нь Илон Маск өөрөө бөгөөд нэг их удалгүй компанийг орхиж явсан байдаг. Маск гаргасан гомдолдоо OpenAI компанийг эргээд анхны чиг шугамандаа төвлөрч, нээлттэй, ил тод AGI(Artificial General Intelligence) хөгжүүлэх ажилдаа эргэж ороосой гэж хүсч байна гэж. Мөн дотооддоо 7-8 учир битүүлэг охин компани байгуулсан шалтгаан, тэдгээрийн үйл ажиллагааг ч олон нийтэд ил болгох шаардлага тавьсан бөгөөд шүүх энэ асуудлыг одоогоор хэрхэн шийдэх нь тодорхойгүй байна. Ямартай ч шүүхээс энэ асуудлыг хэлэлцэхээр шийдэж, процесс эхэлбэл бид өнгөрсөн намрын Сэм Олтмэн, Илья Суцкевер нарын зөрчилдөөн болон хэсэг шуугиан тарьсан Q хүчин зүйл гэх мэт өөр олон асуудлын талаар мэдээлэлтэй болно байх гэж итгэж байна.

Технологийн компаниуд түрүүчээсээ AI гар утас, ухаалаг төхөөрөмжүүд гаргаад эхэлсэн. Тэгвэл Microsoft удахгүй анхны AI PC гаргах бололтой. Тэд 3-р сарын 21-нд Surface Pro 10 таблет болон Surface Laptop 6 зөөврийн компьютерээ олон нийтэд танилцуулна гэсэн яриа яваад байгаа. Эдгээр төхөөрөмжүүд нь AI ажиллуулах чадвартай neural processing units (NPUs) бүхий Intel Core Ultra юм уу, эсвэл Qualcomm Snapdragon X Elite чиптэй гарах өндөр магадлалтай бөгөөд хүчин чадлаараа iPad Pro, MacBook Pro-той эн зэрэгцэхүйц байна байх гэж олон хүн таамаглаж байгаа гэнэ. Компьютер AI чадвартай болсноор яг ямар давуу тал үүсэх вэ гэсэн асуулт аяндаа гарч ирж байгаа байх. Тэгвэл дээрх компьютерүүдэд суусан AI нь шууд явж байгаа бичлэг буюу видеоны ярианаас текст үүсгэх, орчуулга хийх болон AI интернэт хөтөч/browser байна гэвэл ямар вэ? Гэх мэтчилэн таамаг л дэвшүүлэхээс өөр тодорхой мэдээлэл одоохондоо гараагүй байна. Намар гарах Windows 11-ийн 24H2 шинэчлэлд AI-тай холбоотой нэмэлтүүд суусан ирнэ гэж зарим экспертүүд бичиж байгаа юм.

Өнгөрсөн мягмар гарагийн шөнө Facebook, Instagram, Threads гээд Meta компанийн мэдлийн бүх сошиал платформууд таг болж, олныг цочирдуулав. Meta үүнийг техникийн асуудал гэж тайлбарласан бөгөөд 2 цаг орчмын дараа бүх зүйл хэвийн болжээ. Гэвч сүлжэээ эргэн сэргэсний дараа олон мянган хэрэглэгчид өөрийн аккаунтаасаа гарсан (logged out) байдалтай байгаагаа олж мэдсэн байна. Ингээд бүгд ахиад нууц үгээ оруулж, эсвэл Authenticator апп дээрээсээ код авч, эргэн нэвтэрсэн байх. Down Detector нэртэй интернэт хяналтын үйлчилгээнээс доорх зурган мэдээллийг гаргасан билээ. Хамгийн хачирхалтай нь Meta компани энэ саатлын талаар одоог болтол албан ёсны тайлбар хийгээгүй байгаа явдал юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол хэдхэн жилийн өмнө ФБ ингэж гацахад маш олон сая хэрэглэгч хаакдуулсан байж билээ. Өөрийнхөө хаягийг үзэж байхад View as…. гэсэн сонголт нтр гарч ирээд.

Нэг өгүүлбэрээр:

Minimax нэртэй AI судалгааны компанид Alibaba хөрөнгө оруулж байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам дайн тулааны зөвлөхөөр AI чатбот туршиж үзлээ.

Твиттерийн экс CEO болон CFO нар Элон Маскийг ажилгүйдлийн тэтгэмжийн асуудлаар шүүхэд өгөв.

FB Messenger-ийн нэгэн адил Instagram DM мессеж явуулснаас хойш 15 минутын дотор мессежээ засч болдог боллоо.

АНУ-ын Калифорни муж Waymo компанид өгсөн автомат жолоодлоготой таксины үйлчилгээгээ өргөтгөхийг зөвшөөрөв.

Rivian R2-н талаарх мэдээллүүд leaked болжээ.

Шинэ MacBook-үүд гарсан гэнэ.

Google компанийн үүсгэн байгуулагчдын нэг нь Gemini AI моделийн зураг үүсгэх функц маш том фэйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

That’s all for today. Цаг гарган уншсанд их баярлалаа.