Technosphere товхимол: Дугаар 51

Технологийн мэдээллийн 7 хоног тутмын newsletter

AI технологийн салбарт

Манай товхимлын 25 дахь дугаарт нэр дурдагдаж байсан, LPU (language processing unit) төрлийн чип үйлдвэрлэгч стартап болох Groq компани нь Саудын Арабын газрын тосны магнат болох Aramco компанитай хамтран, дэлхийн хамгийн том AI inferencing төв барихаар шийдсэн гэнэ. AI training нь их хэмжээний өгөгдөл ашиглан, тодорхой алгоритм дарааллын дагуу компьютерийг сургаж, зүй тогтол таних, таамаг дэвшүүлэх, тухайлсан нэг даалгаврыг гүйцэтгэхэд сургадаг бол AI inferencing гэдэг нь нэгэнт сургагдсан AI моделийг ашиглан, өөр шинэ өгөгдлүүд дээр шинжилгээ хийх, таамаг дэвшүүлэх, бодит хэрэглээнд нэвтүүлэх үйл явцыг нэрлэдэг. Дээр дурдсан AI inferencing center нь эхний ээлжинд 19000 ширхэг LPU процессортой үйл ажиллагаагаа эхэлж, яваандаа 200 000 ширхэг энэ төрлийн процессор бүхий дэлхийн хамгийн том AI inferencing center болох зорилготой аж. Aramco компани энэ төвд зориулан, 9 оронтой тоо буюу тэрбумаар хэмжигдэх долларын хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд Саудын Арабын хамгийн том давуу тал болох хямд эрчим хүч, өргөн уудам газар нутаг, өндөр хурдны шилэн кабель зэрэгт түшиглэн, хүчирхэг өгөгдөл боловсруулах байгуулах нь ээ. Groq компани 2024 оны сүүлч гэхэд энэ төв ашиглалтанд орно гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд ийм хэмжээний AI судалгаа, хөгжүүлэлтийн төв баригдаж байгаа нь Саудын Араб улс хиймэл оюун ухааны тэргүүлэгч АНУ, Хятад улсуудаас төдийлөн хоцрохгүй байх амбиц тээж яваагийн нэг илрэл юм.

Францын AI технологийн Mistral компани анхны multimodal буюу текст, зурагтай ажиллах чадвартай, 12 тэрбум параметр бүхий Pixtral модель гаргаж байгаагаа зарлав. Энэхүү моделийг Apache 2.0 лицензийн доор үнэгүй татаж ашиглах боломжтой гэнэ. Pixtral 12B нь Mistral компанийн текстэд зориулсан Nemo 12B модель дээр суурилан зохион бүтээгдсэн бөгөөд 24 гигабайт зай эзэлдэг аж. Энэхүү модель нь multimodal хэлбэртэй болж шинэчлэгдсэнээр зурган мэдээллийг ойлгож, таних, зураг дээрх мэдээллүүдтэй холбоотой асуултад хариулах зэрэг чадвартай байх болно. Энэ моделийг GitHub болон HuggingFace дээрээс татаж авах боломжтой. Mistral компани нь энэхүү ухаалаг AI моделио Le Chat болон Le Plateforme зэрэг үйлчилгээнд удахгүй холбохоор ажиллаж байгаа ажээ.

Хүүхдүүд ихэнх тохиолдолд 5-6 насандаа гутлаа өөрөө үдэж сурдаг бол роботууд энэ үйлдлийг сурах гэж хэдэн арван жил оролдож байгаа билээ. Харин Google DeepMind компанийн судлаачдын саяхан нийтэлсэн нэгэн судалгаанаас үзвэл тэд роботуудад зарим нэг үйлдэл хийхийг зааж туршсан бөгөөд эдгээр үйлдлүүдэд гутал үдэх, цамц өлгөх, бусад роботуудаа засах болон хийж сурсан үйлдлээ бусад роботууддаа зааж өгөх чадварыг суулгах/заах боломжтой болсон гэжээ. DeepMind компани нь ALOHA Unleashed нэртэй сургалтын платформ, DemoStart нэртэй програм хангамж ашиглан, роботууд хүний хийж байгаа үйлдлийг дагаж сурах нөхцлийг бүрдүүлээд байгаа юм. Эхний ээлжинд тэд хүний үйлдлийг хараад, дагаж дуурайх бололцоотой робот зохион бүтээх зорилготой байгаа бөгөөд амжилттай туршиж үзвэл, эдгээр роботуудыг асаргаа сувилгааны үйл ажиллагаанд ашиглах, туршин сайжруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Технологийн компаниуд

Илон Маскийн үүсгэн байгуулж, удирддаг Neuralink компани энэ 7 хоногт нэгэн сонирхолтой мэдээлэл хийсэн нь тус компанийн зохион бүтээсэн нүдний харааг орлох нэгэн төхөөрөмж АНУ-ын FDA (Food and Drug Administration) байгууллагаас шинэ технологийн ололт төрлийн зөвшөөрөл авсан гэжээ. АНУ-ын FDA байгууллага нь энэ төрлийн гэрчилгээг хүнд ноцтой өвчлөлийг эмчлэх буюу оношлох боломж бүхий шинэ технологид олгодог ба Blindsight нэртэй туршилтын энэ төхөөрөмж нь хоёр нүдгүй болсон болон оптик мэдрэл нь ажиллахаа больсон хүмүүст “хараа оруулах” зорилготой юм. Сэтгүүлчид энэ төхөөрөмжийн талаар мэдээлэл авахаар холбогдсон ч Neuralink, FDA байгууллагууд аль аль нь хариу өгч, тайлбар хийгээгүй байгаа юм байна. 2016 онд байгуулагдсан Neuralink компани нь хүний тархинд суулгадаг чип, түүний тусламжтайгаар бүтэн бие нь болон хагас саажилттай иргэд, тархиараа хиймэл эд эрхтэн, эсвэл тоног төхөөрөмж удирдах боломжийг судалж, хөгжүүлдэг билээ. Тэгвэл энэ удаа тэд хүлээн авагч, мэдрэгчийн тусламжтайгаар дүрсийг тархинд хөрвүүлж кодлох боломж бүхий төхөөрөмж зохион бүтээгээд байгаа нь энэ юм.

TikTok-н толгой компани ByteDance нь Тайванийн чип үйлдвэрлэгч TSMC-тэй хамтран, өөрийн гэсэн AI технологийн чип үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэнэ. Тус компани өнгөрсөн 8-р сард Doubao нэртэй AI чатбот гаргасан бөгөөд Хятадын ChatGPT гэгдэх Baidu компанийн Ernie Bot-ын хүчтэй өрсөлдөгч юм. Олон улсад саяхан танигдаж байгаа ч Doubao нь өнгөрсөн жил Хятадад Ernie Bot-оос олон хэрэглэгчтэй болж, iOS үйлдлийн систем дэх хэрэглэгчдийн тоогоороо Ernie Bot-оос давж гарчээ. Ийнхүү өөрийн гэсэн AI модел ажиллуулах болсноор ByteDance компанид AI технологийн чип худалдан авах хэрэгцээ гарч, тэд Nvidia компанид 200000 ширхэг Н20 чипний захиалга өгсөн ч гүйцэд биелээгүй, одоо 2 тэрбум долларын захиалгын үлдэгдэлтэй байгаа гэнэ. Ташрамд дурдахад АНУ-ын худалдаа, экспортын хоригт ороогүй цөөн AI чипний нэг нь Nvidia H20 загвар аж. Ийнхүү технологийн цаашдын хөгжүүлэлт, сайжруулалт нь Nvidia-аас хэт хамааралтай байгаа тул ByteDance өөрийн гэсэн AI чипийг TSMC-тэй хамтарч хөгжүүлэхээр шийдсэн бололтой. Мөн Baidu компанийн зохион бүтээсэн Kunlun 3 AI чипийг ч гэсэн TSMC үйлдвэрлэх нь тодорхой болоод байгаа юм.

AI технологийн салбарт тэргүүлэгч гэж хэлж болох OpenAI компани ирэх жилээс ашгийн төлөө аж ахуйн нэгж болж өөрчлөгдөнө гэжээ. Компанийн захирал Сэм Олтмэн энэ мэдээллийг компанийн 7 хоног тутмын хурал дээр мэдэгдсэн боловч яг ямар төлөвлөгөөтэй, ямар үе шаттайгаар ашгийн төлөө компани болох гэж байгаа талаараа мэдээлэл өгөөгүй байна. Анх 2015 онд ашгийн бус байгууллага болон үүсгэн байгуулагдаж байсан OpenAI нь нийтдээ хандив тусламжаар 130.5 сая доллар босгож чадсан ч цаашид AI технологийн төв ажиллуулах, AI модель суурилан ажилладаг олон тооны чипийг тэжээх, мөн энэ технологийн салбарын өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийг татахад байгууллагын төсөв мөнгө нь яагаад ч хүрэлцэхгүй болсон учир тэд ашгийн төлөө салбар байгуулж, түүгээрээ дамжуулан Microsoft зэрэг том компаниудаас хөрөнгө оруулалт татаж эхэлсэн байдаг. Мөн 2023 онд ChatGPT төлбөртэй хувилбараас ахиухан орлого олсон тул яах аргагүй ашгийн төлөө компани болж, хөрөнгө оруулагчиддаа өгөөжөө өгөх шаардлага үүсээд байгаа юм.

Нэг өгүүлбэрээр

SpaceX Polaris Dawn нислэгийн баг эх дэлхийдээ амжилттай эргэн ирлээ.

OpenAI компани төлбөртэй үйлчилгээг нь ашигладаг 11 сая хэрэглэгчтэй болжээ.

Star Wars цувралын Darth Vader-т дуу оруулсан жүжигчин Жэймс Ээрл Жоунс нас барахаасаа өмнө өөрийнх нь дуу хоолойг Оддын дайны дараа дараагийн ангиудад AI ашиглан, хуулбарлан ашиглахыг зөвшөөрчээ.

United Airlines компанийн нисэх онгоцуудад үнэгүй ашиглах боломжтой Starlink интернэт тавигдлаа.

ХДХВ-ээс сэргийлэх тариа хийлгэх нь ямар үнэтэй вэ?

NASA агентлаг Сарны цагийн бүсийн хуваарийг зохиож байгаа гэнэ.

Гуравдугаар үеийн Text-to-video төрлийн AI моделийг туршиж үзмээр байна уу?

Microsoft компани Xbox тоглоом зохион бүтээх, хөгжүүлэх хэлтсээсээ 650 хүнийг халж, цомхотгол хийжээ.

51 дэх дугаарыг маань энэ хүртэл уншсанд баярлалаа. Өнөөдрөөс эхлээд хүйтэрч байгаа тул дулаан хувцаслаж, гарч орж байхыг зөвлөж байна.